Нүсэр бус, төсөр зардал, бүтэцтэй, чадамжтай, хүнд сурталгүй төрийн албыг төлөвшүүлнэ гэх засгийн бодлого ашиг сонирхолд дулдуйдсан эрх мэдэл, албан тушаал, лобби бүлгийн өмнө хэрхэн хүчин мөхөстдөгийн тод жишээ нь “Аялал жуулчлалын хөгжлийн төв” ТӨААТҮГ болж байна.
Манай улс хамгийн анх 2017 оны нэгдүгээр сард буюу Д.Оюунхоролыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байх үед түүний толгойлдог яамны харьяанд ийм газар байгуулсан юм. Монголд хэрэгжүүлж буй аялал жуулчлалын хөгжлийн бодлого, хөтөлбөрийн үр дүн хангалтгүй байгаа нь тусгайлсан чиг үүрэг бүхий төрийн байгууллагагүйтэй холбоотой хэмээгээд ийм нэгэн бүтцийг Засгийн газрын тогтоолоор бий болгосон. Ингээд тус төвийнхөнд салбарын бодлогын хэрэгжилтийг хангах, яамны ажилд дэмжлэг үзүүлэх, төсвөөс санхүүжилттэй төсөл, хөтөлбөрийг урагшлуулах хариуцлагатай ажлыг даатгасан.
Нэг ёсондоо бодлого, шийдвэр гаргах түвшинд л ажиллах чиг үүрэгтэй хэмээн “цэмцэгнэж”, хойш суудаг яамныхны гар, хөлийн үзүүрт зарагдаж, хамаг л хар бор ажлыг нь нугалах онцгой эрхтэй төрийн өмчийн үйлдвэрийн газар байгуулсан гэсэн үг. Гэтэл өнөөх байгууллагынхан нь төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхээсээ илүү хувийн хэвшилтэй өрсөлдөх, тэднийг хясан боох элдэв ажлуудыг сэдэж, салбарын хөгжилд нэмэр бус, нэрмээс болсон гэлцдэг. Тийм ч учраас 2024 онд Аялал жуулчлалын тухай хуулийг шинэчлэн боловсруулах, хэлэлцэх үед салбарын судлаач, мэргэжилтнүүд, бизнес эрхлэгчид эл байгууллагыг татан буулгах саналыг дуу нэгтэй гаргасан юм. Үүнийг тухайн үеийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ холбогдох газарт уламжилснаар “Аялал жуулчлалын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ыг татан буулгах тухай 36 дугаар тогтоолыг Засгийн газраас гаргасан. Гэтэл өдгөө Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам (ССАЖЗЯ)-ны харьяанд энэ газрыг илүү нүсэр бүтэцтэйгээр дахин байгуулахаар ажиллаж байна. Тус газрыг татан буулгах тогтоол гаргаснаас ердөө жил гаруйн дараа дахин байгуулахаар шийдвэрлэсэн гэсэн үг. Энэ бол ССАЖЗ-ын сайд Ч.Номингийн албан тушаалаасаа буухаасаа өмнө хийсэн ажил, хутгасан холион бантан юм.
Он цагийн дарааллыг нь нарийвчлан авч үзвэл “Аялал жуулчлалын хөгжлийн төв”-ийг татан буулгах шийдвэрийг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 2024 оны нэгдүгээр сарын 25-нд гаргасан. Харин дахин байгуулах тогтоолыг түүний Засгийн газар энэ оны хоёрдугаар сарын 19-нд буюу татан буулгах шийдвэр гаргаснаасаа хойших нэг жилийн ойн босгон дээр баталжээ. Энэ хооронд парламентын ес дэх удаагийн сонгууль болж, аялал жуулчлалыг Соёлын сайдын эрхлэх асуудлын хүрээнд шилжүүлсэн тул эл шийдвэрийг Ч.Номинд хамаатуулахаас аргагүй юм.
Засгийн газар хөгжлийн төв дахин байгуулахаар шийдвэрлэснээс гурван сарын дараа буюу энэ оны тавдугаар сарын 7-нд Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталсан. Үүгээр “Аялал жуулчлалын хөгжлийн төв”-ийг ССАЖЗ-ын сайдын эрхлэх асуудлын хүрээнд харьяалуулж үйл ажиллагааг нь явуулахаар шийдвэрлэж, дүрмийг нь шинэчилсэн юм. Түүнчлэн хөгжлийн төвийн бүтэц, орон тооны дээд хязгаарыг баталж, улирдлагыг нь нээлттэй сонгон шалгаруулалтаар томилохыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлд, үйл ажиллагааны зардлыг нь 2025 оны батлагдсан төсвийн багцдаа багтаан санхүүжүүлэхийг ССАЖЗ-ын сайд Ч.Номинд даалгасан байдаг. Өдгөө үүний дагуу “Аялал жуулчлалын хөгжлийн төв”-ийг 30 хүний бүтэц, орон тоотой байгуулахаар салбарын яамныхан нь зүтгүүлж буй гэх.
Эргэж буцсан энэ шийдвэрийг аялал жуулчлалын салбарын туршлагатай, мэдлэг боловсролтой, жаргал, зовлонг нь хэн хүнээс илүү мэдэх хүмүүс хүчтэй эсэргүүцэж байна. Эсэргүүцэхээс ч яах билээ. Бүхэл бүтэн долоон жилийн турш төсвийн хөрөнгөөр угжиж үйл ажиллагаа явуулсан байгууллагыг үр ашиггүй, цаашид байх шаардлагагүй гэж татан буулгачхаад жилийн дараа дахин сэргээхээр шийдвэрлэсэн нь яавч эрүүл үзэгдэл, дуугүй өнгөрөх асуудал биш шүү дээ. Улс орны эдийн засгийн нөхцөл байдал туйлын хүнд, төсөв санхүүгээ хэмнэх, бүсээ чангалах, төрийн данхар бүтцийг цомхотгох талаар урьд урьдынхаас хүчтэй ярьж буй цаг үед засгийн эрх баригчид нь өөрсдөө ийм хуумгай, дороо эргэцсэн, уялдаа холбоогүй шийдвэр гаргаж байгаа нь нэг талаараа доромжлол, даапаалал гэлтэй. Тийм ч учраас үүнийг эрх мэдэл, албан тушаалаар далайлгасан, явцуу эрх ашигт үйлчилсэн шийдвэр хэмээн тодотгосон хэрэг. Зарим нь эл шийдвэрийг шинээр байгуулсан Аялал жуулчлалын сургалтын төвд эзэн суух гэсэн хэсэг бүлэг хүний санаархал гэж ч сэрдэж байгаа. Ийм байхыг ч үгүйсгэхгүй.
Засгийн газар “Монголд зочлох жил” санаачилгын хүрээнд “утаагүй үйлдвэрлэл”, зочлох үйлчилгээний салбарын хүний нөөц, бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор БНСУ-ын Засгийн газартай хамтран Аялал жуулчлалын сургалтын төв байгуулж, өнгөрсөн сарын эхээр нээсэн. Тэгвэл энэ төвийн удирдлага, зохион байгуулалт, менежментийг “Аялал жуулчлалын хөгжлийн төв”-ийнхөнд хариуцуулах сураг чимээ саяхнаас дуулдах боллоо.
ССАЖЗЯ-ны Аялал жуулчлалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрынхан ч үүнийг үгүйсгэсэнгүй. Тус газрынхнаас энэ талаар тодруулахад “Аялал жуулчлалын хөгжлийн төв” Яармагт зургаадугаар сард ашиглалтад оруулсан сургалтын төвд байршиж, үйл ажиллагаа явуулна. Гэхдээ одоогоор уг барилгыг зохих хүмүүст нь хүлээлгэж өгөөгүй, тохижуулаагүй байна” гээд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүйг хэлэв. Харин үүнийг эсэргүүцэж буй нэгэн судлаач “Засгийн газар, ССАЖЗЯ 30 хүний цалин хөлс, байгууллагын түрээс, урсгал зардалд төсвөөс өчнөөн хөрөнгө гаргахын оронд дэд бүтцийн нэг ч болов асуудлаа шийдэж, 21 аймгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулахад анхаарах шаардлагатай. Аялал жуулчлалын салбарын гол ачааг үүрдэг орон нутаг эзэнгүй орхигдоод олон жил боллоо. Ийм хэрэггүй төв байгуулахын оронд хөдөө, орон нутагт ажиллаж байгаа ганц, хоёр ч болтугай мэргэжилтний цалин, урамшууллыг нэмбэл үр дүнтэй” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.
Аялал жуулчлалын платформ хөгжүүлэлтийн чиглэлээр ажиллаж, олон мянган жуулчныг эх орондоо авчирсан бизнес эрхлэгч “Энэ байгууллагыг татан буулгах гэж салбараараа хэдэн жил тэмцсэн хичээл зүтгэл, хөдөлмөр үгүй боллоо” гэж халаглах. Өөр нэг нь “Аялал жуулчлалын хөгжлийн төв гэдэг байгууллага ямар оройн дээд Очирваань бурхан уу, хэдэн удаа “эргэж төрдөг” юм. Эсвэл 15 толгойтой атгаалжин хар мангас уу, яасан амь бөхтэй, ханаж цаддаггүй юм бэ” хэмээн ёжлох. Ерөөс энэ мэтчилэн аялал жуулчлалын салбарын амтай болгон уг шийдвэрийг эсэргүүцэж ахуйд гагцхүү толгой яамныхан нь л нүдэн балай, чихэн дүлий царайлж сууна.
Бид “Төр хувийн хэвшлийн ажлыг булааж, урдуур нь хөндөлсөж болохгүй” гэж их ярьдаг. Ялангуяа олон салбартай шууд болон шууд бусаар холбогддог аялал жуулчлалын тухайдтөрийн оролцоо бага байх нь тогтвортойгоор хөгжихөд тустай гэлцдэг билээ. Уг нь яг энэ зарчмын үүднээс“Аялал жуулчлалын хөгжлийн төв”-ийг татан буулгасан. Үүнийхээ суурин дээр Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо хэмээх нийтийн эрх зүйн хуулийн этгээдийг салбарын яамны харьяанд байгуулсан юм. Энэ холбоо тур оператор, аяллын агентлаг, үйлчилгээний байгууллага, хөтөч, тайлбарлагчдын эрх ашгийг хамгаалахаас эхлээд аялал жуулчлалын үйл ажиллагаанд оролцогчдыг мэргэжил, арга зүйгээр хангах, “утаагүй үйлдвэрлэл”-ийн салбар дахь төр, хувийн хэвшлийн оролцоог тэнцвэржүүлэх, төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж байгаа. Үндсэндээ “Аялал жуулчлалын хөгжлийн төв”-ийн ажлыг хуулийн дагуу, хамгийн гол нь тодорхой хил хязгаарын хүрээнд хэрэгжүүлж буй юм. Ийм атал ашиггүй гээд татан буулгасан байгууллагаа ахин сэргээн, дахин тэтгэхээр болж байгаа нь харамсалтай хийгээд хачирхалтай. Нарийн яривал манай улсад аялал жуулчлалын гэх тодотголтой төр, хувийн хэвшлийн байгууллага, тусгай нэгж, бүтцээс олон юм үгүй. Тэр дунд ганц сургалтын төвийг мэргэжил, арга зүй, удирдлага, зохион байгуулалтаар хангачих чадамж чансаатай нь ч бий байх шүү.
Н.Мишээл