Трампын сүрдүүлэг Путинийг зогсооно гэдэгт шинжээчид эргэлзэж байна
Украинд энх амгалан байдал тогтоохыг шаардсан ширүүхэн мэдэгдэл АНУын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын 14-ний орой хийлээ. Орост тэрбээр 50 хоногийн хугацаа өгөв. Энэ мэдэгдлээс нь үзвэл Кремлийн тэргүүн Владимир Путинд аядуу байр суурьтай хандаж байсан нь өөрчлөгдөх нь үү, гэлтэй. Нөгөө талаас байлдааны ажиллагааг үргэлжлүүлэх хоёр сарын хугацаа Путинд өгч, Оросын арми үүнийг дээд зэргээр ашиглах боломж олголоо хэмээн зарим шинжээч урьдчилан таамаглаж байна. Энэ хугацаа есдүгээр сарын 2-нд дуусах юм. Хэрэв Украинд энх амгалан тогтоох талаар зөвшилцөлд хүрэхгүй бол Оросын эсрэг хоёр дахь хатуухан хориг тавих аж.
Кремлийн үйлдлээс шалтгаалж, зөвшилцөлд хүрэх үйл явц хэд хэдэн удаа тасалдсаныг Цагаан ордны тэргүүний мэдэгдэлд тэмдэглэсэн байна. Путинд урам хугарч, Киевт зэвсэг нийлүүлэхээр НАТО-той тохиролцсон гэж Трамп мэдэгдэв. Украинд ихээхэн зэвсэг өгөхөөр АНУ амласныг дэлхий дахины хэвлэл “Трамп сая л Путинд араа шүдээ харуулах нь” хэмээн дүгнэлээ. Европын Холбооны гадаад харилцаа хариуцсан төлөөлөгч Кая Каллас “Орос улс өдөр бүр энгийн иргэдийг алж байгаа өнөөгийн нөхцөлд 50 хоног гэдэг асар урт хугацаа” гэж үзэж байна. Украины Луганск, Донецк, Херсон, Запорож гэсэн дөрвөн мужийг 60 хоногийн дотор буюу есдүгээр сарын эх гэхэд эзэлж авахаар төлөвлөж буйгаа долоодугаар сарын эхээр Путин Трампад мэдэгдэж байсныг Америкийн “Axios” хэвлэлд мэдээлж байсан юм. Тэгвэл өнөөгийн байдлаар энэ зорилт хэрэгжихэд хол харагдаж байна. Энэ оны хавар Оросын арми зүүн нутаг дахь давшилтаа хүчтэй болгож, Сумск муж дахь түшиц газрыг эзэлж авсан ч ерөнхийд нь авч үзвэл байлдааны талбай дээрх Оросын цэргийн ахиц бүхэлдээ тийм ч сайнгүй байна. Газар нутгийн нь зарим хэсгийг эзлээд байгаа Украины мужуудын нэг нь ч Оросын бүрэн хяналтад ороогүй байна. Гэхдээ Луганск мужийн газар нутгийг бүрэн эзэлсэн гэж Оросын тал хоёр ч удаа зарлахад энэ бүхэн саад болоогүй юм.
“Луганскийн ардын БНУ-ыг бүрэн чөлөөллөө” хэмээн Оросын эрх баригчид анх 2022 оны долоодугаар сарын эхээр мэдэгдэж байлаа. Гурван жил тулалдсаны дараа дахин ийн мэдэгдэв. Энэ мэдэгдэл бодит байдалтай нийцэхгүй байгааг Украины тал илчиллээ. Луганск мужийн хоёр ч тосгон Украины зэвсэгт хүчний хяналтад байгаа юм байна. Нөгөө Донецк, Запорож, Херсон мужид бүр ч их (25-30 хувь) газар нутаг Оросын хяналтад ороогүй байгаа аж. Херсон мужийг эзэлж авахын тулд Оросын дайчид Днепр мөрнийг гатлах, фронтын шугамаас 30-40 километр зайд байгаа Запорожийг оросууд өөрийн болгохоос наана хотын эргэн тойронд босгосон хэд хэдэн бэхлэлтийг давж гарах шаардлагатай юм байна. Украины хувьд байдал төвөгтэй. Гол хоёр хот болох Покровск, Константиновкад нь оросын цэрэг энэ сарын дундуур ихээхэн ойртож, одоо эдгээр хотын хагас бүсэлсэн байдалд байна. Оросын армийн Донбасс дахь довтолгоон зургаа, долоодугаар сарын эхний үеийн хэмнэлээрээ байвал Донецк мужийн засаг захиргааны хилд ойрын үед хүрэх боломжтой. Оросын армийн давшилтыг зогсоож эс чадвал Покровск, Константиновка хотуудыг эзэлж тун болзошгүй. Тэгэхдээ оросууд өргөн цар хүрээтэй шинэ довтолгоон хийхгүйгээр тус мужийг бүрэн эзэлж авах магадлал бага гэж шинжээчид үзэж байна. Орос ойрын үед хуягт техник хэрэглэж олныг хамарсан довтолгоонд бэлтгэж болзошгүй хэмээн Украины цэргийн шинжээч Михаил Жирохов ВВС-гийн сурвалжлагчид ярьсан байх юм. Түүний хэлснээр орос цэргүүд сүүлийн саруудад хуягт техник бараг л хэрэглээгүй аж. “Фронтыг сэтлэхээр тэд хуягт техник бөөгнүүлж байж мэднэ. Оросууд 100-120 мянган хүн, тодорхой тооны танктай болсон байх гэх бодол надад төрөөд байгаа” гэж тэрбээр хэлсэн. Түүний бодож буйгаар хуягт техникийн гэнэтийн цохилтыг фронтын өөр хэсэг дээрх нэмэлт довтолгоонтой хослуулбал Украины зэвсэгт хүчний хамгаалалтын шугамыг сэтлэх боломж Кремльд олдож магадгүй аж. Украины зүүн болон өмнөд нутагт цаг агаар муудаж, бороо, манан эхлэхээс өмнө амжиж, намраас наана энэ ажиллагаагаа Орос явуулах нь чухал юм байна. 2023 оны аравдугаар сард эхлүүлж, багахан шиг завсарлагаатайгаар одоо хүртэл үргэлжилж буй “Оросын их давшилтын” сүүлчийн өрнөл нь энэ довтолгоон болж болох юм. Довтолгоон сөрөг үр дүн үзүүлбэл Орос томоохон дайчилгаа явуулахаас аргагүй болно. Жироховын үзэж буйгаар оросуудыг ийм довтолгоон хийхэд хүргэлгүй түүнийг тогтоох нь Украины ерөнхий штабын гол зорилт байх ёстой аж.
Украинд энх амгалан тогтоохыг Путин эрмэлзэж буй гэх шинж тэмдгийг Өрнөдийн шинжээчид одоогоор олж харахгүй байгаа юм байна. Оросын эрх баригчид асуудлыг энхийн аргаар зохицуулах зүгт бодитой алхам хийхгүй байна гэж Австралийн чөлөөнд байгаа генерал, цэргийн тоймч Мик Райан дүгнэж байна. “2022 оны хоёрдугаар сард бүрэн хэмжээгээр хийсэн довтолгооныхоо эхнээс л тавьсан зорилгоосоо ухрах ямар нэг хүсэлтэйгээ Путин харуулсангүй. Түүний зорилго тэр үеийнхээсээ өөрчлөгдсөнгүй” гэж тэрбээр өөрийн блогтоо бичжээ. “Путин бодлогоо өөрчилбөл ер бусын үйл явдал болно. 2022 онд Киев рүү тэдний хийсэн эхний довтолгоон бүтэлгүйтсэний дараа хэрэг явдал тэдний хувьд үлэмж бүрхэг болоод байхад ч Путин ажиллагаагаа үргэлжлүүлсээр байсан. Одоо ч түүнийгээ л хийхэд эргэлзэх юм үгүй” гэж Райан үзэж байна.
Трампын сүрдүүлж байгаа хоёр дахь хориг Кремлийн байлдааны машиныг бодитойгоор сульдаана гэдэгт тэр эргэлзэж байна. Үүнд Умард Солонгосын үзүүлж буй зэвсэг, хүн хүчний ихээхэн дэмжлэг нөлөөгөө үзүүлнэ. Трампын заналхийлэл үг болж үлдэлгүй хэрэгжвэл бодитой үр дүн үзүүлнэ. Үйл ажиллагаа л чухал гэж Райан хэлжээ.
Путинд хандаж ширүүхэн мэдэгдэл хийсэн ч дайны талбарт Орос илүүрхэнэ гэдэгт Трамп эргэлзэхгүй байгаа гэж Америкийн “Politico” хэвлэлд бичсэн байна. Цагаан ордны өндөр албан тушаалтай ажилтан сэтгүүлчдэд хэлэхдээ “Орос ялалт руу явж байна, харин үүнд хэдий хэр хугацаа зарцуулах бол гэж Ерөнхийлөгч (Трамп) бодож буй. Орос эдийн засгаар илүү, том армитай, махны машин руу хаяхад хангалттай хүрэлцэх хүн түүнд бий. Тэд алгуур ч гэлээ ахиц дэвшилд хүрнэ. Ерөнхийлөгч маань ердөө аллагыг л зогсоохыг хүсэж байна” гэсэн байна.
Оросын армийн энэ зуны давшилтын нэг гол бай болоод байгаа Покровск хот
Р.Жаргалант