Гавьяат тамирчин, мэргэжлийн боксын рингэнд нэг ч ялагдалгүй яваа Э.Цэндбаатар (58.97 кг-ын жинд) ээлжит тулаанаа Тажикистаны боксчин Мухаммад Якубовтой АНУ-ын Техас мужийн Эль-Пасо хотод энэ сарын 13-нд хийх нь. Мэргэжлийн боксын дэвжээнд 10 раунд тулалдах тэд өнгөрсөн дөрөвдүгээр сард хүч үзэхээр товлосон ч Якубов бэлтгэлийн үеэр бэртэл авч хойшилсон юм. Хөнгөн жинд өрсөлдөж, нийт 25 тулаан хийснээс 23-т нь ялалт байгуулсан тажик боксчин чансааны VII байрт эрэмбэлэгддэг. Тэрбээр өнгөрсөн жилийн наймдугаар сард АНУ-ын боксчин Уильям Фостерыг ялж, “WBC USA” холбооны аваргын бүсийг эзэмшсэн. Үүнээс хойш бүсээ хамгаалж, Мексикийн шилдэг тулаанч Абрахам Монтоя, дэлхийн аварга Томас Рохас нарыг буулган авсан юм.