Манай улсын аялал жуулчлалын оргил үе нь долоодугаар сар. Зуны дэлгэр цагт Монголын тал нутгаар аялж, Үндэсний их баяр наадам үзэх гэсэн жуулчид энэ үед манай орныг олноороо зорьдог юм. Харин өнөө жил аялагчдын тоо эрс цөөрснийг Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны статистик харуулж байна.
Долоодугаар сар гарснаас хойш Монголд 79 мянга гаруй жуулчин иржээ. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 42 хувиар буурсан үзүүлэлт юм. Тодруулбал, 2024 оны долоодугаар сард манай улс 139 502 жуулчин хүлээж авсан бол өдгөө үүнээс 60 орчим мянгаар цөөн аялагч ирээд байна. Цаашид өдөрт дунджаар 4000-5000 жуулчин ирнэ гэж өөдрөгөөр төсөөлбөл энэ сарын сүүлч гэхэд ихдээ 107-115 мянга буюу өмнөх жилүүдийн мөн үеийнхээс 20-30 хувиар цөөн аялагч хүлээн авч болзошгүй нь. Монголыг зорих жуулчдын тоо ийнхүү эрс цөөрсөн нь манай гол зах зээлийг бүрдүүлдэг солонгос аялагчдын урсгал Азийн бусад бүс нутгийг зорих болсон буюу сонголтын хуваагдал үүссэн, нөгөөтээгүүр, гадаадын иргэдийн тав тух, аюулгүй байдлын асуудал хөндөгдөж эхэлсэн, аялал жуулчлал, зочлох үйлчилгээний чанар, хүртээмж нийтлэгээрээ муудсантай холбоотой гэж судлаачид үзэж байна. Түүнчлэн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тасалбарын хүртээмж муу, зохион байгуулалт сул, үйл ажиллагааны хөтөлбөрийн мэдээлэл дутмаг, тодорхой бус зэрэг нь голлох нөлөө үзүүлж буйг ч дурдав.
Манай улс энэ жил нэг сая жуулчин хүлээж авах зорилт тавьсан. Харин он гарснаас хойш нийт 429 мянга гаруй аялагч иржээ. Жилийн эцэс гэхэд энэ зорилтоо 60-70 хувьтай л биелүүлж болзошгүй байгааг салбарын зарим мэргэжилтэн анхаарууллаа.
Ж.Сувд