Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, “Алдар” спорт хороо, Мэдээлэл сүлжээний холбоо, “Жем” интернейшнл ХК-ийн харваач, Х.Хүрэлтуяа Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн Үндэсний их баяр наадмын халх сур харваанд түрүүлж, наадамчин олныг баясган Монгол Улсын мэргэн цол хүртсэн билээ.Тэрбээр хүүхэд байхдаа урианхай харваагаар хичээллэж, үндэсний спортод хөл тавьжээ. 2013 онд ШУТИС, Мэдээлэл холбооны технологийн сургуульд элсэн орж, Улаанбаатар хотод сурахаар ирэхдээ нутаг нэгт харваач болох “Алдар” спорт хорооны дасгалжуулагч, Монгол Улсын мэргэн Б.Баярсайхантай танилцаж, удирдлагад нь халх сур харваагаар хичээллэсэн гэдэг. Тэр цагаас багш нь шавиа томоохон тэмцээн, улсын баяр наадмын үндэсний сур харваанд оролцуулдаг болсноор амжилтын гараагаа эхлүүлжээ.Багшийнхаа зөвлөснөөр бэлтгэл сургуулилалтаа базааж, жил бүрийн наадмаар цэц сорин ур чадвараа ахиулан, туршлага чамгүй хуримтуулсан түүнийг зочноор урьж ярилцлаа.
-Та наадмаас хойш зохион байгуулах сур харвааны тэмцээнд Монгол Улсын мэргэн хэмээн зарлуулах нь. Цолондоо хэр дасаж байна вэ?
-Үндэсний сурын спортоор олон жил хичээлэж, улсын цол хүртсэндээ маш их баяртай байна. Наадмаас хойш хэд хоног цолондоо дасах гэж хичээлээ. Нутаг усны ах дүүс, найз нөхөд, анги, байгууллагын хамт олон гээд олон хүн холбогдож, баяр хүргэсэн. Ойрд урмын үг сонсоод сэтгэл өөдрөг, сайхан байна. Би багийнхаа харваачидтай Батлан хамгаалах яамны “Найман шарга” бэлтгэлийн баазад сургуулилалт хийсэн юм. Бид наадмын дараа бэлтгэл хийсэн газраа очиж, зурхайдаа хүндэтгэл үзүүлэн цай, сүүний дээжээ өргөсөн. Монгол Улсад авто тээврийн салбар үүсэж, хөгжсөний 100 жилийн ойн баярын үндэсний сур харвааны тэмцээнд оролцлоо. Нутгийнхан маань намайг хүлээж авахаар зэхэж байгаа тул удахгүй хөлгийн жолоо зална даа.
-Түрүүлэх бөх, харваач өөрийгөө мэдэрдэг гэх яриа бий. Танд ч гэсэн тийм мэдрэмж төрөв үү?
-Тэгсэн. Энэ жилийн наадмаар түрүүлэх мэдрэмж төрөөд байлаа. “Найман шарга” баазад наадмын бэлтгэлээ базаахад бие, сэтгэл зүйн байдал өмнөх жилүүдийнхээс арай өөр болсон нь мэдрэгдсэн. Түрүүлчхээд сэтгэгдлээ хуваалцаж, ярилцлага өгөхдөө юу гэж хэлэх вэ гэж хүртэл бодож байв. Би бэлтгэлээ эрт эхлүүлсэн. Өнгөрсөн гуравдугаар сараас заалны тэмцээнүүдэд оролцож, хавар дулаарангуут гадна талбайд үргэлжлүүлсэн юм. Намайг тэмцээнд оролцохдоо сандарч, алдаа гаргадгийг багш , багийн харваачид мэддэг болохоор “Чиний бэлтгэл яг сайхан таарсан байна. Одоо өмнөх шигээ алдаа гаргаж болохгүй шүү. Тайван байж, сэтгэл зүйдээ анхаараарай” гэж зөвлөсөн. Үндэсний сур харваанд өрсөлдөгчөө бус, өөрийгөө ялж байж амжилт гаргадаг. Харваачийн хувьд өндөр мэдрэмж, ур чадвар, туршлагатай байхаас гадна бие, сэтгэл зүйн бэлтгэлээ хангаж, бүх зүйлийг нарийн тооцоолох ёстой. Миний хувьд наадмын сур харваанд нэлээд ач холбогдол өгч, өөрийгөө тал бүрээр сайтар бэлдсэний үр дүн гарлаа. Өмнө нь наадам дөхөхөөр догдлоод нойр хүрэхгүй. Сурын талбайд очиж, хурдан харвах сан гэж яарна. Ямар ч тэмцээнд өндөр оноо авсан ч жижиг алдаа гаргаад нэг л болж өгдөггүй байв.Тэгээд ямар үед, юун дээр алдаа гаргадаг дутагдлуудаа нэгбүрчлэн бодож, дүгнэлт хийснээр засаж эхэлсэн юм.
-Сурын спортод амжилт гаргахын тулд дотоод ертөнцдөө сайтар төвлөрч, сэтгэлзүйгээ зөв залж сурах нь чухал санагдсан.
-Сүүлийн үед наадамд түрүүлсэн харваачдын олонх нь 37-гоос дээш оноо авсан. Энэ нь үндэсний сурын спорт хот, орон нутагт эрчимтэй хөгжиж, тамирчид нь эн тэнцүүхэн өрсөлдөх хэмжээнд хүрснийг илэрхийлж байна. Наадмын сур харваа өнгөрсөн жилээс эхлэн дөрвөн өдөр үргэлжилдэг болсон. Олон хоног харвахад тэвчээр хатуужил, сэтгэлийн хат, тооцоолол их шаарддаг. Энэ жил өөрийгөө Монгол Улсын даяар дуурсах мэргэн Л.Отгонбаяр, улсын мэргэн Н.Алтансүх нартай оноо ойролцоо өрсөлдөх болов уу гэж таамаглаж байлаа. Тэд сурын талбайд намайг олон талаар хурцалж хөгжүүлсэн хүчтэй өрсөлдөгч. Шилдгүүдээс суралцсан зүйл их бий. Наадмын өдрүүдэд хамгийн өндөр оноотой явсан харваач тэд л байсан болохоор сүүлийн дөрвөн сумаа алдалгүй харвахыг хичээсэн.
-Шилдэг 16, наймд босож харвахад тэд түрүүлэх магадлалтай байсан шүү дээ.
-Үзэгчдийн дунд тэдний хэн нь түрүүлэх бол гэсэн яриа өрнөж буй нь анзаарагдсан. Тэгтэл шуугиад явчихлаа. Даяар дуурсах мэргэн Л.Отгонбаяр дөрвөн сумныхаа хоёрыг нь алдаж, дутаасан. Нутаг нэгт харваач, улсын мэргэн Н.Алтансүхэд цолоо ахиулж, Монгол Улсын даян мэргэн болох тийм хариуцлагатай мөч ирээд байлаа. 40 сумнаас 38 оносон тэрбээр товх харваанд малгайгаа ойр, ойрхон засаж, анхаарлаа төвлөрүүлж байгаа нь анзаарагдсан. Тэрбээр дөрвөн сумнаас гуравт нь онож, сүүлийнхийг нь дутаасан юм. Би Баян-Өлгий аймгийн Алтай сумын уугуул, улсын мэргэн Н.Алтансүх, мөн Баянхонгор аймгийн Баянлиг сумын уугуул, аймгийн мэргэн, спортын мастер Б.Баянмөнх нартай оноо тэнцэж, товх харвасан. Шийдвэрлэх харвааны сүүлийн нэг сум намайг улсын цол хүртэх, эсэхийг шийдэх байв. Тэд сум амархан алддаг харваач биш. Яг тэр үед надад “Ийм сайхан боломжийг алдаж хэрхэвч болохгүй. Алтан шар зурхайн хайр хишгийг хүртэх хувь заяа намайг ивээж байна” гэж бодсон доо.
-Үндэсний бөхийн барилдаан, сур харваанд залуус улсын цол хүртсэн нь шинэ үеийн төлөөлөл хүч түрэн гарч ирж буйг харууллаа.
-Тийм ээ, санал нэг байна. Наадмын үндэсний бөхийн барилдаан сонирхолтой өрнөж, Баянхонгор, Сүхбаатар аймгийн бөхчүүд түрүүлж, үзүүрлэлээ. Монгол Улсын арслан цол хүртсэн Э.Батмагнай “Алдар” спорт хорооны тамирчин. Спорт сонирхогчид түүнийг энэ жилийн наадмаар улсын цол хүртэх бөхчүүдийн тааварт зүй ёсоор оруулсан. Тэрбээр наадамчин олны итгэлийг дааж түрүү бөхөөр тодорлоо. Миний хувьд тус спорт хорооны харьяалалтай тамирчдаа үндэсний болон их спортын тэмцээнүүдэд оролцоход нь дэмжиж, барилдааныг сонирхож үзэх дуртай.
-Таныг товх харваанд сүүлийн нэг сумаа харвахад хүмүүс шуугиад л эхэлсэн
-Сүүлийн сумаа харваж, оносон эсэхээ ч мэдэх сөхөөгүй зогсож байтал үзэгчид шуугиад л явчихсан. Тэр үед өөрийгөө түрүүлжээ гэж ойлгосон. Сурын талбайд харваачид баяр хүргэж, тойрч бүчээд л мөр дээрээ өргөөд явсан. Нэг мэдэхэд наадам сурвалжилж буй сэтгүүлчдийн асуултад хариулж, үзэгчидтэй баяраа хуваалцаад зогсож байлаа.
-Харваач хүний амжилт гаргах чухал хэрэгсэл бол нум, сум байдаг. Та хэний урласан нумаар цэц сорив?
-Миний нумыг Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын уугуул, аймгийн мэргэн, спортын мастер, нум урлаач Б.Энхсайхан ах 2020 онд урласан юм. Шинэ нумаар сур харвахад эхэндээ хатуу байсан тул дөрвөн жил хадгалсан. Урианхай сурыг хатуу нумаар харвадаг. Тэр нумаараа зөвхөн урианхай сур л харвадаг байв. Тэгсэн энэ жил халх сур харваж үзье гэсэн бодол төрлөө. Дөрвөн жил хадгалсан нум маань эзнээ төрийн наадмын түрүү харваач болгож, улсын мэргэн цолд хүргэлээ. Нумны маань сумыг манай багийн харваач ах Л.Туухайн хийсэн. Сүүлийн үед үндэсний сур харваагаар сонирхож хичээллэдэг залуус олон болсон тул сум олдох нь ховордсон. Нум, сум урлаачдад наанадаж нэг, цаанадаж гурван сарын өмнө захиалж хийлгэнэ. Багийнхаа харваач ахын анх удаа хийсэн сумаар харваж, улсын цол хүртсэнээ маш их бэлгэшээж байгаа. Б.Энхсайхан ахаар нум хийлгэсэн олон харваач байдаг ч улсын цол хараахан хүртээгүй юм билээ. Тэднээс түрүүлж, Монгол Улсын мэргэн цолтон болж байна. Өнгөрсөн жил наадмын бэлтгэлд гарахдаа нумаа бороонд норгочихсон юм. Тэгтэл өмнөх хэвийн харвадгаасаа өөр болж, сумаа наана дутааж, цаана давуулж хаяад байв. Тухайн нумны онцлог, хаталтаас хамаараад хэвийн болох хугацаа харилцан адилгүй. Тэгтэл наадмын сур харваа дөрөв хоногийн дараа эхэллээ. Бэлтгэлийн үед дориун харваад байсан нум маань наадмаар нэг л болж өгсөнгүй. Сум байндаа тусахгүй дутаж, даваад байв. Норсон нум гүйцэд хатаагүй тохиолдолд сайн харвадаггүй болохыг тэр үед ойлгосон. Алдаанаасаа томоохон сургамж авсан тул энэ жил шинэ нумаар цэц сорьсны учир энэ.
-Нутгаа хэзээ зорих вэ. Олон аймаг, сумын 80, 100 жилийн түүх ойн баяр тохиож байна. Та очиж сур харвах уу?
-Нийслэлд суурьшаад олон жил болж байна. Аав минь 2020 онд хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Ээж наадмын өдрүүдэд зурагтаар хүүгийнхээ сур харвахыг харж, цай, сүүнийхээ дээжийг өргөж суудаг юм.
-Сураар хичээллэдэг найзууд тань наадмын өмнө танд юуг хамгийн их зөвлөсөн бэ?
-Багийнхаа харваачидтай сайхан нөхөрлөдөг. Үеийнхнээсээ улсын гоц харваач П.Явуухулантай ойр байдаг. Найз минь 2020 онд болсон наадмаар Монгол Улсын гоц харваач цол хүртсэн. Нээлтийн харваанд оролцоход тэрбээр “Чиний харваа тун боломжийн байна шүү. Харин жаахан дутаах гээд байх юм. Үүнд л анхаараарай” гэв. Мөн өнгөрсөн сарын сүүлчээр Хүй долоон худагт болсон даншиг наадмаар сур харвахдаа нумнаасаа болоод ялимгүй алдаа гаргахыг Монгол Улсын мэргэн Т.Очироо анзаарч хараад “Чи нумныхаа таталтыг тохируулаад харваад үз. Түүнээс биш харвах техник тань сайн байна” гэв. Түүний зөвлөснөөр наадам эхлэхээс өмнө таталтыг нь өөрчилж, тохируулснаар алдаа гаргах нь багассан.
-Сурын харваачид жил бүр шинэ дээл өмсөж, наадмын талбайд ирдэг. Тухайн жилийнхээ өнгөнд тохируулж дээл урлуулдаг хүн цөөнгүй байдаг юм билээ.
-Үндэсний сур харвааны эрэгтэй, эмэгтэйчүүдийн багийн УАШТ жил бүр болдог. Тус тэмцээнд оролцох багийнхан нэг өнгийн дээлээр ижилсдэг юм. Энэ жил “Жем” интернейшнл” ХК-ийнхан эрэгтэй харваачиддаа улаан, эмэгтэйчүүдэд шаргал өнгөтэй дээл урлуулсан юм. Наадмын өглөө багийн харвааны тэмцээнд өмссөн дээлтэйгээ ирж цэц сорилоо.