“Торгоны зам” 15 дахь удаагийн уралдааны хаалтын ажиллагаа ОХУ-ын Алтайн Бүгд найрамдах улсын Горно-Алтайск хотод өндөрлөж, шилдгүүдээ тодруулав. Дээрх уралдаанд 12 орны 837 тамирчин Буриадын Эрхүү хотоос гараагаа эхлүүлж, автомашин, мотоциклын төрөлд хурд сорихдоо Улаанбаатар, Баянхонгор, Говь-Алтай, Ховд аймгийн нутгаар дайран өнгөрч, нийт 5500 км замыг туулсан юм. 11 өдөр үргэлжилсэн тус уралдааны “Motor rally 450” ангилалд Монголын тамирчин, ОУХМ П.Мөрөн KTM 450 rally replica загварын мотоциклоор уралдан түрүүлж, “Цагаан арслан” цомын эзэн боллоо.
Тэрбээр өнгөрсөн жил тус уралдаанд II байр эзэлсэн бол энэ удаа амжилтаа ахиулж, аваргын цом гардлаа. Автомашины уралдаанд ОХУ-ын баг тамирчид эхний гурван байртшалгарсан байна. 2009 оноос эхлэн зохион байгуулсан “Торгоны зам” олон улсын уралдааныг БНХАУ-ын Автомашин, мотоциклын спортын холбооноос зорчих замын зарим хэсгийг явуулах боломжгүйг өнгөрсөн хавар мэдэгдсэн тул Монгол Улсын Засгийн газартай хамтран маршрутын замыг өргөтгөж, бариаг Улаанбаатар хот руу шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.