Өмнөд хөршийн Шинтай хотод эхэлсэн даамын өсвөр, залуучуудын ДАШТ-ий залуучуудын ангилалд оролцож буй манай тамирчдаас Дэлхийн даамын холбооны мастер Э.Даариймаа зургаа хожиж, хоёр тэнцэн нийт 14 оноо авсан амжилтаар үндсэн төрлийн тэмцээн өндөрлөхөөс нэг өргийн өмнө аваргалах болзлоо хангажээ. “Алтан хүү” клубийн дасгалжуулагч, олон улсын их мастер Р.Манлай, спортын мастер Ц.Алтанхуяг нарын удирдлагад бэлтгэлээ базаадаг тэрбээр Монголын даамчдаас өсвөр үе, залуучуудын ангилалд тус бүр дэлхийн аварга цолыг хүртсэн анхны эмэгтэй тоглогч болов. Тэрбээр Дэлхийн даамын холбооны журам ёсоор тус тэмцээнд гаргасан амжилтаараа Олон улсын мастер цолны болзол хангав. Тус тэмцээний найм хүртэлх насны охидын ангилалд “Элит” клубийн тоглогч О.Гэгээ хүрэл медаль авсан юм. Түүний хувьд өнгөрсөн жил Туркийн Анталья хотод болсон 100 буудалт даамын ДАШТ-ий блиц төрөлд мөн хүрэл медаль хүртэж байв. Тэмцээний үндсэн төрлийн тоглолт өнөөдөр өндөрлөж, медалийн эзэд тодорно.