Энэтхэгийн Шинэ Дели хотод зохион байгуулж буй пара гар барилдааны 28 дахь удаагийн ДАШТ-д манай улсын баг оролцож, 65 орны тамирчидтай хүч сорьж байна. Маргааш өндөрлөх тус тэмцээнд эрэгтэйчүүдээс 55 кг-ын жинд “Omega аrmwrestling сlub”-ийн тамирчин М.Төгсболд хүрэл медаль хүртэв. Дэлхийн тэмцээний талбарт анх удаа томоохон амжилт гаргаж буй тэрбээр пара гар барилдааны УАШТ-д түрүүлж, шигшээ багийн бүрэлдэхүүнд багтжээ. Гар барилдааны спорт нь булчингийн хүчээс гадна барьц, өнцөг, тэсвэр хатуужил, довтолгооны техникт суурилдаг тул дасгалжуулагч нь бусад орны тамирчдын арга барил, онцлогийг багагүй судалж, тактикийг нь тусгайлан боловсруулсан юм. Тэрбээр мэргэжлийн багш нарын удирдлагад техникийн болон хүчний сургуулилалт хийхээс гадна бие, сэтгэл зүйн бэлтгэлийг ч бас давхар базаасан аж. Түүний жинд өрсөлдсөн шилдгүүдээс ОХУ-ын тамирчид алт, мөнгөн медаль гарджээ.
Эмэгтэйчүүдээс Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын харьяат Н.Болортуяа насанд хүрэгчдийн ангилалд мөн хүрэл медалийн буухиаг үргэлжлүүлж, Монголын гар барилдааны спортод нэгэн шинэ хуудас нээв. Түүний ялалт олон улсын тавцанд эх орноо төлөөлж өрсөлдөх залууст урам өгсөн байна. Дотоодын тэмцээнд тогтмол дээгүүр байр эзэлдэг тэрбээр ийн дэлхийн медальтнаар тодорч, монгол эмэгтэй тамирчдын ур чадвар, бэлтгэлийн түвшинг олон улсын хэмжээнд хүрснийг харуулав.