МУИС болон АНУ-ын Колумбын их сургуулийн уур амьсгал, ойн судалгааны мэргэжлийн багийнхан Хэнтийн нуруунаас эх аван урсдаг Хэрлэн голын сав газрын өнгөрсөн 378 жилийн урсцын судалгааг хийж, эрдэм шинжилгээний өгүүллээ олон улсад хэвлүүлээд байна. Тэд олон жилийн турш хээрийн ажиглалт, усны хэмжилт, лабораторийн шинжилгээ хийсэн бөгөөд судалгааны үр дүнд голын сав газрын дагуу ургасан хөгшин моддын цагаригт уур амьсгал, чийгшил чухал үүрэг гүйцэтгэснийг онцолжээ. Тодруулбал, хамтарсан багийнхан сав газрын модны цагаригийн мэдээлэлд тулгуурлан голын 1630-2007 он хүртэлх урсцыг сэргээн тооцсон аж. Судалгааны дүгнэлтээр Хэрлэн байгалийн урсгалын тогтолцоогоо харьцангуй сайн хадгалсан голын нэгт зүй ёсоор орж буй гэнэ. Учир нь 1723-1739 он хүртэл үргэлжилсэн их ган гачиг, 1768-1778 онд тохиосон хуурайшилтын үед ч голын ус элбэг байжээ. Улмаар XX зуунд буюу 1907-1912, 1933-1942, 1958-1968 онд Хэрлэн эргээ даван үерлэж, их устай жилүүд тохиосон байна.
Харин 2007 оны онцгой хуурайшилтын жилд доод хэсгээрээ буюу Хятадын нутагт 200 орчим хоног тасарчээ. Гол нийт 1264 км урттай. Үүний 1090 нь буюу 86 орчим хувь нь манай орноор урсаж, БНХАУ-ын Өвөр Монголын нутгаар дамжин Хөлөн нуурт цутгадаг. 200 хоног тасарсан энэхүү хуурайшилтын жилд Хөлөн нуурт хүрсэн Хэрлэнгийн жилийн нийт урсац ердөө 38 сая шоо метр болтлоо буурсныг судлаачид тэмдэглэжээ. Голын олон жилийн дундаж урсац 648 сая шоо метр бөгөөд Монгол, Хятадын хилд хүрэхэд энэ нь 530 сая болж буурдаг аж. Судлаачид эдгээр мэдээлэлд үндэслэн сүүлийн үеийн хуурайшилт, голын усны нөөцийг хэдхэн арван жилийн хэмжилтээр бус, олон зууны хэлбэлзлийн хүрээнд авч үзэх шаардлагатай гэж дүгнэжээ. Хэрлэнгийн урсцын сэргээн тооцооллын өгөгдлийг эдүгээ АНУ-ын Далай, агаар мандлын үндэсний захиргааны харьяа Үндэсний байгаль орчны мэдээллийн төвийн палеоклиматологийн санд нээлттэй хадгалж байна.
О.Ундрах