Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсад төрийн айлчлал хийж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгч Садыр Жапаров “Ынтымак Ордо” төрийн ордондоо өчигдөр албан ёсоор угтан авчээ. Төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийсний дараа талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичигт гарын үсэг зурсан юм. Хоёр улсын Ерөнхийлөгч нар өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт амжилтаа дүгнэн, ирэх жилүүдэд хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулан хөгжүүлэх хэтийн төлөв, тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлсон байна. Киргизийн Ерөнхийлөгчийг эх орондоо айлчлахыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх урьсан юм. Ерөнхийлөгч С.Жапаров, Монгол Улс нь бүс нутаг дахь тус улсын чухал түнш болохыг онцолсон билээ.
Түүнчлэн хоёр улсын Төрийн тэргүүн нар Монгол Улс, Киргиз улстай Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоох тухай хамтарсан тунхаглалд гарын үсэг зурсан юм. Ингэснээр тус улс нь манай улстай “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоосон Төв Азийн хоёр дахь улс болжээ. Ташрамд, Манай улс тус улстай 1992 онд дипломат харилцаа тогтоосон байна.
Ч.Туяа