Ипотекийн зээл бол дундаж амьдралтай өрх, гэр бүлүүдэд ус, агаар мэт хэрэгтэй, утаанаас ангижрах зорилготой улс орны хувьд ч хумьж болохгүй бодлого. Гэвч сүүлийн жилүүдэд ипотек тойрсон маапаан, арилжааны банкнуудын хүлээгдэл, залхаан цээрлүүлэлт утгаа алдаж, иргэдийн стресс бухимдлын гол шалтгааны нэг болоод буй. Ипотекийн зээл горилогчдын зовлон зүдгүүр багадаагүй атал дахиад нэг нэрмээс, санхүүгийн дарамт иргэдийн нуруунд үүрүүлэх болсон нь даатгалын шинэ журам юм. Тодруулбал, ирэх сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэх урт хугацааны амь насны даатгалын шимтгэлд иргэд орон сууцын зээл, барьцаа хөрөнгийн даатгалаас гадна их хэмжээний мөнгө төлөхөөр болчхоод байгаа. Орон сууцын зээлийн хэмжээ, хугацаа, зээлдэгчийн нас, өвчлөлийн түвшин зэргээс хамаарч шимтгэлийн хувь хэмжээ нь харилцан адилгүй байна гэж албаныхан тайлбарлах ч ачир дээрээ тийм биш аж. Хатуухан хэлэхэд ипотектэй иргэд зээл, даатгалын шимтгэл төлөх явцдаа үхчихвэл л энэ нь ар гэрийнхэнд нь ашигтай, бусдаар бол “дээрэм” гэх.
Улсын хэмжээнд эдүгээ ипотекийн зээлтэй 115 мянган өрх бий гэнэ. Тэд болон шинээр зээл хүсэгчид урт хугацааны даатгалд хэдий хэмжээний шимтгэл төлөх, эсэхийг, журам хэрхэн яаж өөрчлөгдсөн тухай ч төдийлөн мэдэхгүй байна. Нийгмийн сүлжээгээр “шуурсан”, ипотекийн зээлийн даатгалд 25, 30 сая төгрөг нэмж төлөх нь гэсэн бүдэг бадаг л мэдээлэлтэй. Тэгвэл Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-ныхон ипотекийн даатгалын үйл ажиллагааны шинээр мөрдөх журмын талаар “Хороо нь иргэдийн болон даатгуулагчдын эрх ашгийг хамгаалах үндсэн чиг үүрэгтэй. Өмнө нь мөрдөж асан ипотекийн даатгалын журмаар иргэд гэнэтийн ослын болон урт хугацааны амьдралын даатгал гэсэн хоёр төрлөөс сонгон, хамрагддаг байв. Гэхдээ зээлтэй иргэдийн олонх нь хямд буюу гэнэтийн ослын даатгалыг илүүтэй сонгодог. Энэ нь иргэдэд төдийлөн ашгаа өгөөгүй. Учир нь ипотекийн зээлтэй 10 иргэн тутмын найм нь гэнэтийн ослоор бус, өөр шалтгаанаар хөдөлмөрийн чадвараа алдаж, эсвэл нас бардаг гэсэн судалгаа бий. Энэ нь даатгалын хамгаалалт цөөн тохиолдолд үйлчилж буйг харуулна. Тиймээс үүсээд буй энэхүү зөрүүг арилгах, даатгуулагчдын эрсдэлийг бодитоор үнэлэх, хамгаалах зорилгоор СЗХ-ноос олон улсын жишигт нийцсэн даатгалын системийг нэвтрүүлэхээр болсон. Энэ нь урт хуга¬цаанд буюу хүний амьдралын бүхий л үе шатанд тохиолдож болзошгүй эрсдэлээс хамгаалдаг даатгалын тогтолцоо юм” хэмээсэн.
Үүний дагуу цаашид ипотекийн зээлд хамрагдах иргэд урт хугацаанд амь, эрүүл мэндээ даатгуулахаар болж байна. Харин зээлтэй иргэд гэрээгээ сунгуулах явцдаа шинэ зохицуулалтын дагуу урт хугацааны даатгалд хамрагдана. Энэхүү зохицуулалтыг Даатгалын багц дүрмийн нэгдүгээр хавсралт “Даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаанд тавигдах шаардлага, дагаж мөрдөх үзүүлэлт”-д оруулсныг СЗХ-ноос мэдээлсэн. Ингэснээр зээлдэгч нь барьцаа хөрөнгөө ердийн, харин зээлдэгчийн амь, эрүүл мэндийн урт хугацааны даатгалыг ийм бүтээгдэхүүн санал болгосон компаниудад даатгуулах юм. Тодруулбал, Орон сууцын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журам болон ипотекийн зээлийн үйл ажиллагаатай холбоотой бусад дүрэмд ипотекийн зээлдэгч нь амь, эрүүл мэндийн болон барьцаа хөрөнгийн даатгалд зээлийн үүргийн гүйцэтгэл дуусах хүртэлх хугацаанд заавал даатгуулах шаардлагыг тавьсан байдаг. Шинэ зохицуулалтаар гэнэтийн ослын даатгалыг урт хугацааныхаар сольж, бусад зохицуулалт нь хэвээр үлдэнэ..
СЗХ-нд ипотекийн барьцаа хөрөнгийн даатгал хийдэг 16 компани бүртгэлтэй байдаг аж. Тэднээс долоо нь өнгөрсөн оны байдлаар 470 даатгалын гэрээний нөхөн төлбөрт 931 сая орчим төгрөгийг иргэдэд олгожээ. Тэгвэл зээлдэгчийн гэнэтийн ослын 27 даатгалын гэрээнд 1.1 тэрбум төгрөгийн нөхөн олговор өгснийг тус хорооноос мэдээлсэн. Гэсэн ч энэ нь иргэдэд хангалтгүй, эрүүл мэндийн даатгалын нөхөн төлбөртэй холбоотой маргаан, гомдол тасрахгүй байгаа. Тиймээс л иргэдийг ердийнхөөс 5-6 дахин илүү хамгаалах боломжтой урт хугацааны даатгалд хамруулах болсноо ахин дахин мэдэгдээд буй гэнэ. Уг зохицуулалтад давуу тал мэдээж бий. Зээлдэгчийн амь, эрүүл мэнд зөвхөн гэнэтийн ослоор хамгаалагдахгүй, хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон цус харвалт, хорт хавдрын өвчлөл зэргийг үүнд багтаасан нь сайн хэрэг. Гэвч даатгалд жилд 100 гаруй мянган төгрөгийн шимтгэл төлдөг байсан зээлдэгч нарт урт хугацааных нь санхүүгийн хүндрэл үүсгэх нь ойлгомжтой. Харин СЗХ үүнийг зөв шийдэл хэмээгээд даатгалын хамгаалалт 5-6 дахин нэмэгдэж буй тул үүнийг дагаад хураамж өсөх нь зах зээлийн зарчим гэв.
Гэнэтийн ослын болон барьцаа хөрөнгийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг компаниуд өөрсдөө тогтоодог байсан бол урт хугацааныхыг мэргэжлийн хүмүүсийн тооцоолол дээр үндэслэн харилцан адилгүй гаргах тухай дээр хэлсэн. Тэгвэл урт хугацааны даатгалын бүтээгдэхүүнтэй, СЗХ-ны тусгай зөвшөөрөлтэй хоёрхон компани манайд бүртгэлтэй байх юм. Иргэд эл хоёр компанид л хандаж даатгалын үйлчилгээ авна гэсэн үг шүү дээ. Өөрөөр хэлбэл, ипотекийн зээлтэй байгаа 100 гаруй мянган иргэний гэрээг сунгах үед, мөн цаашид зээлд хамрагдах хүмүүс гээд бүгд л тус хоёрх компанид л амь, эрүүл мэндээ урт хугацаанд даатгуулах нь.
Харин иргэд үүнд сэтгэл маш дундуур байна. Зарим нь СЗХ-ныхныг хэдхэн жишээ, тоо баримтад үндэслэн, нийт зээлтэй иргэдийн олонхыг гэнэтийн ослоор бус, өөр шалтгаанаар хөдөлмөрийн чадвараа алдаж, эсвэл нас бардаг гэж өнгөц дүгнэсэн хэмээж буй. Цаашлаад тус хорооны удирдлагыг амь насны урт хугацааны даатгал хийх зөвшөөрөлтэй дээрх хоёр компанийн талд илтэд үйлчилж, зээлтэй иргэдийг тэдний насан туршийн “хоол болгох” нь гэж хардах хүн ч олон байгаа юм. СЗХ-ноос гаргасан, ипотекийн зээлтэй 10 хүн тутмын найм нь гэнэтийн ослоос бус, өөр шалтгаанаар нас бардаг гэж үзвэл тэдний тооцооллоор зээлтэй 115 мянган иргэний 92 000 нь өвчин, хорт хавдраар хорвоог орхино гэсэн үг. Тиймээс л албаныхан шинэчилсэн журмаар зээлтэй иргэн нас барсан тохиолдолд түүний ар гэрийнхнийг эдийн засгийн эрсдэлээс хамгаалж, зээлийн дарамтаас чөлөөлөхийн тулд тэгтлээ улайраад байгаа хэрэг хэмээн зөвтгөхөд бэрх.
Монголд идэвхтэй хөдөлмөр эрхлэгчдийн дийлэнхийг эзэлдэг 25-45 насныхан ипотекийн зээлийн 85 орчим хувийг бүрдүүлдэг гэсэн судалгаа бий. Өөрөөр хэлбэл, өвчин, эндэгдэл хамгийн бага тохиолддог, харьцангуй эрүүл бүлгийн хүн амыг урт хугацааны даатгалд толгой дараалан хамруулах гээд буйн цаад шалтгаан нь ойлгомжтой биш гэж үү. Ердөө л даатгалын компаниудыг “угжих” гэсэн башир арга гэдэгтэй санал нийлэх хүн ч олон байна. Тэгээд ч манай улсын бүх төрлийн даатгал иргэдийг “шулах” л тогтолцоотой. Ипотекийнх ч ялгаагүй. Жишээ нь, 30 настай Дорж 50 хүртлээ ипотекийн зээл, мөн барьцаа хөрөнгийн болон урт хугацааны амь, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлнө. Эл хооронд үхэх өвчин тусахгүй л бол зээлээ бусдын адил төлж дуусгах нь ойлгомжтой. Харин даатгалын шимтгэлд төлсөн хэдэн арван сая төгрөгөөсөө нэг ч зоос эргүүлэн авахгүй. Энэ бол манай улсын хуримтлалгүй даатгалын харгис систем юм. Урт хугацааны амь насны даатгалын хураамж жилд 0.2-0.5 хувьтай байдаг. Тэгэхээр хамгийн багаар бодоход 100 сая төгрөгийн зээлтэй иргэд даатгалд жилд дунджаар 300-500 мянга, зээл төлөгдөж дуусах хүртэл 6-10 сая төгрөгийн шимтгэл нэмж төлнө. Зээлийн хэмжээ нэмэгдэх тусам хураамж өсөх нь тодорхой.
СЗХ-ныхон урт хугацааны амьдралын даатгалыг нэвтрүүлэх журмыг олон улсын жишигт нийцүүлсэн гэж тайлбарласан. Харин бодит байдалд уг даатгалын бүтээгдэхүүн нь гадаадын жишгээс олон талаараа ялгаатай байгаа юм. Ипотек нь олон улсад иргэдийн зээлийн эргэн төлөлтийн эрсдэлээс хамгаалах, банкны системийг тогтвортой байлгах гол механизм нь. Ихэнх улсад ипотекийн зээлийн харилцаанд урт хугацааны амь насны даатгалыг заавал шаарддаггүй. Зарим оронд төр, тухайн банк нь даатгалын шимтгэлийг төлдөг тохиолдол ч байна. Урт хугацааны даатгалын үйлчилгээтэй улс орнуудад иргэдэд санхүүгийн дарамт учруулахгүйн тулд тухайн жилийн шимтгэлийг сар бүрийн эргэн төлөлтөд нь шингээдэг, хуримтлалтай, сонголттой бүтээгдэхүүнүүдийг санал болгодог. Даатгалын эдгээр төрөл нь олон улсад өргөн хэрэглэгддэг, хуульчлагдсан, тогтвортой систем аж. Харин манайд орон сууцын буюу барьцаа хөрөнгийн болон амь насны даатгалыг заавал хийлгэхийг шаарддаг, хуримтлалгүй хэрнээ хураамж өндөр. Зээлтэй иргэн бүрийг хамруулна гэх мэт сонголтгүй, социализм системтэй хэвээрээ.