Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

 Хятадын арми байлдааны ажиллагаанд  оролцоход бэлдэх нь

2022-09-23

Хятадын ардын чөлөөлөх армийг (ХАЧА) байлдаанд бэлдэхэд анхаарлаа хандуулах үүргийг БНХАУ-ын дарга бөгөөд тус улсын Цэргийн төв зөвлөлийн дарга Си Зиньпин өгчээ. Бээжинд болсон үндэсний батлан хамгаалах, цэргийн шинэчлэлийн семинарт оролцогчдод тэрбээр ийм үүрэг өгснийг Хятадын төв телевиз мэдээлэв. Уг арга хэмжээнд эрх баригч Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүд оролцсон байна. Армиа шинэчлэх зорилгод хүрэх төлөвлөгөөг чанд баримтлахыг БНХАУ-ын дарга мөн үүрэг болгосон гэнэ. 

Тайванийн эргэн тойрны байдал хурцадсантай холбогдуулан Си Зиньпин тушаал өгсөн аж. ХАЧА-ийн байлдааны командлалын зүүн бүсийн албан ёсны төлөөлөгч Ши И хэлэхдээ Тайванийн хоолойгоор Америк, Канадын тэнгисийн цэргийн хөлөг онгоцнууд дайран өнгөрсний дараа Хятадын анги нэгтгэлүүд байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд орсон хэвээр байна. Цэргүүд улсынхаа бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалж, бүх аюул заналхийллийг эсэргүүцэхэд бэлэн гэж тэрбээр онцлон тэмдэглэв. Бээжингийн Вашингтон, Тайбэйтэй хийж буй харилцаа өнгөрсөн сард хурцадсан билээ. АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси тус аралд айлчилснаар байдал хурцадсан. Тайванийг өөрийн мужуудын нэг гэж үздэг Хятад улс энэ айлчлалыг тус арлынхны салан тусгаарлах үзлийг АНУ дэмжиж буйн бэлгэдэл хэмээн буруушаасан. Бээжин Н.Пелосид хориг арга хэмжээ авч, Тайванийн хоолойд цэргийн томоохон хэмжээний сургуулилалт хийсэн. Үүний дараа Цагаан ордон “Нэг Хятад” зарчмыг баримталж байгаагаа дахин нотолсон ч Ерөнхийлөгч хууль тогтоох байгууллагын шийдвэрт нөлөөлөх боломжгүй хэмээжээ. 

2015 онд Хятадын эрх баригчид зэвсэгт хүчнийхээ чадавхыг дээшлүүлэхийн тулд шинэчлэл хийхээ мэдэгдсэн. Си Зиньпиний хэлснээр шаардлагатай бол ямар ч дайсныг няцаах чадвартай хэт орчин үеийн арми тус улсад бий болох ёстой. Хамгийн чухал шаардлага бол байлдааны бэлэн байдал, ялах чадвар юм гэж БНХАУ-ын дарга онцолсон юм. Ийнхүү шинэчлэлийн хүрээнд ХАЧА стратегийн пуужингийн цэрэгтэй болж, одоо БНХАУ-ын хуурай зам, агаар, тэнгисийн цэрэг, ардын зэвсэгт цагдаагийн хамт Хятадын зэвсэгт хүчнийг бүрдүүлж байна. 2017 онд болсон БНХАУ-ын Коммунист намын XIX их хурлын нээлтийн үеэр Хятадын удирдагч 2035 он гэхэд зэвсэгт хүчний шинэчлэлийг дуусгаж, өнөөгийн цаг үеийн сорилтод бүрэн нийцүүлэхээр төлөвлөж буйгаа мэдэгдсэн юм. 

Үүний сацуу ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ард түмэндээ хандаж үг хэлэхдээ хэсэгчилсэн дайчилгаа зарлаж, нөөцөд байгаа 300 мянган хүнийг хамруулахаа уламжилсан. Үүнийг эсэргүүцсэн жагсаал, цуглаан тус улс даяар болж, энэ үеэр 38 хотод 1251 хүнийг саатуулсан байна. Украины өөрийгөө зарлан тунхагласан Бүгд Найрамдах Донецк Улс болон Бүгд Найрамдах Луганск Улс, Запорожье, Херсон мужид ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгдэх, эсэх талаар бүх нийтийн санал асуулга явуулах болсны дараа дээрх шийдвэрийг гаргасан байна. Санал асуулга Оросын армийн хяналтад байдаг эдгээр бүс нутагт өнөөдрөөс эхлээд энэ сарын 27-ныг хүртэл явагдах юм.