“Эрэл” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбатын хүү Э.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэл нар хүний биед халдаж, хүнд гэмтэл учруулж, одоогоор 48 цагийн хугацаатай саатуулагдсан. Саатуулах хугацаа Эрдэнэбатын Тэмүүлэн шөнийн 21 цаг 40 минут, Цэрэнпунцагийн Санжаачойпэлийн мөн шөнийн 22 цагт дуусна. Тэгвэл өнөөдөр сунгаж хорих эсэх асуудлаар шүүх хуралдаж байна. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас тэднийг үргэлжлүүлэн хорих тухай саналыг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд хүргүүлжээ. Яг одоо хурал болж байна.
Мансуурагч Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл нарыг анх яагаад цагдан хорьсон тухай шүүхийн шийдвэрийг танилцууллаа.
Шүүхийн нэр: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх
Шийдвэрийн дугаар: 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 2158, 2159 дугаар захирамж
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Нийслэлийн прокурорын газраас сэжигтэн Эрдэнэбатын Тэмүүлэн, Цэрэнпунцагийн Санжаачойпэл нарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай үндэслэл байгаа, түүнчлэн дахин гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл байгаа бол” гэх үндэслэлээр баривчлах саналыг тус шүүхэд ирүүлсэн.
Шүүхэд ирүүлсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан материалтай танилцахад:
Нийслэлийн Прокурорын газраас Эрдэнэбатын Тэмүүлэн, Цэрэнпунцагийн Санжаачойпэл нарыг “2025 оны 7 сарын 18-19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Канте” шөнийн цэнгээний газрын гадаа талбайд хохирогч Д.С-ын нүүрэн тус газарт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр биед нь бүлэглэн халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан” гэх хэргээр мөрдөн шалгах ажиллагааг явуулж шалгасан байх бөгөөд шүүхээс хэрэг бүртгэл, мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтуудыг үндэслэн сэжигтэн Эрдэнэбатын Тэмүүлэн, Цэрэнпунцагийн Санжаачойпэл нарыг “гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай үндэслэл байгаа” гэх үндэслэл тогтоогдож байх тул сэжигтнийг баривчлах саналыг тус тус хүлээн авч, хангаж шийдвэрлэв.
Уг сэжигтнүүдэд авсан Шүүхийн зөвшөөрлөөр баривчилж саатуулсан хугацаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар 48 цагаас хэтэрч болохгүй бөгөөд Эрдэнэбатын Тэмүүлэнг 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 21 цаг 40 минутаас, Цэрэнпунцагийн Санжаачойпэлийг мөн өдрийн 22 цаг 00 минутаас сэжигтнээр тус тус баривчилсан болно.
Эрдэнэбатын Тэмүүлэнг сэжигтнээр баривчлах хугацаа 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 21 цаг 40 минутаас,
Цэрэнпунцагийн Санжаачойпэлийг сэжигтнээр баривчлах хугацаа 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 22 цаг 00 минутаас тус тус хэтэрч болохгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Тоймыг бэлтгэсэн: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Энхтүвшин