“Багануурын уурхайн үйл ажиллагаа нэг минут зогсоход л Улаанбаатар хот гал алдана. Тиймээс “Багануур” ХК-ийн олон жил хуримтлагдсан алдагдлыг бууруулах, уурхайчдынхаа эрх ашгийг хамгаалахын төлөө би тууштай ажиллана” хэмээсээр УИХ-ын хоёр ч сонгуульд ялалт байгуулсан Ц.Сандаг-Очир гишүүн 1200 орчим уурхайчны итгэлийг хөсөрдүүлж орхив. 1978 онд нээгдсэн цагаасаа хойш Монгол Улсын нийт нүүрсний хэрэгцээний 60, эрчим хүчний нүүрсний 70 гаруй хувийг дангаараа хангаж ирсэн Багануурын уурхай нь нийслэлийн дулаан хангамжид хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг тулгуур байгууллага.
Төрөөс нүүрсний үнийг хатуу тогтоож ирсний нөлөөгөөр компанийн өр, авлага, алдагдал жилээс жилд өссөөр сайн сайхан гэхээсээ илүү саар муу мэдээгээр “чих халууцуулдаг” байсан “Багануур” ХК 20 жилийн дараа түүхэндээ анх удаа хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг хуваарилахаар болсон нь саяхан. “Эрдэнэс Монгол” нэгдэл долоон сарын өмнө “Багануур” ХК-ийн үйл ажиллагааг үлэмж сайшааж, “Оны шилдэг”-ээр хүртэл шалгаруулж байснаа сая наадмаар буюу долоодугаар сарын 8, 9-нд гэнэт яаралтай горимоор ТУЗ-ийн хурал зарлаж, тус компанийн гүйцэтгэх захирал Д.Түвшинжаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Хачирхалтай нь, “Эрдэнэс Монгол” компанийн зүгээс “Багануур” ХК-ийн энэ оны хагас жилийн тайланг хэлэлцэнэ” хэмээн зарлаж ТУЗ-ийг цахимаар хуралдуулахдаа ийм шийдвэр гарган, Д.Түвшинжаргалын оронд Т.Отгонболдыг гүйцэтгэх захирлаар томилсон байна. Уг нь “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирлыг сонгон шалгаруулалтаар томилох учиртай юм.
Иймд “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирлын гэнэтийн томилгоог ажилтнууд нь хууль бус хэмээн үзэж, өнгөрсөн баасан гаригт “Эрдэнэс Монгол” нэгдлийн захирал С.Наранцогт болон ТУЗ-ийн гишүүд, төрийн өндөрлөгүүдэд хандан шаардлага хүргүүлж, эсэргүүцлээ илэрхийлжээ. Компанийн гүйцэтгэх захирлыг хууль бусаар халсaн тул шаардлагыг нь хүлээж авахгүй бол ажил хаяна гэдгээ мэдэгдсэн 876 уурхайчны гарын үсэг бүхий 41 хуудас мэдэгдэх бичгийг гэвч “Эрдэнэс Монгол” нэгдэл үл тоон, өчигдөр ажлыг нь хүлээлцүүлсэн аж. Хүлээлцүүлсэн ч гэж, Д.Түвшинжаргалыг ээлжийн амралттай, Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд багтан Киргиз улсад явж байх хойгуур Т.Отгонболдыг үүрэгт ажилд нь оруулаатахав.
“Эрдэнэс Монгол” нэгдлийн ТУЗ-ийн 2023 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан Гүйцэтгэх захирлын үйл ажиллагааны журмын 3, 6, 8 дугаар зүйлийн холбогдох заалт, “Багануур” ХК-ийн ТУЗ-ийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан ТУЗ-ийн үйл ажиллагааны болон хороодын журмын 2-ын 15, 17 дахь заалтыг тус тус зөрчсөн, хууль бус шийдвэр хэмээн уурхайчид эсэргүүцсээр байтал “зэрэг” нэмэх, нэмүүлэх гэж улайрсан нөхөд хойноос ирээд хот манайх, хотонд ороод хонь минийх болчихсон ажилтнуудыг нь дарамтлаад эхэлсэн гэнэ шүү.
Энэ тухай “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирлын ажлаасаа чөлөөлөгдсөн Д.Түвшинжаргал “Багануурчууд бидний итгэж төрд сонгосон Цэндийн Сандаг-Очир гишүүний гардан зохион байгуулалтаар уурхайчин нөхдийн минь зарим ял авсан. Уурхайчид бид хэдий болтол улс төрийн золиос болсоор байх вэ. Энэ хүний алтан уурхайд тарьсан хор уршиг их. “Баас”-ыг нь бид одоо ч цэвэрлэж дуусаагүй байгаа. Гол нь бидний итгэж найдаж ирсэн “Эрдэнэс Монгол” нэгдлийн захирал хүртэл амин хувийнхаа эрх ашгийн үүднээс Багануурын уурхайчин хамт олныг золионд гаргаж, өөрийгөө авч үлдэх алхам хийлээ” хэмээн байр сууриа илэрхийлнэ лээ.
Төр нэг гараараа шагнаад, нөгөө гараараа “шанаадав”
“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүнд хамаардаг “Багануур” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал өнгөрөгч 4 дүгээр сарын 28-нд болж, 2024 оны үйл ажиллагаа болон аудитлагдсан санхүүгийн тайлан, ногдол ашиг хуваарилах, эсэх асуудлуудыг хэлэлцжээ. “Багануур” ХК нь өнгөрөгч онд 32.4 мянган шоо метр уулын ажил хийж, 21.5 мянган шоо метр хөрс хуулж, 4.9 сая.тонн нүүрс олборлож, борлуулсан нь компанийн түүхэн дэх хамгийн өндөр борлуулалттай жил байсныг тайланд тодотгосон байх юм. Мөн 17.8 тэрбумын техникийн шинэчлэлийг өөрийн хөрөнгөөр хийж, өмнөх техник шинэчлэлийн зээлийн 23.5 тэрбум төгрөгийн өрийг бүрэн төлж барагдуулсан зэрэг үзүүлэлтээр 2024 онд шилдгээр шалгарч байв. Санхүүгийн алдагдлаа ч 9.5 тэрбумаар бууруулж, 1.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан тул үүний 30 хувь буюу 495.4 сая төгрөгийг нэгж хувьцаанд 23.62 төгрөгөөр тооцож ногдол ашиг хэлбэрээр олгохоор шийдвэрлэж. Энэ нь “Багануур” ХК 20 жилийн дараа ногдол ашиг хуваарилсан шийдвэр байлаа.
Гэтэл хоёр сар гаруйхны дараа “Төлөвлөгөөт бус шалгалт хийхэд үйлдвэрийн хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх хөдөлмөрийн аюулгүй байдлын болон татвар, санхүүтэй холбоотой хэд хэдэн зөрчил дутагдал илэрсэн тул” хэмээгээд “Багануур” ХК-ийн ТУЗ-ийн энэ сарын 8-ны 13 тоот тогтоолоор өмнөх удирдлагыг ажлаас нь чөлөөлж, гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Т.Отгонболдыг томилсон байх юм. Тэгэхээр үүнийг хууль бус, улс төрийн зорилготой шийдвэр гэж уурхайчид, ажилтнууд нь байтугай хэн хүнгүй л хардахаар байна.
Уурхайг улс төрийн зорилгодоо ашиглагчдын хэн нь хэн бэ
Монгол Улс эрчим хүчний салбарт өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, өвөлжилтийн бэлтгэл, түлшний нөөц бүрдүүлэлт, нүүрсний олборлолт, дотоодын эрчим хүчний хараат бус байдлыг хангах зэрэг стратегийн асуудлыг чухалчилж буй онцгой нөхцөлд тулгуур гол уурхайдаа улс төрийн шалтгаантай томилгоог наадам дөхсөн тэрүүхэн хооронд тийм зоригтой хийх эрх мэдэл хэнд байж болох вэ.
Багануур, Багахангай, Налайх дүүргээс УИХ-д хоёронтоо сонгогдсон Ц.Сандаг-Очир гишүүн саяхан Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга болсон. Түүнийг энэ бүхний ард байгаа хэмээн хардах хүн олон байна. Гэвч “Багануур” ХК-ийн ТУЗ-ийг төдийгүй, “Эрдэнэс Монгол” нэгдэл, цаашлаад Засгийн газрыг шахаанд оруулж, өөрийн хүнээ томилуулах хэмжээний нөлөө бүхий улстөрч тэр биш, ард нь илүү том эрх ашигтай “луугарууд” бий гэж үзэх хэсэг бүлэг ч байна. “Томилгоотой холбоотой асуудлаар УИХ-ын гишүүд өдөр болгон мессеж бичиж, ажил явуулахад элдэв янзаар саад тээг болж байна” хэмээн С.Наранцогт захирал зүгээр ч нэг ам алдаагүй байж таарна.
Ямартай ч “Багануур” ХК-ийн өмнөх захирал асан Э.Номинчулуун нарын хэд хэдэн хүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хахууль авсан, өгсөн хэргээр АТГ шалгаж, шүүхээс саяхан торгох ял оноосон. Энэхүү Э.Номинчулуун, Ц.Сандаг-Очир нарыг ойрын холбоотон байсан гэдгийг уурхайчид, ажилтнууд нь ярьж, бичсээр байна. Харин 2018-2019 онд “Багануур” ХК-ийн төлөөлөгч, 2019-2022 онд Тэргүүн дэд захирал, 2022 оны тавдугаар сараас гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажилласан Д.Түвшинжаргалын хувьд жилийн 50 тэрбум төгрөгийн алдагдлыг зогсоох ил тод, хариуцлагатай менежмент хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгсөн гэж үздэг юм билээ. Харин өдгөө Хятадтай хийх олон тэрбумын түлшний гэрээг түлхүү хэрэгжүүлэх лобби идэвхжиж, улс төрийн бүлэглэлүүдийн ашиг сонирхлын сүлжээн дээр тулгуурласан тоглоомын алтан мөч ойртож буй. Энэ цаг үед амин хувийн ашиг сонирхол, зуучлалын бизнесээ зүтгүүлж ирсэн улстөрчдөд дохиогоор нь үг дуугүй хөдлөх хүн хэрэгтэй учраас халаа сэлгээ хийсэн гэдэг ортой биз.
Ц.Сандаг-Очир гишүүний “гарын хүн” гэгдээд буй Т.Отгонболд нь “Улаанбаатар эрдэм оюу” дээд сургуулийг банкны эдийн засагч мэргэжлээр дүүргэсэн, төрийн удирдлагын менежер нэгэн. Нийслэлийн ИТХ-д хоёронтоо сонгогдон ажиллаж буй түүнийг 20 жилийн хугацаанд анх удаа ашигтай ажиллаж, хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараасан “Багануур” ХК-ийг хэрхэн удирдаж, ямар менежмент хэрэгжүүлэхийг харах л үлдлээ. Улс төрийн оролцоотойгоор тус компанид тогтворгүй байдал бий болбол горыг нь нийслэлчүүд төдийгүй, нийт монголчууд хүртэнэ. Эрчим хүчний салбарынхан бол “Багануур ХК гишүүний халаасны компани болж, дахиад л өр, алдагдал руу гулсах нь. Багануур балрах замдаа орж, төр муу менежер гэдгээ дахин батлах нь” хэмээн хэдийн сэрэмжлүүлээд эхэлсэн байна.
Л.Аргамжин