Монголын шашин, соёл, бичиг үсгийн түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулсан Анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсэн их дүйчэн өдөр өчигдөр тохиолоо. Энэ өдрийг тохиолдуулан төрт ёс, үндэсний тусгаар тогтнол, соёлын үнэт өвийн нэг болох соёмбо үсгийг зохиосны 340 жилийн ойд зориулсан “Өндөр гэгээний үсгийн урлал: Соёмбо үсгийн судлалд” эрдэм шинжилгээний хурал, үзэсгэлэнг Зүүн Хүрээ Дашчойлин хийдэд зохион байгуулав. Тус арга хэмжээ нь соёмбо үсгийн түүх, уламжлалыг нийтэд таниулахын зэрэгцээ судалгааг гүнзгийрүүлж, үндэсний бичиг соёлын өвийг хойч үеийнхэндээ өвлүүлэх зорилготой юм.
Эрдэм шинжилгээний хурлын үеэр судлаачид соёмбо үсгийн үүсэл, хөгжил, уламжлал, бэлгэдэл болон судалгааны өнөөгийн чиг хандлагын талаар 10 гаруй илтгэл хэлэлцүүлжээ. Тухайлбал, “Өндөр гэгээний үсгийн урлал: Соёмбо үсэг” үндсэн илтгэлээс гадна “Монголын утга соёлд Анхдугаар Богдын дүрийг бүтээсэн туршлага”, “Соёмбо тэмдгийн бэлгэдлийг тэжээхүй ухааны онолоор тайлбарлах нь”, “Соёмбо үсгээр бичсэн Өндөр гэгээн Занабазар хутагтын буман зарлиг”, “Хүрээ Майдар бурхны амин мод ба бичээсний тухай” зэрэг сэдэвт судалгааны үр дүнгээ танилцуулсан юм. Түүнчлэн Өндөр гэгээний намтар, үйл хэрэг, соёмбо үсгийн зөв бичих зүй, төвөд болон жагар хэлээр бичсэн зохиол, сударт уг үсэгтэй холбоотой баримт, тайлбарыг хэрхэн тусгасныг хөндлөө.
Мөн энэ үеэр 17 уран бүтээлчийн “Номт улс оршихуй” хамтарсан үзэсгэлэнг дэлгэсэн бөгөөд ирэх арванхоёрдугаар сарын 29-нийг хүртэл олны хүртээл болгох аж. Үүний хүрээнд Өндөр гэгээн Занабазарын дүр бүхий танка зураг, судар зэрэг өмнө нь нийтэд дэлгэж байгаагүй 100 гаруй ховор нандин үзмэрийг толилуулсан байна.
У.Цэцэг