Монгол Улсын Төрийн шагналт, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор О.БАТСАЙХАН

Арьяабал Жанрайсэг буюу Нүдээр үзэгч бурхан нь уужим талбиун зөөлөн харцаараа ертөнцийг ивээж, гурван орны амьтан бүгдийг энэрэн таалж, тэдний жаргалд харшлах бүхнийг арилган, өвчин зовлон, нүгэл хилэнц, нүдний гэм бүгдийг ариусгаж, хотол чуулганыг адислан тэтгэгчийн дүртэй. Мэгжид Жанрайсэг бурхан нь баруун дээд мутартаа хамаг амьтны билгийн гэмийг буюу мунхаг харанхуйг ариусгах нигүүсэхүйн рашаан бүхий мөнгөн бумбыг эрхшээж, баруун анхдугаар мутрын нэргүй хуруугаар зүүн анхдугаар мутар дахь цөгцтэй рашаанаас мэлмийн гэмийг арилгадаг бөгөөд шөнийн цагт зүүн дээд мутартаа эрхшээсэн мөнгөн толиндоо хамаг амьтныг болгоон үзэж, зовлон, өвчинд нэрвэгдэгсэдийг анагаадаг ажээ.
XX зууны эхэнд VIII Богд Жавзандамба хутагтын санаачилга, лүндэнгээр асар том хэмжээний Жанрайсэг шүтээнийг бүтээн байгуулах ажил өрнөсөн нь зөвхөн нэгэн сүмийн бүтээл байгаагүй юм. Архивын баримтаас үзэхэд, энэхүү бүтээн байгуулалт нь Халхын дөрвөн аймаг болон Богдын шавь тавын оролцоог хамарсан, төр-шашны өндөр албан тушаалтнууд, ноёд, лам нар болон эгэл олон түмний оролцоотой өргөн хүрээний хамтын үйл ажиллагаа байжээ. Иймээс Мэгжид Жанрайсэг шүтээнийг тухайн үеийн монголчуудын шашин, оюун санааны үнэт зүйлсийг нэгтгэж байсан бэлгэд лийн нэгэн чухал хэлбэр хэмээн авч үзэж болно.
VIII БОГД ЖАВЗАНДАМБА ХУТАГТЫН ШАШИН, ОЮУН САНААНЫ ЭРХ МЭДЭЛ
Мэгжид Жанрайсэгийн бүтээн байгуулалтын эх сурвалжид VIII Богд Жавзандамба хутагтын шашин, оюун санааны эрх мэдэл тодорхой тусгалаа олсон. Түшээт хан аймгийн Да түшээ гүн жанжин хошой чин вангийн бичигт халхын монголчууд хэзээ ямагт гагцхүү багш Очирдара Богд гэгээнтнийг оройд шүтэж ирсэн бөгөөд Богдын мэлмий муудсан тухай сонсоод сүсэгт шавь нар нь ихэд санаа зовниж байсан тухай өгүүлдэг. Үүний зэрэгцээ Богд гэгээнээс “Дөрвөн аймаг, шавь таван газраар Мэгжид Жанрайсэг бурхны дүрийг наян чий хэмжээтэй бүтээвээс сайн” хэмээн лүндэн буулгасан тухай тэмдэглэсэн байна. Эндээс Мэгжид Жанрайсэгийн бүтээн байгуулалт нь зөвхөн урлагийн бүтээлийн тухай асуудал бус, VIII Богд Жавзандамба хутагтын шашны эрх мэдэл, шавь нарын сүсэг бишрэл, хамтын эрмэлзэлтэй шууд холбогдож байсныг харж болно.
Өөрөөр хэлбэл, Богд Жавзандамба хутагтын лүндэн нь шашны тусгал төдийгүй тухайн үеийн Монголын нийгэмд олон аймаг, шавийг хамарсан хамтын үйл ажиллагааг эхлүүлэхэд хүчтэй түлхэц болсон аж.
МЭГЖИД ЖАНРАЙСЭГИЙГ БҮТЭЭХ САНААЧИЛГА БА ХАМТЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ
Архивын баримтад Мэгжид Жанрайсэг шүтээнийг 80 чий хэмжээтэй, зэсээр бүтээж, алтлан чимэглэхээр төлөвлөсөн тухай тодорхой өгүүлдэг. Түшээт хан аймгийн бичигт уг шүтээнийг “Бүрэн зэсээр үйлдэн сайн сайнаар урлуулж, алт шаруулан бүтээлгэх” тухай хэлэлцэж, хаана, хэрхэн яаравчлан бүтээх талаар дөрвөн аймаг, шавийн эрх бүхий хүмүүсийг зөвлөлдүүлэхээр шийдсэн байна. Ингээд бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн суурь Далхын (одоогийн Гандангийн дэнж) дэнж дээр барилгын ажлыг эхлүүлж, олон иргэн мөнгө болон зэс аяга, шанаганд Богд уулын хойд голоос дэнж хүртэл цуван зогсож, аяга, шанагаа газарт хүргэлгүйгээр ус зөөж, хийдийн суурийг тавихад гар бие оролцсон тухай түүхтэй. Архивын эх сурвалжид бичсэнээр Их шүтээнийг бүхэлд нь зэсээр бүтээж, 230 000 лан мөнгө (төгрөг), их бурхныг алтдаж чимэг лэхэд 1200 лан (45 кг) алт, 1500 лан (56 кг) мөнгө зарцуулсан гэдэг. Мөн 400 гаруй эрдэнийн чулуун шигтгээгээр чимсэн байна. Урт насны бурхан Аюуш нэгэн түмийг (10 000) зэсээр бүтээн их бурхныг хүрээлүүлэн залав. Мөн зэс барын 1000 жадамба, Бурхан багшийн найман сэлтийг тойруулан байрлуулжээ. Энэ нь Жанрайсэг бурхны ивээл өршөөлийг үржүүлэхийн ерөөл хэмээн үзсэнийх аж. Их бурхныг бүтээхэд 30 000 жин (15 тонн) зэс мөн оржээ.
Их бурхныг шүншиглэхэд 811 үхэр тэрэг арц, агь орсон байна. Их бурхны сүм нь 30 гаруй метрийн өндөртэй бөгөөд 23 метрийн өндөртэй 24 модон баганатай юм. Үүний дөрвөн баганыг ямар ч залгаасгүй модоор хийжээ. Шүншигт нь олон зуун мянган хуудас судар ном орсон бөгөөд 108 боть их хөлгөн судар Ганжуур ч багтжээ. Ийнхүү Богд гэгээн Лүндэн буулгасны дагуу Монголын халх дөрвөн аймаг, шавь тав тэргүүлэн зон олноороо хөдөлж гурван зуун мянган лан мөнгөтэй тэнцэх хөрөнгө хуримтлуулан их бурхныг бүтээж аравнайлжээ. Их бурхан 80 тохой (25.6 м) өндөртэй нь дэлхийд хосгүй гайхамшигт соёлын өв мөн байв.
Жанрайсэг бурхныг бүтээх цаад шалтгаан нь монголчуудын үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн, Монгол Улсаа даяар олноо тунхаглан зарласан түүхийн томоохон үйл явдал юм. Мэдээж тусгаар тогтносон улсын нэгэн илрэл эзэн хаантай байх явдал бөгөөд Богд эзэн хаандаа зориулсан хэмээдэг нь Монголын тусгаар тогтнол өнө үүрд мандан бадрахыг бэлгэдсэн шинж агуулж байлаа.
Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яамны бичигт ч мөн дөрвөн аймаг, шавь тав хамтран хэлэлцэж, “Наян чий хэмжээтэй Мэгжид Жанрайсэг бурхан бүтээлгэж сүм байгуулан залахаар тогтож, өөр өөрийн аймаг, шавиас түшмэл, зайсан нарыг томилон гаргаж, дархан, мужаан иргэдтэй хэлэлцэн бүтээн байгуулалтыг эхлүүлсэн” гэж тодорхой тэмдэглэсэн байдаг. Энэ бол Мэгжид Жанрайсэг шүтээнийг монголчуудын нийтлэг оюун санааны бэлгэдэл хэмээн үзэх чухал нотолгоо юм.
ЖАНРАЙСЭГ-ЭНЭРЭЛ НИГҮҮЛСЭЛ БА ИВЭЭЛ ХАМГААЛЛЫН БЭЛГЭДЭЛ
Мэгжид Жанрайсэг шүтээний утгыг зөвхөн түүхэн улс төрийн хүрээнд авч үзэх нь хангалтгүй. Түүний үндсэн утга нь Буддын шашны энэрэл нигүүлсэл, аврал, хамгааллын үзэлтэй холбоотой.
Архивын баримтад Богд Жавзандамба хутагтын мэлмий муудсантай холбогдуулан Жанрайсэгийг бүтээх лүндэн буулгасан тухай өгүүлдэг. Өөр нэгэн архивын мэдээнд уг шүтээнийг “Очирдара багш Богд гэгээнтний шавдан батдах тухай дор бүтээлгэж буй” хэмээн тодорхойлсон байна.
Иймээс тухайн үеийн хүмүүсийн ойлголтоор Жанрайсэг шүтээн нь зөвхөн гоо сайхны болон урлагийн дурсгал бус, Богд гэгээний амар амгалан, урт нас, эрүүл энх, Монголын шашин номын бат оршихуйтай холбоотой ариун шүтээн байжээ. Энэ ойлголт нь тухайн үеийн монголчуудын шашны сэтгэлгээний хүрээнд Богд хааныг зөвхөн улс төрийн удирдагч бус, шашин-оюун санааны тэргүүн хэмээн хүлээн зөвшөөрч байсны илрэл билээ.
БУДДЫН ШАШИН БА МОНГОЛЧУУДЫН ХАМТЫН ОЮУН САНААНЫ ҮНЭТ ЗҮЙЛ
Мэгжид Жанрайсэг шүтээний бүтээн байгуулалтын хамгийн сонирхолтой тал бол санхүүжилт болон хөдөлмөрийн зохион байгуулалт юм. Архивын баримтад бүтээн байгуулалтын зардлыг дөрвөн аймаг, Богдын шавь хамтран гаргахаар тогтсон бөгөөд мөнгө хугацаандаа орж ирээгүйгээс бүтээн байгуулалт саатсан тухай хүртэл нарийвчлан тэмдэглэсэн байна. Үүний улмаас Дотоод яамны улсын сангаас 10 гаруй түмэн лан урьдчилан гаргаж, олгохоор шийдвэрлэж байв.
Эндээс Мэгжид Жанрайсэг шүтээнийг бүтээх үйл явц нь зөвхөн шашны сүсэг бишрэлээр хязгаарлагдаагүй, тухайн үеийн төрийн захиргаа, санхүүгийн зохион байгуулалт, аймаг-хошуу, шавийн харилцааг хамарсан нийгмийн томоохон төсөл байсныг харж болно.
Мөн дараагийн баримтад Монголын бүхий л аймаг, хошууны олон ноёд, лам нар өөр өөрийн хөрөнгөөр тусалсан тухай нэр, хэмжээтэй нь жагсаасан. Мэгжид Жанрайсэг шүтээнд зориулж нэг түмэн Аюуш бурхан, нэг мянгаад зэс барын Жадамба хөлгөн судар, найман суварга тэргүүтнийг дагалдуулан бүтээн цогцлоосон бөгөөд эл нүсэр их ажлыг хоёрхон жилийн дотор багтаан гүйцэлдүүлсэн нь тэр үеийн монголчуудын хүсэл, сэтгэл шингэсэн бүтээл гэдгийн баталгаа мөн.
Их бурхан урлах ажилд Хүрээний болон аймаг, хошуудын нэртэй урчууд, хятад дархчуудыг дайчлан оролцуулж, нэг түмэн Аюуш бурхны хагасыг Польш улсад, хагасыг нь Долоннуурт захиалан хийлгэсэн аж. Энэхүү Мэгжид Жанрайсэг бурхныг Олноо өргөгдсөний тэргүүн онд тушаалаар гаргасан зайсан Чойжамцаас Эрдэнэ шанзавын яамнаа өргөсөн бичигт өгүүлснээр “Очирдара багш Богд гэгээнтний шавдан батдах тухай дор” гэх зэргээр тайлбарласан нь нэг бус удаа юм. Үүний учрыг сайтар ухваас, үнэндээ 1911 оны хавар цаг бол Богд гэгээн, монгол ноёдын хамтарсан үндэсний тэмцлийн галт тэрэг аль хэдийн хөдөлж эхэлсэн цаг. Мэгжид Жанрайсэг шүтээнийг бүтээн залах нь Богдын нүд муудсанд бус, монголчуудын сэтгэл санаа, оюуны мэлмийг нээх, нэг зүгт чиглүүлэх, олон монгол овогтныг нэгтгэн дуудан даллах гүн гүзгий далд санаа агуулсных болов уу. Түүнчлэн энэхүү Жанрайсэгийн бүтээн байгуулалт Монголын шашны дээд хүрээний төдийгүй олон түмэн, аймаг, хошуу, нийт монгол овогтны оролцоог хангасан болохыг харуулдаг.
МЭГЖИД ЖАНРАЙСЭГ БА 1911 ОНЫ ҮНДЭСНИЙ ХУВЬСГАЛ
Архивт Мэгжид Жанрайсэгийн бүтээн байгуулалтын ажлыг Олноо өргөгдсөний тэргүүн он, өөрөөр хэлбэл, 1911 онд эхэлсэн гэж тэмдэглэсэн боловч өөр нэгэн мэдээнд “Илүү зургаан сарын шинийн 1-ний сайн өдөр” буюу 1911 оны тавдугаар сарын 29-нд эхэлж, 1913 оны наймдугаар сарын 13-нд сүм, шүтээнийг дуусган мөргөлийн ёслол үйлдсэн гэсэн байна. Энэхүү нээлтийн тухай гэрэл зураг, дүрс бичлэг Францын Алберт кан музейд хадгалагдаж буй билээ.
Мэгжид Жанрайсэгийн бүтээн байгуулалтын санаачилга нь 1911 оны үндэсний хувьсгалын дараа бий болсон зүйл биш. Харин 1911 оны үндэсний хувьсгалын өмнөхөн эхэлсэн шашин-оюун санааны томоохон хөдөлгөөн бөгөөд Монголын тусгаар тогтнол сэргэн тогтносон улс төрийн үйл явцтай цаг хугацааны хувьд давхцан, улмаар шинэ утга агуулга олсон байдаг.
Энэ талаар архивын сурвалжид өгүүлэхдээ “Би олзын тул бүтээлгэсэн бус, та бүгд өөрсдөө арга аврал хэмээн шаардахад энэ бурхныг бүтээлгэвээс сайн хэмээсэнд бий бөлгөө. Даруй бүтээж гүйцэтгэх, эсэхийг хойш хариу айлдахтун” хэмээн зарлиг буулгасан тухай Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яамнаас Нийслэл хүрээний Эрдэнэшанзудба нар дор Олноо өргөгдсөний хоёрдугаар он хаврын сүүл сарын шинийн зургаанд тушаан илгээсэн бичигт өгүүлжээ. Богд эзэн хааны эл зарлигт “Та бүгд өөрсдөө арга аврал хэмээн шаардсан” гэсэн нь нийт монголчуудын тусын тулд эв нэгдлийн аврал болгох чин санаагаар Жанрайсэг шүтээнийг үүсгэн бүтээсэн болох нь тодорхой байна.
Иймээс Мэгжид Жанрайсэгийг 1911 оны хувьсгалын улс төрийн бэлгэдэл гэж шууд тодорхойлохоос илүүтэй 1911 оны тусгаар тогтнолын хөдөлгөөнийг бий болгосон монголчуудын шашин, оюун санааны нэгдмэл илэрхийлэл хэмээн үзэх нь зүйд нийцнэ.
НЭГЭН ШҮТЭЭНЭЭС НИЙТ МОНГОЛЫН ОЮУН САНААНЫ БЭЛГЭДЭЛ БОЛОВ
Мэгжид Жанрайсэгийн бүтээн байгуулалтад дөрвөн аймаг, Богдын шавь оролцсон нь түүний бэлгэдлийн хүрээг өргөжүүлжээ. Энд “Халх дөрвөн аймаг, шавь тав” гэсэн зохион байгуулалт онцгой ач холбогдолтой. Халх дөрөв, шавь тав бол үндсэндээ өнөөгийн Монголын үндэс суурь бөгөөд дээр нь Ховдын хязгаар нэмэгдээд улсын газар нутагт, засаг захиргааны бүх нэгжийг хамаарсан бүтэн улс болох билээ. Иймээс энэ нь тухайн үеийн Монголын улс төр, захиргааны хуваарийн бүхий л нэгж, хэсгүүдийг нэгэн шашны бүтээн байгуулалтад нэгтгэсэн үйл юм. Мөн архивын эх сурвалжид “Мэгжид Жанрайсэг шүтээний бүтээн байгуулалтыг их буян хэмээн ойлгож, олон эрхэм хүмүүн өөр өөрийн хэмжээгээр хөрөнгө хандивласан” гэж тэмдэглэсэн нь шашны үйл ажиллагаа тухайн үеийн Монголын нийгмийн хамтын амьдралын чухал хэсэг байсныг харуулдаг. Өөрөөр хэлбэл, монголчууд нийтээрээ буддын шашинтай байсны тод илэрхийлэл юм.
Их бурхныг залснаас 11 жилийн дараа Богд эзэн хаан таалал болж, 24 жилийн дараа ард олныг хэлмэгдүүлж эхлэн, түүний дотор 17 мянга гаруй лам амиа алдаж, 700 гаруй сүм хийд, хэдэн мянган бурхан, суваргыг устгасны дунд Жанрайсэг бурхан өртсөн. Дэлхийн II дайны үед бурхныг буулгаж, судрыг тээвэрлэн, алт мөнгө, эрдэнэсэн чимэглэлийг тонон, их биеийг орос цэргүүд авч явсан гэдэг. Тухайн үйл явдлыг нүдээр үзсэн монгол цэргийн бага даргын соронзон хальсанд үлдээсэн яриа ч бий. Жанрайсэг шүтээнийг буулгаж байхыг нүдээр харсан гэрч Баатарын дурсамжийн дүрс бичлэгээс харахад 96 настай өвгөн ярихдаа “Мэгжид Жанрайсэгийг буулгаж авахаар орос цэргүүд ирсэн. Эргэн тойрон цэргүүдээр бүслүүлээд 5-6 цагийн хугацаанд буулгаж дууссан. Дотроос нь дандаа будаа тариа гарсан. Үүр цайхаас өмнө л аваад явсан даа. Хамаг юмыг нь долоо хоног зөөсөн” тухай ярьж байв. Хэдийгээр өвгөн тухайн үед хүүхэд байсан мэтээр өгүүлсэн ч мэргэжилтнүүдийн тайлбарласнаар бол ардуудыг дотогш нэвтрүүлэхгүй байх үүрэг хүлээсэн цэргүүдийн нэг, бага дарга байжээ. Жанрайсэг шүтээнийг буулгах үед ямар үүрэг хүлээснээ өвгөн дурсахыг хүсээгүй учраас хүүхэд байсан гэж өөртөө итгүүлсэн байж ч мэднэ. Энэ бол 2006 онд Улс төрийн талаар хэлмэгдэгсдийн музейд хийсэн хурлын үеэр болсон үйл явдал билээ.
Мэгжид Жанрайсэг шүтээн бол XX зууны эхэн үеийн Монголын түүхэнд шашин, урлаг, нийгэм, улс төрийн олон талт утгыг агуулсан онцгой дурсгал юм.
Нэг. Шүтээнийг бүтээх санаачилга VIII Богд Жавзандамба хутагтын шашин, оюун санааны эрх мэдэлтэй шууд холбоотой байв.
Хоёр. Шүтээний бүтээн байгуулалтад Халхын дөрвөн аймаг, Богдын шавь тав хамрагдсан нь уг үйл явдлыг нийт Монголын хэмжээний хамтын шашны үйл хэрэг болгосон.
Гурав. Жанрайсэг бурхан нь энэрэл нигүүлсэл, аврал, хамгааллын утгыг илэрхийлж байв. Бурхны шашинтай монголчууд өөрийн шашин, номын тэргүүний лүндэнг хууль ёс мэт дагаж, бүгдээр хичээнгүйлэн зүтгэж, Богд хааны тусын тулд хэмээсэн ч нийт олны тусын тулд зуун дамжин орших эв нэгдлийн бэлгэдгийг буй болгож чадсан. Тиймээс эдүгээ 21 дүгээр зуунд ч Францын Эйфэлийн цамхаг, АНУ-ын Эрх чөлөөний хөшөөтэй зүйрлэхүйц Жанрайсэг шүтээн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо сүндэрлэн хол ойрын монголчууд, хотол олны мэлмийг мялаасаар байгааг бид бүхэн мэднэ.
Дөрөв. Мэгжид Жанрайсэг шүтээнийг бүтээх ажил нь 1911 оны Үндэсний хувьсгалтай цаг хугацааны хувьд давхцаж, Монголын тусгаар тогтнол сэргэн тогтсон түүхэн нөхцөлд илүү өргөн утга агуулгыг олсон. Бурхны шашин монголчуудыг нэгтгэсэн нэг том хүчин зүйл байсны илрэл нь Мэгжид Жанрайсэг шүтээн бөгөөд ийнхүү монголчууд шашны тэргүүн Богд Жавзандамба хутагтаа тойрон хүрээлж, эвлэлдэн нэгдэж чадсаны үр дүнд эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын гал голомтоо сэргээж, бурхны шашны тэргүүнд Богд Жавзандамба хутагтаа өргөмжилсөн үйл явдал байлаа. Энэ нь өнөөгийн Монгол Улсын эхлэл болсон гэдгийг бид бүгдээр мэднэ. Тиймээс ч 1990 оны ардчилсан хувьсгалын дараа нийт монголчуудын оролцоотойгоор их шүтээнээ сэргээн босгож, 1996 оны аравдугаар сарын 27-нд нээсэн билээ.
Тав. Мэгжид Жанрайсэгийг зөвхөн нэгэн сүмийн шүтээн гэж үзэхээс илүүтэй монголчуудын нийтлэг шашин, оюун санааны үнэт зүйл, эв нэгдлийн бэлгэдэл болсон түүхэн уламжлалт өв гэх нь зүйтэй. Мэгжид Жанрайсэг нь Монголын түүхэнд шашны ариун шүтээнээс үндэсний тусгаар тогтнол, монголчуудын оюун санааны бэлгэдэл болсон онцгой жишээ гэдгийг үргэлж санаж явууштай.