“Монголын эдийн засгийн форум” гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдэд харилцаа, хамтын ажиллагаагаа эхлүүлэх гарааны шинэ цэг, тулгамдсан асуудал, бодит нөхцөл байдлаа хэлэлцэн шийдвэрлэх чөлөөт индэр болсоор өнөөдрийг хүрлээ” хэмээн уг арга хэмжээг зохион байгуулагчид сүржин гэгч нь тодотгодог. Харин энэ сарын 8, 9-нд болж өндөрлөсөн 16 дахь удаагийн форум эл арга хэмжээ жилээс жилд дэндүү нүсэр, үр дүнд бус, өнгөц хэлбэрт илүү анхаарсан “гялгар” болж байгааг батлан харуулсан юм. Тиймээс л санаачлагч, зохион байгуулагчид нь форумд оролцогчдын тоо 4000 хол давсныг ам уралдан мэдээлж, сайд, дарга нарынхаа афоризм, эшлэлийг уулгалан түгээж, гадаадын нэр хүндтэй компани, байгууллагуудаас урьж авчирсан зочдынхоо зургийг нийгмийн сүлжээнд пялайтал нийтэлж, СNN тэргүүтэй дэлхийд нэр нө¬лөөтэй агентлаг, хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, хөтлөгчөөр тайзаа чимдэг болсноо л бахархалтайгаар дөвийлгөн зарласаар байв.
Үндсэндээ уг форум “Бизнесийн орчныг эрүүл болгоно, хөрөнгө оруулагчдыг бүх талаар дэмжиж ажиллана” гэх улиг болсон амлалт, лоозон, “Төр засаг эдийн засгаа солонгоруулах, экспортыг дэмжиж, импортыг орлох, уул уурхайн бус үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлд онцгойлон анхаарч, ажиллаж байна” гэх дэгс хөөргөдөл, саймшрал, нүргэлсэн алга ташилт дор л үргэлжилдэг боллоо. Энэ удаагийнх ч үүнийг тойрсонгүй. Ерөнхий сайд Г.Занданшатар “Бид хөрөнгө оруулагчдыг урьчхаад урдаггүй, залчхаад заамддаггүй улс болох ёстой. “Монгол Улс хөрөнгө оруулагчдад ээлтэй” гэж бид биш, гадаадын иргэд хэлдэг болсон цагт бизнесийн эрүүл орчин биежин бүрдэнэ” гэж попров. Харин Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал “Эдийн засаг дахь тээг саадыг арилгаж, хувийн хэвшлийн орон зайг нэмэгдүүлэх ач холбогдолтой Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг УИХ-д өргөн барьж, ирэх намрын чуулганаар батлуулна. Чадахгүй бол Монголд дахиж эдийн засгийн форум зохион байгуулахгүй” хэмээн ам гарсан бол Шадар сайд Т.Доржханд “Монгол Улс 2030 он гэхэд ногоон эрчим хүчинд шилжиж, үйлдвэрлэлээ хоёр дахин өсгөх” амлалт өглөө. Өнөө жилийн эдийн засгийн форумын онцлох “үр дүн” гэвэл энэ л байна.
ХАМГИЙН ГОЛ НЬ БОДИТ ҮР ДҮН
Эдийн засгийн форумыг төр, хувийн хэвшил хамтран зохион байгуулах нэрээр төсвөөс багагүй хэмжээний зардал гаргаж, эдийн засагт дарамт учруулж буй талаар шүүмжлэл байнга гардаг. Харин өнөө жилийн чуулганыг улсаас санхүүжүүлэхгүй, төр зөвхөн оролцогчийн статустай байна, цаашид ч ийм бодлого баримтална гэдгийг шинэ Засгийн газрын Тэргүүн шадар сайд Н.Учрал өнгөрсөн сард мэдэгдсэн билээ. Тэгэхээр Засгийн газар, хувийн хэвшлийн төлөөлөл өргөн бүрэлдэхүүнтэй оролцдог, хөрөнгө оруулагчдад зориулсан үндэсний хэмжээний чуулганы зохион байгуулалт, хэв маяг ирэх жилээс тодорхой түвшинд өөрчлөгдөж болзошгүй гэх хүлээлт байна. Хэрэв Засгийн газар шийдвэрлэсэн ёсоороо санхүүжүүлэгч бус, зөвхөн оролцогчийн байр суурин дээр бат зогсож чадвал шүү дээ. Гэхдээ нэгэнт л Монголын нэрээр олон улсад танигдсан, гадаад, дотоодын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчид өргөнөөр оролцдог уламжлалт арга хэмжээг цаашид хэн хариуцан авч явж, санхүүжүүлэхээс үл хамаараад зохион байгуулалтад нь, хамгийн гол нь бодит үр дүн гаргахад анхаарах цаг болжээ. Салбарын судлаач, мэргэжилтнүүд ч ийм байр суурь илэрхийлж байна.
“Монголын хөрөнгө оруулалтын форум”- ыг Сингапурт нэг, АНУ-д хоёр удаа амжилттай зохион байгуулсан, стратегийн зөвлөх үйлчилгээний “Капитал маркетс Монголиа” компанийн үүсгэн байгуулагч Э.Золбаяр “Эдийн засгийн форум зохион байгуулах нь буруу биш, харин ч хийх ёстой. Хамгийн гол нь хөрөнгө мөнгө зараад хийж байгаа бол ач холбогдол, үр нөлөө гаргахад анхаарах учиртай. Форум болохоос наанадаж зургаан сарын өмнөөс гадаадаас зочдоо уриад, гол үйл ажиллагааныхаа үеэр тэдэнд ажлаа тайлагнаад, гэрээ, хэлцлүүдэд гарын үсэг зурж, хэлэлцэх, шийдвэрлэх зүйлсээ бэлдсэн байх ёстой юм. Даанч манай сайд, дарга нар маш хойрго ханддаг, хэлэлцүүлэгт орол¬цохдоо байнга ярьдаг зүйлсээ давтаад л өнгөрдөг” гэсэн нь үнэнд яв цав нийцсэн дүгнэлт байв.
АЧ ХОЛБОГДЛЫН БАРОМЕТР
Олон улсын хэмжээнд зохион байгуулдаг, ач холбогдол өндөртэй, нөлөө бүхий эдийн засгийн форумууд бий. Улс, орнуудын удирдагчид, нөлөө бүхий бизнесменүүд оролцдог “Дэлхийн эдийн засгийн форум” (WEF)-аас эхлээд бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг дэмждэг “Азийн төлөөх Боао форум” (BFA), тухайлсан нэг улс руу чиглэсэн хөрөнгө оруулалтыг татах зорилготой “Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форум” (SPIEF), “Катарын эдийн засаг, худалдааны форум” (QEF) гээд дурдвал цөөнгүй. Энэ төрлийн олон улсын чуулганы үр дүнг таван гол үзүүлэлтээр хэмждэг гэнэ. Үүнд хөрөнгө оруулалтын шинэ гарц, бизнесийн түншлэл, бодлого тодорхойлох суурь, шинэ чиг хандлага, сорилтыг хүлээн зөвшөөрөх чадамж, улсын “имиж” буюу нэр хүндийг өсгөх боломж зэрэг багтаж байна. Үндсэндээ эдгээр чиглэлээр шинэ гарц, боломжуудыг нээж, тодорхой бодлого, шийдвэр гаргахад нөлөөлж байвал үр дүнтэй гэж үздэг байх нь. Нэг ёсондоо ач холбогдлын хэмжүүр буюу барометр нь энэ гэсэн үг. Харамсалтай нь, “Монголын эдийн засгийн форум”-ын үр дүн, ач холбогдлыг эдгээр үзүүлэлтээр үнэлэхэд бүрхэг. Чуулган зохион байгуулснаас хойш яг ямар өөрчлөлт, бодитой дэвшил гарав, Монгол Улсын эдийн засагт хэрхэн нөлөөлөв гээд үзэхээр барьцтай үзүүлэлт, ханатай баримт гэх зүйл үгүй. Ямар сайндаа л эдийн засагчид нь “Анх форум зохион байгуулах үеэс л хөрөнгө оруулагчдад таатай орчин бүрдүүлэх, уул уурхайн хэт хамаарлыг бууруулах талаар ярьж байсан нь одоо ч хэвээр” хэмээн шүүмжлэх вэ дээ. Эцэстээ “Хөрөнгө оруулагчдыг хурлаар бус, хуулиар татдаг” гэж ч ярих болж. Нээрэн л энэ чуулганы үеэр улиг болтол ярьдаг сэдэв, агуулга, тулгамдсан бэрхшээлүүд өнөө ч яг янзаараа. Гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой бэрхшээл, хэрэг, маргаануудыг авч үзэхэд л таагүй жишээ, баримт цөөнгүй, дэвшиж дээшилсэн тал үгүй. Гагцхүү тайзнаа гарч үг хэлдэг сайд, дарга нар л өнгөрсөн хугацаанд хэдэнтээ солигдох шив.
“Монголын эдийн засгийн форум-2025”-ын үеэр хэд хэдэн санамж бичиг байгуулсан. Тухайлбал, нийслэлийн ЗДТГ, Британийн Экспорт, зээлийн агентлаг “Улаанбаатар метро” төсөлд хамтрахаар, Эдийн засаг, хөгжлийн яам, “The Asia group”-тэй хөрөнгө оруулалт, худалдааны чиглэлд гар нийлж ажиллахаар, “Ажнай групп”, “Ард санхүүгийн нэгдэл”-ийнхэн “Ухаалаг хот”-ыг цогцлоохоор, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, “ТикТок” компани Монгол Улсыг олон улсад сурталчлах чиглэлд зорилго нэгтгэхээр болсон юм. Түүнчлэн Английн алдарт “Royal einfield” брэнд “Монгол шуудан” ХК-тай хамтын ажиллагааны гэрээ үзэглэж, таван ширхэг мотоцикл хандивлана лээ. Албаныхан хийгээд арга хэмжээ зохион байгуулагчид энэ болгоныг дөвийлгөн мэдээлээд сүйд болсон. Харин эдгээр нь манай улсын нийгэм, эдийн засагт сүйдтэй үр дүн, нөлөө үзүүлэх төсөл, санаачилга мөн үү гээд харвал үндэсний хэмжээний чуулганаас гарч буй хөрөнгө оруулалтын хэлцлүүд гэхэд үнэндээ жул юм.
ЕРӨНХИЙ САЙДЫН ЕР БУС СТРАТЕГИ
Жил болгоны “Монголын эдийн засгийн форум”-ыг Ерөнхий сайд нээж, гадаадын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдэд Засгийн газраас баримталж буй бодлого, чиглэлийг танил¬цуулдаг уламжлалтай. Энэ утгаараа 16 дахь удаагийн форумын онцлох зочин нь Засгийн газрын тэргүүнээр томилогдоод нэг сар ч болоогүй Г.Занданшатар байв. Харин тэрбээр “Агуу Монголоо ахин агуутгая” гэх тэнгэрийн уриалгаар илтгэлээ эхлүүлж, ABCD ба 5D хэмээх супер нэршил бүхий стратеги танилцуулан, гадаадын зочид байтугай дотоодын судлаач, мэргэжилтнүүдийг алмайруулсан. 5D стратеги гэдэгт нь double GDP буюу ДНБ-ийг 10 жилийн дотор хоёр дахин өсгөх, double export буюу экспортын хэмжээг 50 хувиар нэмэгдүүлэх, double renewable energy буюу сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг мөн дээрх хэмжээгээр ихэсгэх, double Independence буюу эдийн засгийн бие даасан байдлыг баталгаажуулах, double digitalization буюу төрийн үйлчилгээг бүрэн цахимжуулж, дижитал эдийн засаг цогцлоох зэрэг багтсан. Яг үнэндээ Монгол Улсын Засгийн газрын бодлого, төлөвлөгөөг танилцуулсан Ерөнхий сайдын илтгэл дэндүү хийсвэр, ёстой л нөгөө таван хэмжээст зураг, дүрс бичлэг шиг төсөөллөөс хол байв. Дэлхий нийт техник, технологийн хөгжлийн ачаар, программ хангамжийн тусламжтайгаар бодит болон хиймэл дүрслэл хосолсон виртуал орчин үүсгэж, түүнийгээ 3D, 4D, 5D хэмээн нэрлэх болсон. Тэгвэл Ерөнхий сайдын 5D стратеги манай улсын бодит нөхцөл байдал болон ирээдүйг виртуал орчинд буулгасан юм шиг л “романтик” байлаа. Түүний үгнээс “Бидний хэрэгжүүлэх хамгийн том, гол мега төсөл бол хүний хөгжил” гэх үг л арай амьдралд ойр, чихэнд наалдацтай буусан юм. Угаас нүсэр, “гялгар”, агуулга бус, хэлбэрт хэтэрхий анхаардаг, тэнгэрийн гэмээр амлалт, уриалгуудыг дэвшүүлдэг форумыг Ерөнхий сайд Г.Занданшатар энэ удаа улам төгсрүүлж, гал дээр тос нэмэх аятай өрдлөө.
Н.Мишээл