Цөмийн технологийг эрүүл мэнд, судалгаа шинжилгээ, хил, гаалийн аюулгүйн үзлэг, геологи хайгуул болон аж үйлдвэрийн салбарт өргөнөөр хэрэглэх болсонтой холбогдуулан цацрагийн үүсгүүр ашиглагч байгууллагын тоо улам өсөж буй аж. Тиймээс Ашигт малтмал, газрын тосны газар (АМГТГ)-аас цацрагийн аюулгүй ажиллагааг хангуулах, болзошгүй эрсдэлээс сэргийлэх, төрийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор цацрагийн хяналттай холбоотой дараах таван үйлчилгээг E-Business.mn системд нэвтрүүлснийг өчигдөр танилцууллаа. Үүнд цацрагийн үүсгүүр хүлээн авсан, шилжүүлсэн, хяналтын ажилтан солигдсон гэсэн мэдээллийг багтаах аж. Мөн аюулгүй ажиллагааны дүрмыг батлуулахаас гадна цацрагийн үүсгүүрийн ашиглалтын бүртгэл, жилийн эцсийн тооллогын дүн, дотоод хяналтын тайланг байршуулна гэжээ. Эдгээр үйлчилгээ, бүртгэлийг цахимжуулснаар аж ахуйн нэгж, байгууллагууд цаг хугацаа, орон зайнаас үл хамааран гар утас, бусад төхөөрөмжөөр төрийн үйлчилгээг шуурхай авах, хүсэлт, мэдэгдэл, тайлангаа хүргүүлэх боломж бүрдсэн байна. Улсын хэмжээнд одоогоор цацрагийн үүсгүүр ашиглагч 521 байгууллага бийг АМГТГ-аас мэдээллээ.
С.Дулам