Увс аймгаас ирсэн Б.Жанчиг гуай манай сонины редакцад зочиллоо. Монгол Улсын тэргүүний авто замчин түүнтэй автозамын салбарт оруулсан хувь нэмэр болоод амьдралын замналынх нь талаар ярилцлаа. Б.Жанчиг гуай халуунд халж, хүйтэнд хөрж, цас, бороог үл ажран эх орныхоо хөгжилд чимээгүйхэн хувь нэмрээ оруулж, автозамын салбарт бүхий л амьдралаа зориулсан нэгэн аж.
-Та Увс аймгаас ямар зорилгоор нийслэл хотод ирсэн бэ?
-Өвгөн ах нь алс хязгаар Увс нутгаас өнөөгийн төр засаг, нийгэмд бухимдсан сэтгэлээ багтааж ядан ирлээ. Би Увс нутгийн автозамын суурийг тавилцсан, тэргүүний автозамчин. Монгол Улсад, тэр дундаа хязгаар нутгийн автозамыг хөгжүүлэхийн тулд амиараа дэнчин тавьж, эрүүл мэндээ золиосолсон олон хүний нэг. Би өдгөө 83 настай, энэ салбарт 43 жил ажилласан. Долоон хүүхэдтэй өнөр өтгөн айлын аав.
-Автозамын байгууллагад 43 жил ажиллахдаа та ямар албан тушаал хашиж байв?
-Би ааваасаа зургаан настайдаа өнчирч үлдсэний улмаас хүүхэд ахуй цагтаа амьдралын хатуу хөтүүг үүрч явлаа. 17 насандаа Увсад зам анги анх байгуулагдахад тэнд ажилтнаар орсон юм. Хүнд хэцүү үед алтан шар зам намайг дахин амьдруулсан учраас салбараа хайрлахгүй байхын аргагүй. Axад нь замчин, нормчин, мужаан, тракторчин, жолооч, замын мастер, аравтын дарга, манаач, нярав гээд хийж үзээгүй ажил бараг байхгүй. Анх хүрз, жоотуутайл автозамын суурийг тавьж байв. Энэ хугацаанд байгууллага маань дээд доороо ганхаж, салж, нийлж, том, жижиг 20 даргын нүүр үзсэн. Харин Увсын замчид тогтвор суурьшилтай, тэвчээр хатуужилтайгаар ажиллаж байлаа. Мөн Тэс сумын тэжээлийн аж ахуйд зам анги байгуулан ажиллаж, тухайн үед байгууллагынхаа дансанд 200 гаруй ам.доллар төвлөрүүлж, хөгжүүлснийг түүхээс харж болно. Бидний үед техник ховор учраас гачигдаж зовох зүйл их шүү дээ. Мод, чулуугаа авчрахын тулд 150 км-ийн цаанаас зөөж ирсэн түүхч бий. Хөлдүү намаг ухаж гүүр барихаар өдөрт 5-10 км газар алхдаг байлаа.
Хуучнаар ЗХУ-аас зээлийн хөрөнгөөр Монголд байхгүй иж бүрэн зам барилга ашиглалтын трестийг 1987 онд байгуулж, гурван жилийн хугацаанд маш үр өгөөжтэй ажиллуулсан. Хэр баргийн зах зээлийн салхинд унахааргүй хөл дээрээ тогтсон байгууллага байсан юм. Харамсалтай нь, зах зээлийн нийгэмд шилжих үед хувьчлал нэрээр хэдэн хэсэг болгон хувааж, дарга болон удирдах хүмүүс нь байгууллагын хөрөнгөөр тоглож, машин унаагаа шинэчилж, тансагласаар гадаа гандаж, хөдөө хөхөрдөг хэдэн замчин маань орхигдож, ажил амьдралгүй, арай ядан өдөр хоногийг өнгөрөөх болсондоо. Тэд байгууллагын хамаг өмч хөрөнгийг салхинд хийсгэж хаячхаад, тэр их ус, шавар, хад, чулуутай эрсэлдэж, тэмцэлдэж амиараа дэнчин тавин, алс хязгаарт автозамыг бүтээн байгуулсан бидний хөдөлмөрийг огт үнэлээгүй.
Өвлийн хүйтэнд шавар ихтэй, намаг малтахын тулд унд хоол, унтах нойроо умартан олон жил ажилласан замчдаас маань нэг л хүн тэтгэвэртээ гарсан. Бусад нь авто замаа хөгжүүлчхээд, үр хүүхдэдээ хийж бүтээснийхээ үр шимийг үзүүлж чадалгүй насан өөд болсон. Би гэхэд л халуун, хүйтэнд хоолтой, хоолгүй, цаг наргүй, хүнд нөхцөлд олон жил ажилласнаас үүдэн элэг, цөс, ходоодны өвчнөөр өвчилсөн.
-Таныг хогон дээрээс трактор босгож байсан гэж сонслоо.
-Тухайн үед манайд зам барих олигтой техник хэрэгсэл байгаагүй. Энэ үед би аймгийнхаа овоолоостой хогон дээрээс трактор эвлүүлж босгож байлаа. Энэ трактор маань хязгаар нутгийн автозамын хөгжилд ихээхэнх увь нэмэр оруулсан. Тиймээс хязгаар нутгийн автозамын суурыг тавихад гаргасан хүчин чармайлтыг нь үнэлж трактортоо хөшөө босгуулахх үсэлтэй байгаа. Энэ хөшөөг түүх болгож үлдээнэ. Хэрэв Б.Жанчиг хогноос тухайн үедээ ховор эрдэнэ болсон тракторыг босгоогүй бол Увс аймгийн өнөөгийн хөгжлийг ярихад ч хэцүү.
-Замчдын хөдөлмөрийг төр хэрхэн үнэлдэг гэж та бодож байна вэ?
-Манайд хөнгөн уурхайг хүнд, хүнд замыг хөнгөн гээд хуульчилчихсан. Уурхайчны ажиллах нөхцөл хүнд нь үнэн. Учир нь агааргүй, дарагдах магадлал өндөр гэхчлэн эрүүл мэнд, аюулгүй байдал талаасаа хэцүү. Түүнээс биш ажил нь арай хөнгөн шүү дээ. Харин зам бол эсрэгээрээ. Хүрз барьж экскаваторчин болно. Онгон байгалийг сэндийлж, лус, савдагтай тэрсэлдэж, хад, чулуугнь малтана. Хөрсөн дээр нэмэх, хасах 50 хэмд ч ажиллана. Тэгсэн хэрнээ уурхайчидтай харьцуулахад хамаагүй бага тэтгэвэр тогтоолгоно. Тэр нь ахуй амьдралд хүрэлцээгүй гэх мэт олон асуудал бий. Ийм их зүйл золиослон байж замчид автозамыг хөгжүүлдэг юм. Тэгтэл Монгол Улсад хүний хөдөлмөрийг хэзээ ч шударгаар үнэлдэггүй. Өнөөдөр манай улсад үнэн хөлсөө урсгасан Хөдөлмөрийн баатар цолтнууд хэд байна вэ. Хүн хөдөлж байж л хөлс гарна биз дээ. Гэтэл хөдөлмөрлөж, хөлсөө урсгаагүй, нам дагаж, мөнгө шамшигдуулсан хүмүүсийг Хөдөлмөрийн хүндэт медаль, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн баатар зэргээр шагнаад байж болохуу. Бодит байдал ийм л байна шүү дээ. Харин халуунд халж, хүйтэнд хөхөрсөн замчдад маань Гавьяат барилгачин гэсэн шагнал өгдөг. Угтаа барилгачин, замчин хоёр чинь огт өөр ажил, мэргэжил.
-Төрийн шагналын тогтолцооны талаар та шүүмжлэлтэй ханддаг юм байна. Тэгвэл энэ тогтолцоог хэрхэн өөрчлөх ёстой юм бэ?
-Би Тэргүүний автозамчин шагналыг 1990 онд авсан. Үүний дараа Төрийн дээд “Алтангадас” одонгоор2004 онд шагнуулсан. Гэтэл одоо болтол өнөөх Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон нь байхгүй. Хүмүүс надаас“Жанчиг ахаа та“Алтангадас”-аа яагаад зүүдэггүй юм бэ” гэж асуудаг. Гэтэл үнэн хэрэгтээ зүүхээс ичдэг юм. Би энэ шагналыг улсад 40 гаруй жил хөдөлмөрлөж байж авсан байхад өнөөдөр захын нэг намчин нөхөр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон зүүчихсэн л явж байна шүү дээ. Тэгэхээр ичихгүй яах юм. Төрийн шагналын үнэ цэн хаана байна вэ. Мөн барилгачин, замчин хоёрыг ялгаж салгаж чадахгүй байж автозамын хөгжил гэж ярих нь илүүц. Замчингүй хөгждөг зам гэж юу байхвэ. Тиймээс шинээр Гавьяат замчин хэмээх шагналыг бий болгох хэрэгтэй. Ер нь төрийн шагналын тогтолцоог өөрчлөх цаг болсон. Энэ шагналыг хүлээж, горьдсоор ахмадууд үхээд дуусах нь. Хийсэн бүтээснийг нь тухайн цаг хугацаанд нь л үнэлэх хэрэгтэй. Ядаж тэтгэвэрт гарахаар нь өгчихлдөө. Шагналаа хүлээсээр насан өөд болсон олон найз минь байна. Эсвэл бүр огт шагнадгаа болих хэрэгтэй.
-Та аймгийнхаа дугуйн спортын холбооны ахмад гишүүн байх аа. Увсаас Улаанбаатар хүртэл 1350 км замыг 2023 онд ес хоногт туулан ирсэн гэл үү?
-Би гавьяаныхаа амралтад 2000 онд гарсан. Одоо 83 настай. Тэтгэврийнхээ анхны мөнгөөр дугуй худалдан авч байлаа. Идэр насандаа олон суурь өвчинд нэрвэгдсэн. Тиймээс эрүүл мэнддээ анхаарахын тулд дугуй ун хаар шийдсэн юм. Түүнээс хойш 20 гаруй жил дугуйтай нөхөрлөлөө. Ингэснээр өөрийгөөч эмчилсэн гэж боддог. Тухайн үед хотруу дугуйгаар ганцаараа явах гэтэл хүүхдүүд, орон нутгийнхан, бас холбооныхон зөвшөөрөөгүй. Тэгээд л олуулаа, дэм дэмдээ хол замыг амжилттай туулсан. Сэтгэл санаа өөдрөг байсан учраас ядрахыг мэдэхгүй юм шиг л нийслэлийг зорьсондоо.
-Одоо ч гэсэн дугуйгаа унадаг хэвээрээ юү?
-Хөдөлмөр намайг хүн болгож бүтээсэн. Хөдөлж байж хүнээсхөлс, амжилт бүтээл гардаг. Тиймээс би дугуй унахаас гадна өөртөө таарсан дасгал хөдөлгөөн байнга хийдэг юм. Хүн өглөө босоход хөшсөн байдаг. Тиймээс дасгал хийхгүйгээр шууд дугуй унахад хэцүү. Залуудаа уул, хадаар их гүйдэг байв. Одоо бол өдөрт20-30 км замыг дугуйгаар тогтмол туулдаг. Хүний биеийг хөгжүүлж, эрүүл мэндийг бүх талаар нь дэмждэг зүйл бол дугуйн спорт гэж боддог. Наанадаж гар, хөлийн булчин жигд хөгжинө. Тамир тэнхээтэй болгож, цэвэр агаараар амьсгалах боломж олгодог. Ач холбогдлынх нь тухай яривал их.
-Таныг дугуй унахаас гадна бясалгал хийдэг гэж сонссон юм байна?
-Миний ээж бариач хүн байсан. Энэ нь надад өвлөгдсөн байх. Би 76 настайдаа энергийн сургалтад сууж, 500 гаруй хүн эмчлэн, 40-өөд шавь бэлтгэсэн багшхүн. Байгаль, хөдөлгөөн хоёроор өөрийгөө цэнэглэж, бясалгалын буянд эрүүл саруул явна. Олон хүнд энэ тухай хэлж зөвлөдөг.
Б.Жанчиггуай бол олон талын авьяастай нэгэн. Тэрбээр замчдынхаа хөдөлмөр, яруу алдрыг магтан“Замчдын алдар” хэмээх энэхүү дууг зохиосон юм.
ЗАМЧДЫН АЛДАР
Үг: Б.Жанчиг
Ая: Урлагийн гавьяат зүтгэлтэн Х.Цэвгээ
Манан татсан цастай оргилдоо
Машин хөтөлсөн замаа тавиад
Алсыг зорьсон гэрэлт замаараа
Хөгжилд өргөсөн баатар замчид минь
Хатан зоригоор хамтын хүчээр
Халуун хүйтнийг ялж туулдаг
Алтан гартай замчдынхаа алдрыг
Ая дуундаа өргөн бадруулъя
Хадан хясааг аргаар нэвтэлсэн
Хайрга тосыг хайлуулж уяраасан
Холыг ойртуулж тойрууг товчилсон
Хорвоод үлдэх замчдын гавьяа
Элж хотойхгүй замаа тавиад
Эрин зуундаа хурдаа нэмж
Эрэг холбож гүүрээ нумлуулсан
Эх орныхоо заяаг тулсан
Дардан замаараа түүхээ бичсэн
Даяар олондоо хүндтэй хүмүүс
Замчин бидний алдар алсдаа
Замаа дагаад оргилд хүрнэ.
УХүслэн, Гэрэл зургийг Э.Харцага