Английн зохиолч Жорж Орвеллийн “Амьтны ферм” туужийг манай сонины орчуулагч О.Тогоохүү агсан хэдэн жилийн өмнө эх хэлнээ хөрвүүлэн олны хүртээл болгосон юм. Туужийн “Бүх амьтан тэгш эрхтэй. Тэдний дундаас гахай илүү эрхтэй” хэмээх өгүүлбэр нь өнөөгийн Монголын нийгмийн байдалд яг тохирсон мэт. Ард түмний элч төлөөлөгч болж, тэдний эрх ашгийн төлөө хууль тогтоох дээд байгууллагад сонгогдсон, жагсаалтад багтсан УИХ-ын гишүүд иргэдээсээ илүү эрх эдэлж, бусдаас давуу байдал хүртэх болсон. Тиймдээ ч холбогдсон дуулиан, тарьсан хэрэг, зөрчил нь шийдэгддэггүй, Монголд дабл стандарт үйлчилж, иргэд түүнд нь унтууцан, зарим нь эсэргүүцлээ элдвээр илэрхийлсээр удлаа.
“Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ” гэдэг. Хууль тогтоогчид 1992 оноос эхлээд Үндсэн хуульд нийцүүлж байна хэмээн өөрсдөдөө зориулж хуулийн заалт оруулах болсон. УИХ-ын гишүүд өөрсдийнхөө, хамаарал бүхий хүмүүсийнхээ эрх ашигт нийцүүлж хууль баталдаггүй байсан бол өнөөдөр дабл стандарт Монголд хавтгайрахгүй. Хууль хэрэгжүүлэгчид УИХ-ын гишүүдийн өөрсдөдөө ашигтай байхаар баталсан эрх зүйн баримт бичгийг энгийн иргэддээ хатуу тулгадаг нь ард түмний эгдүүцлийг төрүүлсээр байна.
ҮНДСЭН ХУУЛИЙН ЗААЛТЫГ ӨӨРСДӨДӨӨ АШИГТАЙГААР ЭРГҮҮЛСЭН НЬ
“Бүх амьтан тэгш эрхтэй. Тэдний дундаас гахай илүү эрхтэй” байгааг олж харсан хуульч залуус Үндсэн хуулийн цэцэд 2024 оны наймдугаар сарын 1-нд мэдээлэл хүргүүлжээ. Түүнээс хойш хоёр жил гаруйн дараа Цэц дунд суудлын хуралдаанаараа таван гишүүний бүрэлдэхүүнтэй хэлэлцэн УИХ-ын тухай хуулийн 41.7 дахь заалтын “...түүнд шүүхийн журмаар Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулах....” гэсэн нь Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэсэн юм. Энэ оны аравдугаар сарын 26-нд болсон Цэцийн хуралдаанд анх мэдээлэл гаргагч, хуульч Т.Пүрэвбазар, Б.Намуундарь, дээр нь нэмж мэдээлэл өгсөн Ц.Ихбаяр, УИХ-ын талаас гишүүн С.Зулпхар оролцон, өөрсдийн байр суурийг илэрхийлсэн юм. Хуульч Т.Пүрэвбазар, Б.Намуундарь нар анх “Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.7 дахь хэсэг нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэснийг зөрчсөн” гэх агуулгатай мэдээлэл Цэцэд гаргасан аж.
Үндсэн хуулийн хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг зөрчсөн заалт 1992 онд баталсан УИХ-ын тухай хуулиас эхтэй. Энэ боломжийг Үндсэн хуулиар олгочихсон гэхэд хилсдэхгүй. Үндсэн хуулийн 29.2-т “Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж заасныг овжноор ашигласан гэсэн үг. Өөрөөр хэлбэл, тэр үеийн Улсын бага хурлын гишүүд УИХ-ын тухай хууль батлахдаа 21.2-т нь “Улсын Их Хурлын гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилсан бол энэ тухай Улсын Их Хурлын даргад 24 цагийн дотор мэдэгдэнэ. Үүнээс бусад тохиолдолд Улсын Их Хурлын зөвшөөрөлгүйгээр Улсын Их Хурлын гишүүнийг цагдан хорих, түүнд шүүхийн журмаар захиргааны шийтгэл оногдуулах, гэр, албан тасалгаа, биед нь нэгжлэг хийхийг хориглоно” гэсэн заалт оруулжээ. Энэ заалт түүнээс хойш батлагдсан УИХ-ын тухай хуулиудад амь бөхтэй “шигдсээр”, 2024 оны тавдугаар сард баталсан УИХ-ын тухай хуулийн 41.7-д орж, өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байна. Хэрэв УИХ-ын тухай хуульд “...шүүхийн журмаар захиргааны шийтгэл оногдуулахыг хориглоно” гэсэн заалт байгаагүй бол Төрийн ордны цонхоор “морь харсан” гэх дуулианд холбогдсон улс төрч тухайн үедээ захиргааны хариуцлага хүлээх байсан биз.
Түүнээс хойших УИХ-ын тухай хуульд эл заалтыг шигтгээгүй бол Төрийн ордонд нэгнээ шанаадаж унагасан, тэнд архи ууж, танхайрсан, нэгнийхээ өрөөнд зодолдсон МАН, АН-ын цөөнгүй гишүүний хэрэг мартагдахгүй, дарагдахгүй, хэрхсэн нь тодорхойгүй өнгөрөхгүй байсан нь лавтай.
НЭР БҮХИЙ ГИШҮҮДИЙН ЗӨРЧЛИЙН ХЭРГҮҮД ДАРАГДАХГҮЙ БАЙВ
УИХ-ын тухай хуульд амь бөхтэй оршсоор ирсэн “...шүүхийн журмаар захиргааны шийтгэл оногдуулахыг хориглоно” гэсэн заалт байгаагүй бол төрийн түшээдийн олон зөрчилд шүүх хариуцлага тооцох нь гарцаагүй. Тухайлбал, УИХ- ын гишүүн Б.Пүрэвдорж 2021 оны дөрөвдүгээр сарын 18-19-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн нутагт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон “ниссэн”. Ингэхдээ өөр машин, эд зүйлд хохирол учруулсан. Энэ бол яалт ч үгүй шүүхийн журмаар шийтгэл оноох зөрчил мөн. Харин шийтгэл оноосон уу, үгүй юү гэдгийг хэн ч мэддэггүй. Өөрөө л хариуцлага хүлээсэн гэж ярьснаас бус, прокурор, мөрдөх байгууллага, шүүхээр шийдвэрлэсэн баримт байхгүй.
УИХ-ын гишүүн Д.Ганбат, О.Цогтгэрэл нар нэгнийхээ өрөөнд зодолдсон гэх дуулиан 2023 онд дэгдэж, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийнхэн шалгасан. Тэдний эл явдал тэгсхийгээд дарагдсан. Уг нь эрүүгийн хэрэг биш юмаа гэхэд Зөрчлийн тухай хуулийн 5.2-ын танхайрсан, 5.3-ын хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон зөрчил мөн.
УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазартай холбоотой, бусдад бэлгийн дарамт учруулсан гэх дуулиан хууль тогтоогчоор ажиллаж байх үед нь дэгдсэн. Гэвч түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаад хаасан. Хэрэв эрүүгийн хэрэг биш, зөрчил гэж үзсэн бол Зөрчлийн тухай хуулийн 6.26-д заасан “Бусдад ажил, албан тушаал, нэр төр, алдар хүнд, эд хөрөнгө, сэтгэл санааны үр дагавар үүсгэж бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийх сэдлээ үг хэлээр, биеэр, өөр хэлбэрээр илэрхийлсэн бол” гэх заалтыг үндэслэн хариуцлага тооцож болох. Харамсалтай нь УИХ-ын тухай хуулийн өгүүлэн буй заалтыг үндэслээд мулталчих нь тодорхой.
УИХ-ын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан асуулт асуусан сэтгүүлчид рүү уурсан, элдэв үгээр хэлж доромжилсон. Түүний эл үйлдлийг мөнөөх Зөрчлийн тухай хуулийн 5.2- ын “Олон нийтийн газарт, эсхүл орон байранд, хэрүүл маргаан үүсгэж, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчиж танхайрсан” гэх үндэслэлээр зөрчлийн хэрэг нээн шалгаж болохоор байгаа. Гэхдээ Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар хүчингүй болгосон заалтыг УИХ хүлээн авсан тохиолдолд шүү дээ.
УИХ-ын гишүүн П.Наранбаяр 2024 оны сонгуулийн сурталчилгааны үеэр нэгэн цэцэрлэгт орж, хүүхдүүдтэй тоглож байгаа бичлэг цацагдаж байв. Зөрчлийн тухай хуулийн 6.20-3-ын “Өөрийнх нь болон эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрөлгүйгээр гэрэл зураг, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийг мэдээлэл, сурталчилгаанд ашигласан” зөрчлийн шинжтэй энэ үйлдлийнхээ талаар П.Наранбаяр эцэг, эхээс нь зөвшөөрөл авсан гэж тайлбарладаг ч тэд яг зөвшөөрсөн, эсэхийг батлах баримт бас л үгүй. Гэвч сонгуулийн дараа УИХ-ын гишүүн болж, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш Зөрчлийн тухай хуулийн хариуцлага хүлээлгэх боломжгүйд хүрсэн. Энэ мэтээр УИХ-ын гишүүд өөрсдөдөө ашигтай хууль баталж, түүнийхээ халхавч доор бусдаас давуу эрх эдэлж, хариуцлага хүлээлгүй өнгөрөх тохиолдол цөөнгүй.
ИРГЭД ЦАГДААД ШАЛГУУЛЖ, ГИШҮҮД ҮНЭМЛЭХЭЭРЭЭ ХАЛХАВЧИЛЖ ТААРАХГҮЙ
Өнөөгийн Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням 2020 оны арваннэгдүгээр сард, цар тахлын үеэр “Цагдаа намайг зогсоож 30 минут шалгалаа. УИХ-ын гишүүнийг танихгүй байна” хэмээн омогдож байв. Цагдаа эрхийнхээ хүрээнд хэнийг ч шалгаж болно. Гэвч хууль тогтоогчид УИХ-ын гишүүний үнэмлэхээ машиныхаа цонхны цаанаас халти харуулсан болоод цааш давхиад явчихдаг. Эсвэл цэнхэр өнгийн тусгай гэрэл дохио ЦЕГ-ын Бүртгэл, хяналтын төвөөс авч хувийнхаа тээврийн хэрэгсэлд суурилуулж давуу эрх эдлэх гэсэн тохиолдол олон. Уг дохиог нь олгох боломжгүй гэсний төлөө УИХ-ын нэг гишүүн цагдаагийн байгууллагын алба хаагчид руу элдэв үгээр дайрах болсон.
Зөрчлийн тухай хуулийн 14.7-5.3 дахь заалтад “согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн” бол хариуцлага ногдуулах заалттай ч УИХ-ын гишүүний үнэмлэхээрээ халхавчлаад давуу эрх эдлэх тохиолдол бий. Мөн хуулийн 14.7-16-д “Хуулиар хориглосон тусгай дуут болон гэрлэн дохио суурилуулсан тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон” бол хариуцлага тооцохоор заасан учраас дүрэм, журмын дагуу давуу эрхтэй болохын тулд тусгай дуут болон гэрэл дохио авахыг санаархдаг бодит жишээг дээр дурдав.
СОГТУУДАА МАШИН ЖОЛООДСОН ГИШҮҮНИЙГ ШАЛГАСАН Ч ХЭРЭГССЭНГҮЙ
Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргаснаас үүдэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа шинжээч томилж, прокурорын байгууллагаас мэдээлэл авсан юм билээ. УЕПГ-аас Цэцэд ирүүлсэн танилцуулгад “2026 оны дөрөвдүгээр сарын 23-ны байдлаар 65 гомдол, мэдээлэл бүртгэгдэж, хоёрыг нь хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. 40-ийг нь хүлээн авахаас татгалзаж, 23 зөрчилд хэрэг нээн шалгажээ. Үүнээс зургаад нь эрх бүхий албан тушаалтан шийтгэвэр ногдуулсан, нэгийг шийтгэлээс чөлөөлсөн. Нэг зөрчилд эрүүгийн хэрэг нээн шалгуулахаар харьяаллын дагуу шилжүүлсэн бол мөн тооныход албадлагын арга хэмжээ авсан. 2024 онд 0.5 хувийн согтолттой тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.7-5.2 дахь хэсгийн “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэх заалтыг үндэслэн зөрчлийн хэрэг нээн шалгасан ч УИХ-ын тухай хуулийн 41.7-гийн “Энэ хуульд зааснаас бусад тохиолдолд гишүүнийг албадан саатуулах, баривчлах, цагдан хорих, түүнд шүүхийн журмаар Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулах, гэр, албан өрөө, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно” гэснийг баримтлан зөрчлийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон” хэмээжээ.
Улмаар “УИХ-ын гишүүний холбогдсон зөрчлийн шалгах явцад зөрчил үйлдсэн нь тогтоогдож, уг зөрчил Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх харьяалан шийдвэрлэхээр бол эрх бүхий албан тушаалтан зөрчлийн холбогдогчид шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авхуулах саналыг шүүхэд хүргүүлж, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд Зөрчлийн тухай хуулийн 1.1, 1.3-1, 3.1-2 дахь хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8-7, 9.2-1, 9.2-6.2 дахь заалт УИХ-ын тухай хуулийн 41.7 дахь хэсэгт заасан зохицуулалтууд хоорондоо зөрчилдөж байна” гэж Улсын ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх М.Чинбатын гарын үсэгтэй албан бичигт тодотгожээ.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэр гарсантай холбоотойгоор УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн түүнийг эсэргүүцэж “Парламентын дархлаа үгүй болно” гэсэн утгатай ярилцлага өгсөн байв. Үнэхээр парламентын дархлаа үгүй болох уу гэдгийг Цэцэд маргаан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон шинжээч дүгнэлтдээ “УИХ-ын гишүүний халдашгүй байдал нь түүнийг Зөрчлийн тухай хууьд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Хэрэв зөрчил үйлдсэн нь тогтоогдсон бол шүүхийн журмаар зохих шийтгэлийг оногдуулах нь Үндсэн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ.
УИХ-ын тухай хуулийн 41.7 дахь заалт нь парламентын үйл ажиллагааг хэвийн явуулах нэрээр хууль дээдлэх ёсны зарчмыг үгүйсгэж, гишүүний халдашгүй байдлыг хангах зорилгыг өргөн хүрээнд авч үзэж, зорилгодоо тохироогүй арга хэмжээ байна. Халдашгүй байдал нь гишүүний эрх чөлөөг үндэслэлгүйгээр хязгаарлахаас хамгаалахад чиглэх ёстой болохоос биш, шүүхийн журмаар тогтоогдсон зөрчлийн хариуцлагаас чөлөөлөх бамбай болох ёсгүй. Ийм зохицуулалт нь Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд заасан “Хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх” зарчимтай зөрчилдөж байна” хэмээн онцолсон байна.
Цэц 07 дугаар дүгнэлтээрээ УИХ-ын тухай хуулийн 41.7 дахь заалт Үндсэн хууль зөрчсөн гэдгийг баталгаажууллаа. Гэхдээ Цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй бол цаашид Их суудлын хуралдаанаар хэлэлцэн, эцэслэж болзошгүй.
Т.ПҮРЭВБАЗАР: ТЭГШ БУС БАЙДЛЫГ БАГАСГАН, ЦЭГЦЛЭХ ҮҮДНЭЭС ЦЭЦЭД ХАНДСАН
Үндсэн хуулийн цэцэд анх мэдээлэл гаргасан хуульч Т.Пүрэвбазартай уулзахад “Мэдээлэл гаргаснаас хойш хоёр жил хоёр сарын дараа Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 41.7- гийн “...шүүхийн журмаар захиргааны шийтгэл оногдуулахыг хориглоно” гэсэн заалт Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж заасныг зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцийн 07 дугаар дүгнэлт гаргалаа.
Нийгэмд байгаа тэгш бус байдлыг жаахан ч гэсэн багасгая, цэгцэлье гэсэн үүднээс Үндсэн хуулийн цэцэд хандсан юм. Хуульч хүнийхээ хувьд улс, нийгэмдээ тодорхой хэмжээнд эерэг, сайн өөрчлөлт оруулах ёстой гэж би бодож явдаг. Энэ ч үүднээсээ хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим алдагдаад байгаад өөрчлөлт хийх гэж энэ мэдээллийг хуульч Б.Намуундарь, Ц.Ихбаяр нарын хамт гаргасан.
Энэ шийдвэр эцсийнх биш, цаашид ажиллагаа үргэлжилж болзошгүй. Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэрийг УИХ хүлээж авах уу, үгүй юү гэдэг нь тодорхойгүй байна. Дүгнэлт албажаагүй учраас би илүү зүйл ярих боломжгүй” гэлээ.