Засгийн газар Орхоны хөндийд байгуулах Шинэ Хархорум хотын инженерийн шийдэл, ирээдүйн дүр төрхийг тодорхойлохдоо шилдэг архитектор, төлөвлөгч, инженерүүдийг оролцуулах зорилгоор хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлалыг нь боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг өнгөрсөн онд зарлаж, ялагчдыг тодруулсан билээ. Тэгвэл Төв аймгийн Алтанбулаг, Сэргэлэн сумын нутагт байгуулах Хүннү хотыг ухаалаг, ногоон, тогтвортой хөгжлийн загварт нийцүүлэн төлөвлөх олон улсын уралдааныг өнгөрсөн жилийн туршлагад үндэслэн зарласныг тус бүтээн байгуулалтыг хариуцсан Захирагчийн ажлын албанаас мэдээлэв.
Хүннү хотыг бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах, засаг захиргаа, эдийн засаг, тээвэр ложистикийн зангилаа төв болгохын зэрэгцээ Монгол Улсын түүх соёлыг дэлхийн хөгжлийн чиг хандлагатай хослуулсан дүр төрхтэйгөөр байгуулахаар зорьж буй. Тиймээс нэрийг нь Шинэ Хархорумаас Хүннү хот болгон өөрчилсөн. Харин олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтаар дээрх шалгуур, зорилгод нийцсэн концепц, дүр төрхтэй хотын төлөвлөлтийг тодорхойлох гэнэ.
Сонгон шалгаруулалтын бүртгэл ирэх сарын 3 хүртэл үргэлжлэх аж. Уралдааны цар хүрээг өргөжүүлэх үүднээс шалгаруулалттай холбоотой мэдээллийг designboom.com, archdaily.com, bustler. com зэрэг дэлхий дахинд олон сая уншигчтай, архитектор, дизайны тэргүүлэх сайтуудад нийтэлжээ.
Ж.Сувд