“Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийнхан цахилгаан түгээх сүлжээний аюулгүй байдлыг хангаж, шувуудыг хүчдэлд цохиулах, бэртэж гэмтэх эрсдэлээс сэргийлэхийн тулд Хэнтий аймгийн Дадал, Хурх орчмын 10 болон 15 кВт-ын агаарын шугамын тулгууруудыг шинэчилжээ. Тодруулбал, цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгууруудыг тусгаарлагч бүрээс болон хамгаалалтын хэрэгслээр бүрэн тоноглож, шинэчилсэн байна. Ингэснээр махчин, нэн ховор шувууд тухайн хэсэгт цахилгаанд цохиулж хорогдох эрсдэл 95 хувиар буурчээ.
Тус байгууллагынхан нийгмийн хариуцлагын хүрээнд шувуудад ээлтэй шугаман дэд бүтцийн асуудлаарх хурал, хэлэлцүүлэгт инженер техникийн ажилтнуудаа тогтмол хамруулж, энэ төрлийн эрсдэлийг бууруулах шийдлийн талаар санал солилцдог аж. Шувуудын зүй бус хорогдлыг бууруулах чиглэлээр манлайлан ажилладаг Монголын шувуу хамгаалах төвийнхөн “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” байгууллагынхны үлгэр жишээ санаачилгыг онцолж, цахилгаан дамжуулах, түгээх байгууллагынхныг агаарын шугамын аюулгүй байдлыг хангахыг уриалав.