АНУ-ын завсрын сонгууль энэ сарын 3-нд болов. Энэ сонгуулиар америкчууд Төлөөлөгчдийн танхимын бүрэлдэхүүнийг бүрэн шинэчилж, Сенатын гишүүний гуравны нэгийг сольж, 50 муж улсынхаа 36-гийнх нь амбан захирагчийг өөрчлөх байв. Хэрэв ардчилагчид Конгресст олонх болчихвол Ерөнхийлөгчийн аливаа санаачилга дэмжигдэхгүй, түүгээр ч барахгүй өөрт нь итгэл үзүүлэх, эсэх асуудлаар санал хурааж ч болох эгзэгтэй. Мөн олон муж улсын захирагчийн хувьд Цагаан ордон руу үсрэх гишгүүр ч болох магадлалтай. Энэ бүхний зэрэгцээ тус сонгууль юмны үнэ өссөн, Ойрх Дорнод дахь зэвсэгт тэмцлээс үүдэн эсэргүүцэл сөргөлдөөн ихээхэн өрнөсөн нөхцөлд болох нь.
Одоогийн байдлаар бүгд найрамдахчууд Сенатын 100 суудлын 53-ыг, Төлөөлөгчдийн танхимын 435 суудлын 218-ыг нь эзэлж байна. 1938 оноос хойш үе үеийн Ерөнхийлөгчийн нам завсрын сонгууль ялагдаж ирсэн байх юм. Тодорхой тоо хэлбэл 22 сонгуулийн 20-д нь суудлаа алдаж байжээ. АН Төлөөлөгчдийн танхимд хяналт тогтоох магадлалтай гэж шинжээчид үзэж байна. Энэ боломж 79 хувьтай гэж “Deeision deks HQ, Rolymarket 91” тооцсон байх юм. Сенатад олонх болох боломж АН-д 57-75.7 хувийн хооронд хэлбэлзэж байв. АН Төлөөлөгчдийн танхимд 228, БНН 207 суудалтай болно гэж урьдчилан таамагласан.
Ерөнхийлөгчийн чансаа ч 37.4 хувьд хүрчээ. 2024 онд Трамп эдийн засгийг Байдений үеийнхээс сэргээнэ, АНУ дайнд оролцохыг багасгана, хил дээрх хямралыг шийднэ гэсэн гурван гол амлалтаар сонгуульд ялсан гэж үздэг. Энэ гурваас зөвхөн сүүлчийнхийг нь биелүүлсэн гэж шинжээчид дүгнэж буй. Бусдыг нь “Иранд дайн эхлүүлснээр мартжээ”. Исламын БНУ-ын эсрэг эхлүүлсэн нь нэр хүндийг нь унагаж, намынх нь сонгуулийн өмнөх ажиллагааны үр дүнг сулруусныг Трамп зөвшөөрч, сонгуулийн дараа Иран дахь хямралыг зогсооно гэж амласан.
Хоёрдугаар сарын 28-нд АНУ, Израил хоёр Ираны эсрэг байлдааны ажиллагаа эхлүүлж, Ираны эрх баригчид тэнгисийн худалдааны нэг гол зам Ормузын хоолойг хаасан нь америкчуудын амьдралд шууд нөлөөлөв. Нэг галлон (3-4 литр) бензин нэгдүгээр сард 2.8 ам.долларын үнэтэй байснаа есдүгээр сарын сүүлчээр 4.48 ам.доллар, “Brent” маркийн нефтийнх 100 ам.доллар болж өсжээ. Тиймээс америкчуудын ердөө гуравны нэг нь байлдааныг дэмжих болов. Эдийн засгийн салбар болон гадаад бодлогод гарч буй алдаанаас шалтгаалж БНН Ерөнхийлөгчөөсөө хөндийрөхийг хичээх болсон байна. Есдүгээр сарын эхний хагаст тус намынхан 500 гаруй сурталчилгаа явуулсаны ердөө 12-т нь Трампын нэрийг дурдсан гэж CNN суваг мэдээлсэн байна. Гэтэл АН Трампын нэрийг байн байн ашиглахдаа зөвхөн сөрөг сурталчилгаанд оруулжээ.
Сонгуулийн өмнөх АН-ын сурталчилгааны гол бай нь Трамп байлаа. Үүнд “Эпштейний файл” гэгч томоохон байр эзэлжээ. Ер нь хэл ам ихэд тарьсан энэ тэрбумтан, санхүүч, хормойн донтны нэрийг америкчууд ашиглан ялангуяа БНН-ын улс төрчдийг намнах тохиолдол цөөнгүй гарах болжээ. Ийм тодорхой тохиолдол Огайо, Мэн муж улсад гарчээ. 2026 оны дөрөвдүгээр сард зэвсэглэсэн эрэгтэй хүн Цагаан ордны сэтгүүлчид оройн зоог барьж байхад нь дайрч оржээ. Энэ үед Трамд тэнд байж. Сүүлийн хоёр жил Трампад халдах гэж гурав дахиа оролдсон нь энэ. Принстоны их сургуульд буй баримтаар хотын захирагч, зөвлөлийн гишүүдийн 43 хувь нь амь насанд нь заналхийлж, мөрдөн мөшгөх болсноос үүдэн дахин сонгогдохыг эрмэлзэхээ больжээ. Конгрессийн гишүүд хийгээд тэдний төрөл төрөгсөд, ажилтнуудыг нь Капитолын цагдаа нар 2025 онд л гэхэд 15 мянган удаа заналхийлж, мөрдөн шалгасан байна.
Энэ удаад сонгуульд ардчилагчид идэвхтэй оролцоно хэмээн таамаглаж байв. Өнгөрсөн онд тэд хэд хэдэн чухал ялалт байгуулж, Виржини, Нью-Жерси муж, Нью-Йорк хотын захирагчаар өөрийн хүнийг сонгожээ. Гэхдээ ардчилагчдын нэр хүнд тийм ч өндөр биш байгаагаас БНН тэгтлээ айхтар “бут ниргүүлчихгүй” болов уу.
Мужийн захирагчдын сонгуулийг үл тоож болохгүй, тэд Ерөнхийлөгч, түүний шийдвэрийг эсэргүүцэх нь цөөнгүй, түүгээр ч барахгүй Америкийн олон Ерөнхийлөгч төр тэргүүлэхээсээ өмнө муж удирдаж туршлагажсан, улс төрчийн хувьд “чөмөг суусан” бийг бодууштай. Ийм сонгууль АН-ын өнгө царайд ихээхэн өөрчлөлт оруулж ирсэн бөгөөд Калифорни мужийн захирагч, ирээдүйн Ерөнхийлөгч хэмээн олон хүн үзэж буй Гэвин Ньюс албаа өгөөд байна. 2026 оны сонгууль хамгийн өндөр өртөг зардалтай боллоо. Өнгөрсөн сарын эх гэхэд кампанит ажилд 10 тэрбум ам.доллар зарцуулсан байсан, эцэст нь хамгийн их буюу 11.6 тэрбум хүрнэ гэж үзэж байлаа. Сенатын гишүүнд нэр дэвшигчдийн сурталчилгаанд Техас, Огайо мужид л гэхэд тус бүрд нь 400 сая ам.доллар зарцуулжээ.
Ялсан тохиолдолд Төлөөлөгчдийн танхимын спикер болох АН-ын удирдагч Хаким Жеффрис эмнэлгийн даатгалын татварыг хөнгөлөх, тарифын бодлогоор Конгрессийн эзэлж байсан бүрэн эрхийг сэргээх, Иран дахь дайныг зогсоох амлалт өгсөн. Ерөнхийлөгчийг огцруулахад Сенатад уг саналыг 67 гишүүн дэмжсэн байх ёстой, ардчилагчид ийм суудал авч чадах нь эргэлзээтэй.
Энэ бол сонгуулийн өмнөх таамаглал.
Бидний авсан мэдээллээр 57 сая сонгогч саналаа урьдчилан өгсөн байна. Энэ бол өндөр үзүүлэлт. Төлөөлөгчдийн танхимд ардчилагчид олонх болох нь эргэлзээгүй болов уу. Өчигдөр өдрийн байдлаар бүгд найрамдахчууд Сенатын 100 суудлын 53-ыг нь авсан бололтой. Умард Каролина муж 1980 оноос Ерөнхийлөгчийн сонгуульд бүгд найрамдахчууд руу хазайсан гэгдсээр иржээ. Техас муж 1988 оноос хойш ардчилагчийг Сенатад ер сонгож байсангүй. Гэтэл энэ онд бүгд найрамдахчууд Сенатад хяналтаа тогтооно гэж тооцоолж байв. Гэлээ ч давуу байдал ардчилагчдад байсаар байлаа.
Өчигдрийн (уржигдрын) “Assoiated Press” агентлагийн өглөөний мэдээгээр Сенатад ардчилагчид 45, бүгд найрамдахчууд 36 суудал авсан бололтойг танилцуулав. 19 суудал хаана очсон нь тодорхойгүй. Ардчилагчид Жорж, Умард Каролина, Нью-Гэмпшир, Нью-Жерси, Массачусетс, Род-Айленд, Иллинойс, Дэлавер, Нью-Мексико, Колорадо мужид ялжээ. Бүгд найрамдахчууд Флорида, Баруун Виржина, Ваиомин, Кентукки, Оклахома мужид илүүрхсэн байв. Төлөөлөгчдийн танхимд бүгд найрамдахчууд 101 суудлын 55-ыг нь авчээ.
“NBC news” агентлагийн мэдээлснээр шуудангаар 52.2 сая буюу Америкийн сонгогчдын тавны нэг орчим нь хугацаанаас өмнө саналаа өгчээ. Энэ сонгуулийн үр дүнг Дональд Трамп “Америкийг дахин аугаа их болгосон тул хамгийн чухал” гэж, ялсан тохиолдолд БНН сонгогчдын өмнө тулгарсан асуудалд төвлөрнө хэмээн амалж байлаа. Өчигдөр орой бидний хүлээж авсан мэдээлэлд өгүүлснээр ардчилагчид Төлөөлөгчдийн танхимыг хяналтдаа авсан байна. Сенатад тэд олонх болжээ. Ерөнхийлөгч Дональд Трамп сөрөг хүчинтэйгээ хамтарч ажиллахад бэлнээ ч мэдэгдэв.
Төлөөлөгчдийн танхимын 225 суудлыг ардчилагчид, 180-ыг нь бүгд найрамдахчууд авсан байна. Энэ сонгуулиас өмнө хоёр танхимын олонхийг бүгд найрамдахчууд эзэлж байжээ.
Сонгуулийн урьдчилсан дүгнэлтээс үзвэл завсрын сонгуулийн ялалт, ялагдлыг Дональд Трамп хүлээн зөвшөөрч, АН-ынхантай хамтарч ажиллахад бэлэн хэмээн мэдэгдсэн байна. Сонгуульд БН ялагдсан шалтгааныг “Миний нэр санал авах хуудсанд байгаагүй, байсан бол хол зөрүүгээр ялах байсан” гэж тэр мэдэгджээ.
Энэ завсрын сонгуулиар Америкийн сонгогчид Төлөөлөгчдийн танхимын 435 гишүүн, Сенатын 35 гишүүн, 36 мужийн захирагчаа сонголоо. “Decision Desk HQ” порталын үнэлгээгээр Төлөөлөгчдийн танхимын 205, Сенатын 51 суудлыг бүгд найрамдахчууд авчээ. Гэхдээ түүнд хяналтаа тогтооход БНН-д дөрвөн суудал дутна. Төлөөлөгчдийн танхимын гишүүдийг хоёр жилийн, Сенатын гишүүдийг зургаан жилийн хугацаагаар сонгодог аж.
Р.Жаргалант