Боловсролын сайд Л.Энх-Амгалан БНТУ-ын Хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА)-ийн Улаанбаатар хот дахь хөтөлбөр зохицуулагч Али Куртыг өчигдөр хүлээн авч уулзлаа. Тус байгууллага нь манай ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд тусгай хэрэгцээт суралцагчдад зориулсан анги танхим, ШУТИС-д жазари лаборатори байгуулан, тэгш хамран сургах орчныг бүрдүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэхэд тууштай дэмжлэг үзүүлсээр ирсэн билээ. Тэгвэл энэ удаагийн уулзалтаар өмнөх лабораторийн туршлагадаа үндэслэн, түүнийгээ өргөжүүлж, улсын хэмжээний “ШУТИС-ФабЛаб” сүлжээ бий болгохоо мэдээлэв. Улмаар хөдөө, орон нутагт хүрээг нь тэлэх зорилгоор тус сургуулийн дэргэдэх Инженер, технологийн төрөлжсөн ахлах сургуульд STEM чиглэлийн иж бүрэн болон байгаль орчныг хог хаягдалгүй байлгах, менежментийг сайжруулах “Хог тэглэх” сургалт, судалгааны лаборатори тус тус байгуулахаар талууд тохиролцсон байна.
Мөн хүний нөөцийг бэхжүүлэх, ялангуяа монголчуудыг нарийн мэргэжлээр БНТУ-д магистр, докторын түвшинд суралцуулах саналтай байгаагаа Али Курт уламжилсан юм. Түүнчлэн тус улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг хангах, хоёр орны хэлийг хамтад нь сурах орчин нөхцөл бүрдүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлжээ. Сонирхуулахад, ТИКА-аас 2006 оноос хойш Монголд 950 гаруй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсний 300 орчим нь боловсролын салбарынх аж.
О.Ундрах