Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Халдлагад өртсөн Салман Рушди хиймэл амьсгалын аппаратад оржээ

2022-08-15

Британийн зохиолч Салман Рушди хиймэл амьсгалын аппаратад орсныг түүний төлөөлөгч Эндрю Уайли мэдэгдсэнийг “Reuters” агентлаг уламжлав. Тэрбээр энэ сарын 12-нд АНУ-ын Нью-Йоркийн баруун дүүрэгт орших Чаутаукуа Каунтигийн боловсролын төвийн тайзан дээр лекц уншихаар бэлтгэж байхад нь нэг этгээд хутга барин дайрсан юм. Халдлага үйлдсэн этгээдийг хэргийн газраас баривчилсан бөгөөд АНУ-ын Нью Жерси муж улсын 24 настай оршин суугч Хади Матар гэгч болохыг хууль сахиулах байгууллагынхан тогтоожээ. Төлөөлөгчийнх нь мэдээлснээр С.Рушдигийн нэг нүд хараагүй болж магадгүй.

Салман Рушдийг “Шулмын шүлгүүд” (1988) романых нь төлөө исламын шашинтнууд шүүмжилдэг. Түүнийг хөнөөхийг 1989 онд Ираны дээд удирдагч Аятолла Хомейни уриалсан билээ. Үүний улмаас зохиолч хэдэн жилийн турш Британийн цагдаагийн хамгаалалтад байсан бөгөөд 2002 онд аюулгүй байдлын талаар Иранаас далд баталгаа авсны дараа хамгаалалтыг нь буулгасан юм. 2002 оноос хойш С.Рушди АНУ-д амьдарч буй аж. Өдгөө 75 настай Салман Рушди “Шөнө дундын хүүхдүүд” романаараа Букерийн шагнал (1981) хүртсэн. “Times” сонин түүнийг 1945 оноос хойших Британийн хамгийн агуу зохиолчдын 13-т жагсаасан байдаг.