БНСУ-ын Чонжү хотоос Хөвсгөлийн Мөрөн чиглэлд энэ сараас эхлэн шууд нислэг үйлдэхээр төлөвлөж буйг тус аймгийн ЗДТГ-аас мэдээлж байв. Тэгвэл шууд нислэгийг ирэх долоо хоногийн даваа гарагт буюу долоодугаар сарын 28-наас эхлүүлэхээр бэлтгэлээ базааж, зохих зөвшөөрлөө авсныг “Хүннү эйр” компаниас өчигдөр зарлалаа. Үүний үр дүнд манай улсын иргэд болон солонгос жуулчид заавал Улаанбаатар хотоор дамжихгүйгээр цаг хугацаа, зардал мөнгөө хэмнэн Монгол орны хоймор нутагт очих боломж бүрдэж байна.
“Хүннү эйр”-ийнхэн Чонжү-Мөрөнгийн чиглэлд 98 хүний суудалтай “Embraer-190” агаарын хөлгөөр зорчигч тээвэрлэх бөгөөд хоёр улсыг холбосон нислэг дөрвөн цаг гаруйн хугацаанд үргэлжлэх тооцоог гаргажээ. Засгийн газар бүсчилсэн хөгжил, аялал жуулчлалыг дэмжих бодлогын хүрээнд орон нутгийн таван нисэх буудлыг олон улсын зэрэглэлтэй болгож, гадаадаас шууд нислэг хүлээж авах нөхцөл бүрдүүлэхээр ажиллаж буй. Тэгвэл өргөтгөл, шинэчлэлийн ажлаас урьтан, олон улсын нислэг хүлээж авах орон нутгийн анхны нисэх буудал “Мөрөн” болох нь.
Н.Мишээл