Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ), НҮБ-ын Хүүхдийн сангийнхан хамтран 2023-2024 онд хийсэн “Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний зургаа дахь судалгааны дүнг өчигдөр танилцууллаа. Үүнд 21 аймгийн 112 сум, нийслэлийн найман дүүргийн нийт 2789 өрх, тав хүртэлх насны 2786 хүүхэд, төрөх насны 2513, жирэмсэн 2788 эмэгтэй, 15-49 настай 1950 эрэгтэй, ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн 4742 сурагчийг хамруулсан байна. Үндэсний хэмжээний уг судалгааг таван жил тутамд зохион байгуулдаг. Энэ удаагийн судалгааны дүнг өмнөхтэй нь харьцуулахад монголчууд шим тэжээлийн дутагдалтай, хооллолтын чанар тааруу, эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүний буюу хүнсний ногоо, жимс, жимсгэнийн хэрэглээ хангалтгүй хэвээр байгаа нь тодорхой болжээ.
Таван жилийн өмнөх судалгаагаар монголчууд шим тэжээлийн өлсгөлөнд өртсөн гэсэн дүгнэлт гаргасан нь энэ удаад ч өөрчлөгдөөгүй гэнэ. Ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүд бичил тэжээлийн дутагдалд өртсөн хэвээрээ аж. Жишээ нь, хоёр хүүхэд тутмын нэг нь насандаа тохирсон давтамжаар, зохих нэр, төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэж чадахгүй байгааг тогтоожээ. Мөн хүүхдүүдийн 31.8 хувь нь жимс, хүнсний ногоо огт иддэггүй, харин шарсан буюу эрүүл бус хүнсний хэрэглээ 42.2 хувьтай гарсан нь анхаарал татах, нэн даруй арга хэмжээ авах ёстой үзүүлэлт гэдгийг судлаачид хэллээ. Мөн гурван хүүхэд тутмын нэг нь чихэрлэг ундаа хэрэглэж байна гэв.
“Бага насны хүүхдийн хооллолтын дадал зуршлыг өмнөх судалгааны дүнтэй харьцуулахад сайжирсангүй. Үүний улмаас тав хүртэлх насны хүүхдүүдийн 8.4 хувийнх нь өсөлт хоцрогдолтой, 1.5 хувь нь тураалтай, 1.3 хувь нь туранхай буюу хоол тэжээлийн цочмог дуталтай байна. Харин 11.3 хувь нь илүүдэл жинтэйг судалгаагаар тогтоолоо. Энэ насны хүүхдийн дунд цус багадалт 21.3, Д аминдэмийн дутагдал 48 хувьтай гарсан. Хүүхдийн өсөлтийн үзүүлэлтийг ажиглахад 10 нас хүртлээ хэвийн үргэлжлээд, түүнээс хойш саарч байна” гэж НЭМҮТ-ийн судлаачид мэдээллээ.
Ч.Зул