Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Иргэд өглөө, оройд модоор галаа асааж буйтай холбоотойгоор хотын утаа нэмэгдэж байна. Өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 0.4 хэмээр хүйтэн байгаа ч агаарын чанар харьцангуй сайжирсан” хэмээн ярьж, албан тасалгааны цонхоор амьдралыг холоос тольддог дарга нарын нэг гэдгээ нотоллоо. Түүнийхээр бол Улаанбаатар хотын агаарын бохирдлын гол буруутан нь модоор галаа ноцоодог гэр хорооллын айл өрхүүд гэнэ. Тэгэхээр нийслэлчүүд бид “Утаа их байна” гэж унтууцаж, гомдоллох эрхгүй, хотын удирдлагуудаас бус, гэр хорооллын иргэдээс хариуцлага нэхэх болж байна.
Утаатай “тэмцэгч” сайд”, дарга нар яг ийм байдлаар хариуцлагаас бултаж, гэр хорооллын иргэдийг буруутгасаар ирсэн. Эцэс сүүлдээ тэднийг галаа юугаар асааж, хэдийд унтраахыг хүртэл хянаж, заавардахдаа тулах нь. Энэ бол манай хотын удирдлагууд хариуцлагаас зугтаж, уснаас хуурай гарахын тулд судалгаа, тооцоололд үндэслэж бус, амныхаа зоргоор юу ч ярьж мэдэхийг харуулсан жишээ. Агаар бохирдуулагч бодисыг эх үүсвэрээр нь бүрэн гүйцэд ангилан ялгаж хүчирдэггүй мөртлөө өөрсдийнхөө нийлүүлж буй хагас кокс, шахмал түлшийг хамгаалахын тулд бурууг бусдад нялцаахыг оролдсон бодлогогүй үйлдэл. Эцэст нь хэлэхэд, нийслэлийн удирдлагууд л Улаанбаатарын утаа илт буурсан гэх үлгэрийг хаа сайгүй ярьж яваа болохоос бодит байдалд нийслэлийн агаарын бохирдол толгойн өвчин хэвээр байна.