ОХУ-Украины дайн, инфляц болон “Ковид”-ын дараах хомсдолын улмаас дэлхийн эдийн засгийн өсөлт удааширсан. Тэгвэл одоо хямралын аюул ард хоцорсон бөгөөд Оросын Ерөнхийлөгч Владимир Путин дайныг хурцатгах шийдвэр гаргахгүй бол ирэх жил байдал сайжирна гэж Олон улсын валютын сангийн эдийн засагчид үзэж байна. Тус сангаас нийтэлсэн шинэ таамаглалаас үзвэл өнгөрсөн оны намрын гутранги байдал аядуу өөдрөг үзлээр солигджээ. Дулаан өвөлжиж, төрөөс томоохон дэмжлэг үзүүлж, хүмүүс хөл хорионы жилүүдэд хуримтлуулсан мөнгөө хэрэглэхэд бэлэн байгаа ньөөдрөг таамаг дэвшүүлэхэд хүргэсэн байна. Тиймээс ОУВС өнгөрсөн оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн тооцоог ч, энэ оны таамаглалыг ч сайжруулжээ.
Манай хойд хөрш шинэчилсэн таамаглалд тэргүүлэгчдийн эгнээнд багтав. ОУВС өнгөрсөн оны аравдугаар сард ОХУ-ын эдийн засгийг энэ жил 2.3 хувиар буурна гэж таамаглаж байсан бол одоо 0.3 хувиар өсөх төлөвтэй гэж үзэв. Энэ ньюуны түрүүнд үнийн дээд хязгаар тогтоосны ачаар Европын нефтийн хориг Оросын гол түүхий эдийн экспортод тийм ч хүнд цохилт өгөөгүйтэй холбоотой. Хоёрдугаарт, Кремльдайны зардлаа эрс нэмэгдүүлсэн ч энэ ньэдийн засгийн өсөлтийн ерөнхий үнэлгээнд эергээр тусах аж. Тус улсын эдийн засаг дэлхийн ердөө хоёр хувийг эзэлдэг. Эерэг таамаг дэвшүүлсэн ньхамгийн хөгжингүй эдийн засагтай орнууд болох АНУ, Европын орнууд хямралд таамаглаж байснаас илүү тэсвэртэй болсонтой холбон тайлбарлажээ. Гэхдээ гол нь хөгжиж буй орнууд хөгжингүй улсуудаас илүү хурдацтай хөгжиж байна. Энэ нь ялангуяа Энэтхэг, Хятадад хамаатай. Тус хоёр улс энэ онд дэлхийн эдийн засгийн өсөлтийн тал хувийг хангана. Харин АНУ болон еврогийн бүсийнхэн аравны нэгийг л бүрдүүлэх гэнэ. Ерөнхийдөө хэрэглээ, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, худалдаа сэргэснээр дэлхийн ДНБ энэ онд 2.9 хувиар өснө гэж ОУВС үзэж байна.