Монгол Улсын Төрийн шагналт, түүхч, доктор О.БАТСАЙХАН
1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр монголчууд төр улс, тусгаар тогтнолоо сэргээж, улсын цол Монгол хэмээн тунхаглан зарлаад бурхны шашны тэргүүн VIII Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын хаан ширээнд өргөмжлөн залж, Их Монгол Улсын эзэн Чингис хааны хасбуу тамганаас улбаатай төрийн хаш, мөнгөн тамгыг өргөсөн билээ. Шашин төрийг хослон баригч, Наран гэрэлт Богд хааны тамга хэмээх үсэг бүхий 1911 онд Монгол Улсын эзэн хаанаар Богд Жавзандамба хутагтыг өргөмжлөөд өргөн барьсан цагаан хаш, мөнгөн тамга болон Монгол Улсын Эх дагинын тамга нь Монгол Улс тусгаар тогтносон бүрэн эрхт улс хийгээд өөрийн эзэн хаантай болохыг илтгэн харуулсан агуулга, шинж чанартай болно. Сэргэн мандсан Монгол Улсын эзэн хааны тамганы дээд тал болон дөрвөн талд нь Өндөр гэгээн Занабазарын зохиож, зуун дамжин хүрдэнд хадгалж ирсэн “тэнгэр энх”, “түвшин дэлхий”, “төр маш бат”, “шашин маш тунгалаг” хэмээх үгсийг монгол үсгээр утга төгөлдөр, агуулга гүн бичсэн нь Монголын төрийг өнө мөнхөд бат оршиж, монголчуудын шүтэж ирсэн шашин нь тунгалаг байхыг бэлгэдснээс гадна дэлхий дахинаараа энх түвшин оршиж байхын ерөөл оршихуйг бэлгэдсэн чанартай болсон юм.
Монголын тусгаар тогтнол, төр улсын бат бэх, шашин тунгалаг байхыг билэгдсэн Өндөр гэгээнтний дээрх үгүүдийг бичихдээ тамганы толгойг эх хэмээн үзвээс эх оршин буй талд “тэнгэр” хэмээн бичиж, тамганы дээд талд “энх” хэмээн бичээд чандмань бариулны нөгөө талд “түвшин” хэмээн бичиж, тамганы эхний эсрэг талд “дэлхий” хэмээж, тамганы зүүн талд “шашин маш тунгалаг”, баруун талд нь “төр маш бат” хэмээн бичсэн байна. Мөн тамганы дээд талд уг тамгыг үйлдсэн хугацааг бичихдээ “Цагаагчин гахай жилд бүгдээр өргөмжлөн өргөв” хэмээснээс үзвэл энэхүү тамганы эзэн болох Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын эзэн хаанаар 1911 онд өргөснийг бас ийнхүү илэрхийлсэн байна. Эдгээр бүгд өөр өөрийн гүн агуулгатай бөгөөд монголчуудын хүслэн болсон тусгаар тогтнол, төр улс өнө мөнх оршихыг бэлгэдсэн чандмань бариултай тамгыг улсын эзэн хаандаа монголчууд өргөсөн нь энэ болой. Улмаар Өндөр гэгээн Анхдугаар Богд Жавзандамба хутагтын зохиосон “Өөрөө гарсан гэгээ” Соёмбо 1911 оноос Монголын төрийн сүлд, далбаанд орж, эдүгээ хүртэл оршин буй нь бидний бүрэн эрхт байдлын нэгэн илэрхийлэл билээ.
1915 онд Богд хаанд Монгол улсын шашны тэргүүний хувьд барих алтан тамга, алтан өргөмжлөлийг үйлдүүлэн өргөн барьсан байна. Наймдугаар Богд бээр анх 1874 онд Монголд залагдаж ирэхэд нь Манжийн хааны Бадруулт төрийн тэргүүн он Зуны тэргүүн сарын арван тавны өдөр буулгасан зарлигаар өргөн барьсан алтан тамга, алтан навчит өргөмжлөлийг барьж байсан учир түүнийг халах нь тусгаар тогтносон улсын хувьд зайлшгүй хэрэг байв.
Монгол тусгаар тогтнолоо тунхагласнаас хойш 1915 онд бурханы шашны тэргүүн Богд Жавзандамба хутагтад өргөн барьсан Богд хааны Алтан тамганы үг нь “Шашныг мандуулагч амьтныг жаргуулагч аврал итгэл, хамгийг айлтгагч оройн чандмань Очирдара Жавзандамба ламын тамга” хэмээсэн үгтэй бөгөөд тамганы хамт алтан өргөмжлөл дагалдуулсан байдаг.
Энэхүү уламжлал нь Халх Монголын бурханы шашны тэргүүн, Анхдугаар Богд Жавзандамба хутагтад цол олгож, алтан тамга, өргөмжлөл өргөсөн үеэс эхлэлтэй байх бөгөөд эдүгээгийн Монголын Бурхан шашны тэргүүн, Аравдугаар Богд Жавзандамба хутагт ч мөн адил алтан тамганы эзэн мөн болой.
1639 оноос хойш бурханы шашинтай бүх монголчууд арван дүрийн Жавзандамба хутагтыг шүтэн дээдэлж ирлээ.
Дээрхийн уг эх, тэргүүн дэвтэр, Зарлигаар Халхын Дөрвөн аймагт бүгдээр тахигдсан Шашныг мандуулах, амьтныг жаргуулагч Жавзандамба хутагтын уг эхэд “Мин улсын Цүн Эвэнгийн наймдугаар он хөхөгчин гахай жилийн есөн сарын хорин таванд эртний Юан улсын Тайзу хааны үр Халхын Очирай бат Түшээт хан Гомбодоржийн гэрт нэгэн хөвгүүн мэндэлжүхүй. Тэр хөвгүүн мэндлэх тухайд огторгуйд өнгө бүрийн солонго зэргээр татаж хараахан өвөл цагт дөрвөн этгээдэд зүйл бүрийн цэцэг навч дэлгэрч гайхамшигтай шим хотол газарт гүйцэлдэв. Тэр хөвгүүн энгийн хүүхдээс тасархай өөр болоод ихэмсэг, сэргэлэн. Хоёр насанд хүрч шашин ертөнцийн элдэв хэргийг нэвтэртэл мэдээд, огт багшгүй байтал элдэв зүйлийн номын утгыг өөрөө ухаж шүлэглэн зохиосноор үзсэн сонссон хүн үл сүсэлдэх нь нэг ч үгүй болов. Түүний эцэг Очирай бат Түшээт хан Гомбодорж тэр хөвгүүний эл учрыг тодорхойлон гаргаж Банчин эрдэнэ Лувсанчойжижамцаас лавласанд тэр хөвгүүн Жибзундарнатын хувилгаан магад мөн хэмээн зааснаар тэр хөвгүүнийг гэрээс гаргаж бага сахил авахуулсанд дөрвөн аймгийн монголчууд бүгдээр зөвлөлдөж цөм түргэдэлийн санаа нийлэлдээд даруй ширээнд суулгаж Жавзандамба гэгээн хэмээн өргөмжилж тахисны хойно бас аймгийн сонссон эл монголчууд бүрнээ сүслэж дөрвөн этгээдээс сүсэглэн биширч мөргөхөөр ирэгчид үнэхээр их мөрний урсгал мэт болжухуй” (Дээрхийн уг эх, тэргүүн дэвтэр 2019: 15) хэмээн тэмдэглэжээ.
Монгол Улсын Үндэсний номын сан, Үндэсний төв архивт хадгалж буй “Зарлигаар Халхын дөрвөн аймагт бүгдээр тахигдсан шашныг мандуулах амьтныг жаргуулагч Жавзандамба хутагтын уг эх ба элдэв гавьяа зүтгэл олон зүйлийн хэсэг зарлигийг зүйл дараалан бичсэн цэс” нь үе үеийн Богд гэгээнтэний сойвонгууд хөтөлсөн байх бөгөөд бичгийн эрдэмтэн мэргэд Богд дээдсийн намтарыг хожуу зохиохдоо энэхүү Дээрхийн уг эхийг баримталсан нь магад хэмээн бодно.
Тухайлбал, “Богд Жавзандамбын анхан төрлийн нэр оршвой. Орон дацан анхан байгуулсныг бичсэн буянаар бурханы шажин өнө үүрд орших болтугай” хэмээх сурвалжид Жавзандамба ламын уг эхийг анхан төрлийн нэр Лодойшиндонамдагаас эхэлж, арван зургадугаар төрлийн нэр Жибзунлувсандамбийжанцан буюу Өндөр гэгээн Занабазарын тухайд онцлон тэмдэглэж, “насан төгөлдөр хэмээгч хөхөгчин гал гахай жилийн есдүгээр сарын 25-ны өглөөний хэрд өлзий бүрдсэн сайн өдөр Халхын газраа эцэг Очирбат Түшээт хан Гомбодоржийн гэрт эх хатан Ханджамцаас Усан зүйлийн (уг эхдээ ийм байв) Хойд тав хэмээх газраа анхан хувилгаан гарч мэндэлсэн буй” гэх зэргээр бүхий л намтар түүхийг тодорхой өгүүлжээ.
Өндөр гэгээн Анхдугаар Богд Жавзандамба хутагт бээр 1635 оны хөхөгчин гахай жилийн намрын адаг улаан нохой сарын 25-ны хар бич өдөр, Ням гараг, таван шар мэнгэтэй усан суудалтай өдөр мэндэлжээ. Аргын тооллоор үзвэл 1635 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдөр тохиож буй.
Энэ жил Халх Монголын Бурханы шашны тэргүүн, Анхдугаар Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 390 жилийн ой тохиож, монголчууд Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр өргөн дэлгэр тэмдэглэж байна.
Анхдугаар Богд Жавзандамба хутагт амьдарч буй үедээ ямар цолтой байсан бэ гэдэг асуулт сонирхолтой юм. Учир нь бид үе үеийн Богдуудын цолыг нэрлэж, хүндэтгэж дуудаж хэвшсэн болохоор чухал аль үеийн Богдод анхлан Шашныг мандуулах, амьтаныг жаргуулагч хэмээх цол шагнасан нь ч бас сонирхол татаж байгаа билээ.
“Богд Жавзандамбын анхан төрлийн нэр оршивай” хэмээн сурвалжид “Эеэр Засагчийн VII он цагаан модон барс жил Төвдийн Будалын газраа (Будала хэмээх Будлан буюу Потала Төвөдийн нийслэл Лхас хотод байгаа Далай ламын ордон. 1637 онд энэ орчимд ордон баригдаж байсан ба 1645 он буюу V Далай ламын үед одоогийн Будала ордон баригджээ. 1959 онд Арван дөрөвдүгээр Далай лам улс төрийн шалтгаанаар дүрвэн ордныг орхисноос хойш музей болгож, улмаар дэлхийн соёлын өвд бүртгэгджээ) Далай лам Наваанлувсанжамцаас Жавзандамба хутагт хэмээх цол шар торгон шүхэр хэрэглүүлэх болгов” хэмээн бичсэн нь 1650 онд анх Занабазар гэгээнтэнд “Жавзандамба хутагт” (Монгол Улсын шастир Боть 1, 2024: 47) хэмээх цолыг олгожээ хэмээн үзэж болохоор байна.
Чухамдаа үүнээс хойш эх сурвалжуудад “Эеэр Засагчийн XI он хөх төмөр морин жил Богд Жавзандамбын гэгээнтэн Халхын газарт Хэнтий уулын өвөрт шарын шашныг бадруулах Рибугжинигандуншадулин хэмээх номын их хүрээ байгуулав” (Монгол Улсын шастир Боть 1, 2024: 50) гэх зэргээр Богд Жавзандамба хэмээх цолоор гэгээнтэнийг дуудах болжээ.
Дээрхийн уг эхэд Анхдугаар Богд Халх Монгол 1691 онд Манж Чин гүрэнд “Жавзандамба гэгээн бүх Халхчуудыг тэргүүлэн авч тулгар төр дагаж” орсон үеийн тухайд өгүүлэхдээ: “Зарлигаар их лам өргөмжлөн онц багш лам болгон хүндэлж умар зүгийн амьтны итгэл номын богд хэмээн шүлэглэн зохион шагнаж элдэв дотоод гадаадын нарийн нууц зүйлийг нэвтэрүүлэн зарлиг буулгаж шарын шашны тэргүүлсэн итгэл болгож”, зүйл зүйлийг өргөсөнийг тэмдэглэжээ.
Энэхүү сурвалжид “Зарлигаар их лам өргөмжлөн онц багш лам” болгосон “умар зүгийн амьтны итгэл номын богд” хэмээн тэмдэглэсэн боловч тодорхой цол өргөөгүй байна.
“Богд Жавзандамбын анхан төрлийн нэр оршвой” хэмээн сурвалжид дээр өгүүлснийг илүү тодруулан “Энх Амгалангийн 30 дугаар (1691) он цагаагчин шороо хонин жил Долоннуурын газарт тавдугаар сарын шинийн 3-нд буулгасан Шензү Өршөөлт хуандийн зарлигийг дагаж Жавзандамба хутагт хэмээх цол, шар торгон шүхрийг хэрэглэх болгов” (Монгол Улсын шастир Боть 1, 2024: 53) хэмээжээ. Энэ нь 1650 онд Далай ламаас Өндөр гэгээнд олгосон “Жавзандамба хутагт” хэмээх цолыг бататгасанаас бус шинээр цол олгоогүй төдийгүй ямар нэгэн тамга сэлтийн тухай дурдаагүй байна.
“Дээрхийн уг эх” хийгээд “Богд Жавзандамбын анхан төрлийн нэр оршвой” хэмээн сурвалжид “Энх Амгалангийн 39 дүгээр он цагаан төмөр луу жилийн өвөл Бээжинд заларч урьдчилан шинэлэв. Тэр үед Богд эзэн хаан бээр зарлигаар Далай ламд айлдаж лам нарын дотроос Жавзандамба ламаас илүү ламыг би үзсэнгүй хэмээх зарлигийг гурван удаа айлдаж цаглашгүй сайшааж зарлиг болов” гэх зэргээр Богд Жавзандамба хутагтад ихэд хүндлэл илэрхийлж байсан боловч ямар нэгэн цол олгоогүй байна.
Дээрхийн уг эх буюу Зарлигаар Халхын Дөрвөн аймагт бүгдээр тахигдсан шашныг мандуулах амьтныг жаргуулагч Жавзандамба хутагтын уг эхэд тэмдэглэснээр “Найралт төвийн тэргүүн онд (1723) Шизун Төлөвт хуанди урьд Шизүн Өршөөлт хуанди Жавзандамба хутагтыг маш өршөөж дотнолон үзсэн нь туйлд хүрэв хэмээн тусгай Хишиг зарлиг буулгаж шашныг мандуулах цол”, “алтан тамга, алтан навчит өргөмжлөл” (Дээрхийн уг эх, тэргүүн дэвтэр 2019: 17) шагнан хүргүүлсэн байна. Эл тухай “Богд Жавзандамбын анхан төрлийн нэр оршивай” хэмээн сурвалжид “Найралт Төвийн тэргүүн (1723) он харагчин төмөр туулай жил... хоёрдугаар сарын шинийн 1-нд шагнасан Шинзүн Толобту хуандийн хишиг хүртээж Жавзандамба хутагтад Шажныг мандуулах хэмээх цол, алтан тамга, алтан навчит өргөмжлөлөөр (Навчит өргөмжлөл-Алтны навч, шар цаасны навчинд бичиг бичиж өргөмжлөхийг нь цөм навчит өргөмжлөл хэмээмүй) шагнав” (Монгол Улсын шастир Боть 1, 2024: 55) хэмээжээ.
Энэ бол Богд Жавзандамба хутагтад анх удаа Манжийн хааны зарлигаар “Шажныг мандуулах” цол, “алтан тамга, алтан навчит өргөмжлөл” олгосон хэрэг юм. Гэвч эл тухай Агваанпринлэйжамцын туурвисан “Живзун Дарнатын гэгээний дээд хувилгаан Агваан лувсан чойжи ням данзан ванчүг балсанбогийн дүр хийгээд түүхэнд ялгуулсад бээр бошог үзүүлсэн ба хааны угсааны ёсыг тодруулан үйлдсэн эндүүрэлт үзэгдлийг машид арилгагч, шашин төрийн наран саран хосолсны гэрлийн гэгээ хэмээгдэх оршивай” хэмээх бүтээлд огт дурьдаагүй байна.
Халх Монголын Бурхан шашны тэргүүн, Анхдугаар Богд Жавзандамба хутагт бээр энэхүү Найралт төвийн тэргүүн он буюу 1723 оны Цагаан сарын 14-ны өдөр таалал болсоныг сурвалжуудаас бид мэднэ. Өөрөөр хэлбэл Өндөр гэгээнийг таалал болохоос хэдхэн хоногийн өмнө Манжийн хаанаас зарлиг буулган, цол хэргэм олгож, алтан тамга өргөжээ хэмээн ойлгогдохоор байна.
Юань, Мин, Чин улсын хаадын оны тоолол, сар өдрийг тайлж унших гарын авлага-д (Тод номын гэрэл төв На. Сүхбаатар эрхлэн, Энхсаруул орчуулж, 2019 онд хэвлүүлсэн, 130 дахь тал) Найралт төвийн нэгдүгээр он харагчин туулай жил /1723/-ийн Билгийн тооллын нэгдүгээр сарын 1 буюу цагаан сар аргын хоёрдугаар сарын 5-ны өдөр тохиосон байна. Билгийн тооллын хоёрдугаар сарын 1 нь аргын тооллын гуравдугаар сарын 7-нд тохиожээ. Энэ юу гэсэн үг вэ. Хааны зарлигаар Анхдугаар Богд Жавзандамба хутагтад дээрх цолыг нэхэж өгсөн хэмээж үзэх боломжгүй юм. Дээр дурьдсан хоёрдугаар сарын 1 хэмээх нь аргын тоолол гээд үзвэл Цагаан сараас даруй дөрвөн хоногийн өмнө өгсөн болж таарна. Гэхдээ үүнийг нягтлах шаардлага байна гэж үзлээ. “Богд Жавзандамбын анхан төрлийн нэр оршвой” хэмээх сурвалжид монгол бичгээр хоёрдугаар сарын 1 хэмээн магад бичсэн нь тодорхой харагдана.
Халх Монголын Бурхны шашны тэргүүн, Анхдугаар Богд Жавзандамба хутагт бээр Манжийн эзэн хаан лугаа онцгой нэгэн харилцаатай байсан хэрэг бөгөөд тиймээс Манж хаан Далай ламд үзүүлдэг байсны адил зиндааны хүндэтгэлийг Монголын Богд Жавзандамба хутагтад үзүүлж байсан тухай сурвалжид нэг бус тэмдэглэжээ.
Манжийн эзэн хаанаас гэгээнтэнд олгосон цолыг Өндөр гэгээн Занабазар хэрэглэсэн, эсвэл алтан тамга дарсан ямар нэгэн лүндэн зарлиг буулгасан зүйлс эх сурвалжуудад дурдаагүй байна.
Өндөр гэгээн Занабазарт чухам Манжийн эзэн хаанаас Шажныг мандуулах хэмээх цол, алтан тамга, алтан навчит өргөмжлөл олгосон зарлиг шийдвэрийг дахин нягтлууштай болохыг үүгээр илэрхийлж байна.
Учир нь “Дээрхийн уг эх”-эд “Тавдугаар он (1726) арван нэгэн сард Гадаад Монголын төрийг засах явдлын яамнаас Зарлигийг дагаж хэлэлцээд дахин айлтгасаны дотор Жавзандамба хутагтыг Жавзандамба лам хэмээн өргөмжлөөд түшмэл зарж жуух тамгыг өргөж Халхын Хүрээний газраа хүргүүлье хэмээн айлтгасанд буулгасан Зарлигийн дотор “Жавзандамба хутагт, Банчин эрдэнэ, Далай ламын зэрэг хувилгаан гарсан нь маш тодорхой. Шарын шашинд тэргүүлүүлэн өргөмжилвөөс зохимуй. Жавзандамба хутагт хэмээгч хувь зохиол зан язгуураас үндэс эш буй. Далай лам, Банчин эрдэнийн зэрэг их лам, тийнхүү олон Халхчууд цөм эрхэмлэн хүндэлж сүслэн тахижухуй. Тэр ч байтугай түүний суусан Хүрээний газарт бүх шавь нар маш үлэмж. Үүнд хүүгийн мөнгийг арван түмэн лан хөдөлгөж их сүм байгуулан үйлдэж хувилгааныг өргөмжилж сүмд тэргүүлүүлэн суулгаж олон ламыг хуруулж мөн баруун орны адил ном судрыг боловсруулан тайлбарлаж шарын шашныг бадруулан илэрхийлтүгэй хэмээн Гайхамшигтай хишиг зарлиг буулгасныг хичээнгүйлэн дагаж Жавзандамба хутагтын үе үед цөм Жавзандамба лам хэмээн өргөмжилж алтан тамга, алтан навчит өргөмжлөл шагнан олгуулсаар ирсэн бөгөөд, басхүү Зарлигаар тусгайлан сайд гаргаж Хүрээний хойд этгээд Ибэн нэрт газарт их сүм үйлтгүүлж Далай лам, Банчин эрдэнийн баруун этгээд оронд оршсон ёсчлон буулгаж шарын шашныг бадруулав. Долоодугаар онд Халх дахинаар Хүрээнд залж их ширээнд суулгасан” (Дээрхийн уг эх, тэргүүн дэвтэр 2019: 19) хэмээн тэмдэглэсэн байна.
Харин эл талаар “Богд Жавдандамбын анхан төрлийн нэр оршивай” хэмээх сурвалжид тодорхой зүйл дурдаагүй байна.
Агваанпринлэйжамцын Богдын намтарт “Сүүдэр арван дөрөвний дээр Эзэн Богд Тэнгэрийн тэтгэсэн хаан бээр мөнгө арван түмэн лан хайр шагнаж, Амарбаясгалант хийдийг байгуулж өргөсөн” хэмээгээд “Түүний хойд жил (1739)-д Эзэн хаан бээр Шашныг мандуулах амьтныг жаргуулагч Жавзандамба хутагт хэмээх цол хийгээд төвөд, манж, монгол үсэг сийлсэн алтан тамга, зуун лан алтаар бүтээсэн тэргүүтнийг зарлигаар өргөмжлөн магтаж, өргөл хүндлэл тэнцэл үгүй нэгнийг зохиосон” (Агваанпринлэйжамц Богд хааны намтар, 2001: 42) хэмээн тэмдэглэжээ. Эндээс үзвэл Анхдугаар Богд Занабазар гэгээнтэнд Далай лам бээр Жавзандамба хутагт хэмээх цолыг олгосон нь магад байх бөгөөд харин Манжийн хаанаас олгосон цол, алтан тамганы талаарх мэдээлэл тун бүрхэг бөгөөд, хэрэв Занабазар гэгээнтэнд зөвхөн “Шашныг мандуулах” цол олгож, алтан тамга өргөхөөр зарлигласан бол хийж завдаагүй байх магадлалтай байна.
Дээрхийн тухай сурвалжид өгүүлэхдээ: “Байцааваас Найралт төвийн V онд (1727) Жавзандамба хутагтын хувилгаан гарсны хойно түшмэл манай Журганаас айлтгаж урьд төрлийн Шажныг мандуулагч Жавзандамба хутагтад өгсөн хуучин алтан тамга, навчит өргөмжлөлийг хүргэж ирүүлээд мөн ёсоор Шажныг мандуулагч цолыг нэмэн бичээд түшмэл зарж хүргүүлснийг” дансанд тэмдэглэжээ. “Эдүгээ Жавзандамба хутагтын газраас Богд эзэн хэтэрхий хишиг хүртээж надад Амьтныг жаргуулагч цол нэмж шагнав. Эдүгээ шагнасан цолыг тамга ба навчит өргөмжлөлд оруулж олгуулах ажаамуу хэмээсний тулд үүнийг хутагтын гуйсан ёсоор урьд өргөсөн алтан тамга ба навчит өргөмжлөлийг хүргэж ирүүлээд эдүгээ шагнасан Амьтныг жаргуулагч цолыг нэмэн бичээд цутгаж олгуулахаас гадна шанзудбын тамганд язгуураас Шажныг мандуулагч Жавзандамба ламын Хүрээний хэргийг шийтгэх ба бүгд шавь нарыг захирах Эрдэнэ шанзудбын тамга хэмээн бичээд өгсөн бөлгөө. Эдүгээ Эзэн хишиг хүртээж хутагтын цолд Амьтныг жаргуулагч цол нэмэн шагнасны тулд шанзудбын тамганд бүхий хутагтын цолд бас ч Амьтныг жаргуулагч хэмээх үсэг нэмэн бичээд хуучин хэвийн ёсоор цутгаж олгуулъя” (Дээрхийн уг эх, хоёрдугаар боть 2019: 22) хэмээснээс үзвэл Манжийн хааны зарлигаар Анхдугаар Богд Жавзандамба хутагтад олгосон “Шажныг мандуулагч” цол дээр нэмж, “Амьтныг жаргуулагч цол”-ыг нэмэн олгож, цутгаж ирүүлэхээр болсон байна.
Дээр бичсэнийг харьцуулан үзвэл, Анхдугаар Богд Жавзандамба хутагтад “Шашныг мандуулах” цол олгосон, Хоёрдугаар Богд Жавзандамба хутагтад нэмж, “Амьтныг жаргуулагч” цол олгожээ хэмээн үзэж болохоор байна. Гэвч дээрх хоёрдугаар сарын 1-нд буулгасан зарлигийн хугацаа, хэрэгжсэн байдал зэргийг нягтлах аваас, Анхдугаар Богд Жавзандамба хутагт Манжийн хаанаас тухайлан цол хүртэж байгаагүй хэмээн үзэх болох мэт байна.
Харин Хоёрдугаар Богд Жавзандамба хутагтад Манжийн хаанаас “Шашныг мандуулах амьтныг жаргуулагч Жавзандамба хутагт хэмээх цол” олгож, “төвөд, манж, монгол үсэг сийлсэн алтан тамга, зуун лан алтаар бүтээсэн тэргүүтнийг зарлигаар өргөмжлөн магтаж, өргөл” 1739 онд (оныг нягтлах хэрэгтэй) өргөсөн нь магад.
Үргэлжлэл нь дараагийн дугаарт