Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд хязаалан насны ангилалд өнөө жил 195 хурдан буян шандас сорьж, Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат, Монгол Улсын тод манлай уяач Б.Гантигийн сартай хүрэн үрээ түрүү магнай болсон билээ. Энэхүү хурдан хүлгийн уяа сойлгыг тааруулсан эрхэм бол Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат залуу уяач Э.Алтангэрэл юм. Хүүхэд байхаасаа хурдан морины зэл дээр өссөн тэрбээр “Түмний эх” галд харьяалагдан морь уяхад суралцаж, тэсвэр тэвчээр, ухаан уралдуулдаг энэ эрдмийг хойч үедээ өвлүүлэн үлдээх хүсэлтэй нэгэн юм. Залуу уяач Э.Алтангэрэлтэй хурдан хүлгийнх нь амжилтын тухай болон уяач хүний амьдралын талаар хөөрөлдсөнөө хүргэе.
-Уяа эвлэг, морьд хурдан, сайхан наадав уу?
-Сайхаан.
-Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хязаалан насны морьдын уралдаанд таны уяа сойлгыг нь тааруулсан сартай хүрэн түрүү магнайд хурдалсан шүү дээ. Юуны түрүүнд баяр хүргэе. Сартай хүрэн нь түрүүлэхэд ямар мэдрэмж төрөв. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Жаахан ган гачигтай, шороо тоос ихтэй байсныг эс тооцвол өнөө жилийн Үндэсний их баяр наадам ярих юмгүй сайхан боллоо. Сартай хүрэн минь түрүү магнайд хурдаллаа. Анх удаа морь түрүүлүүллээ. Үүнээс илүү сайхан зүйл гэж юу байх вэ. Уяач бид хамгийн түрүүнд хүүхэд, морь хоёр эсэн мэнд байхыг хараад л сэтгэл уужирч, маш их баярладаг улс.
-Та багадаа хурдны морь унаж байв уу. Уяач болох замнал тань хэзээнээс эхэлсэн бэ?
-Багадаа аавыгаа дагаж анх морь унаж сурсан. Аав минь намайг хүүхэд байхаас эхлээд л морь унуулж, адуу, мал хариулахдаа ч аваад л давхидаг байлаа. Анх таван настайдаа морь унаж сурсан. Ер нь багадаа “Түмний эх” галд харьяалагдаж, Улсын тод манлай уяач Д.Онон ахын дэргэд анх морь унаж эхэлсэн. Харин өдгөө өөрөө морь уядаг болжээ. Тэгэхээр морь унаж, уяж, “Түмний эх” галд харьяалагдаад бараг л 25 жил болсон гэсэн үг.
-Морь уяна гэдэг амар ажил биш. Нарийн арга ухаан шаарддаг байх. Танд энэ эрдмийг Улсын тод манлай уяач Д.Онон зааж сургасан байх нь ээ?
-Морь уяна гэдэг тухайн уяач болон унаач хүүхдийн бүтэн нэг жилийн хөдөлмөр байдаг. Намайг жаахан байхад өвөл ч морь уядаг л байлаа. Харин сүүлийн жилүүдэд унаач хүүхэд бэртэж гэмтэх аюултай гээд өвлийн наадмыг хориглочихсон. Ер нь манай хамаатнууд бүгдээрээ л морь уядаг. Жишээлбэл, Улсын тод манлай уяач Д.Онон ахаас эхлээд түүний хүү О.Батболд, О.Батбилэг гээд уяач олонтой гэр бүл. Тиймээс багаасаа л морь мал дагаж, морины хорхойтой болж өссөн гэх юм уу.
-Морь хурдан байхад уяачийн уяа сойлгоос гадна унаач хүүхдийн самбаачилга бас их нөлөөлнө биз.
-Морь хурдан байхад уяач, унаач, морь гурвын хүчин чармайлт их бий. Гурав дахь жилдээ морь унаж байгаа Ц.Түвшинсайхан гэдэг хүү бий. Анх морь унаж сураад л бараг манайд ирсэн. Одоо 10 настай.
-Сүүлийн үед хурдан морины унаач хүүхдүүд унаж бэртэж гэмтэн, амиа алдах нь нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор уяачид хүүхдийн эрхийг зөрчиж байна гэх хандлага газар аваад байгаа. Нэг талдаа бага насны хүүхэд хурдан морь унах нь буруу ч юм шиг.
-Одоо үеийн шинэ цагийн адууг хүнд хүүхэд, эсвэл том хүн унах боломжгүй. Учир нь монгол морь шиг хүнд ачаатай уралдах чадваргүй. Яс нь хэврэг, шилбэ нь нимгэн байдаг. Тиймээс заавал жаахан хүүхэд унах ёстой. Аливаа спортод бэртэл гэмтэл бол тодорхой хэмжээнд угаасаа л байдаг шүү дээ. Болж бүтэхгүй ганц нэг наадмын бичлэгийг л хүмүүс нийтэд дэлгэж, сүржигнээд байгаа болохоос биш, хүүхдийн хүчирхийлэл гэх мэтэд дуугарахгүй байна. Зөвхөн морин спортод л анхаараад байгаа болохоос цаана нь олон асуудал бий.
-Түрүү магнайд орж ирсэн сартай хүрэн хязаалан нь ямар удам угшилтай вэ?
-Сунгааны өмнөхөн Дорнод аймгаас авсан адуу.
-Уралдааны өмнөх өдрийн хоолыг тааруулах нь хамгийн чухал гэдэг. Жаахан алдаа гаргахад л бүтэн жилийнхээ хөдөлмөрийг салхинд хийсгэх эрсдэлтэй шүү дээ.
-Ер нь хоолыг нь тааруулах маш чухал. Бас ажиллагаа ихтэй гэж ойлгож болно. Буруу зөрүү хооллочихвол нэг жилийн хөдөлмөр талаар болно шүү дээ. Тиймээс мориноосоо салахгүй, үргэлж дэргэд нь байж хоолыг нь сайтар тааруулах хэрэгтэй.
-Сүүлийн үед шинэ цагийн монгол адууны тухай уяачид болон хурдан морь сонирхогчид маргаан өрнүүлэх боллоо. Та энэ талаар ямар байр суурьтай байдаг бол?
-Хурдан адуутай болох нь уяач бүрийн мөрөөдөл. Энэ мөрөөдөлдөө хүрэх хамгийн зөв арга бол үүлдрийг нь сайжруулж, цус сэлбэх. Ер нь миний бодлоор шинэ цагийн адуу гаргаж ирэх нь зөв. Эрлийз адууг Монголд оруулж ирэхийг 10 жилийн хугацаанд хориглоно гээд байгаа. Хэрэв зөвхөн монгол адуу уралдуулах юм бол 10 жил гэлтгүй бүр тас хориглох ёстой. Тэгж байж л монголоороо уралдана уу гэхээс 10 жил хориод нэмэргүй. Монгол морь ер нь хүүхэд унахад их догшин байдаг. Харин жаахан цус холилдохоор арай гайгүй, эрсдэл багатай, бас хурдтай юм шиг санагддаг.
-Морины хамгийн дээд шинж юундаа байдаг гэж та боддог вэ?
-Морь болгон л өөрийн гэсэн өвөрмөц шинжтэй. Өөрсдийн гэсэн өвөрмөц биетэй байдаг. Түүнд нь уяа сойлгыг нь тааруулж уралдуулдаг. Тиймээс тэр нь тийм, энэ нь ийм гэхэд хэцүү.
-Адуу маллаж үржүүлдэг, морь уядаг хүн ховордсон тухай бас ярих боллоо. Хамгийн хүндрэлтэй зүйл нь юу бол?
-Моринд дуртай залуучууд л морь дагаж, амьдарч байна. Ер нь олонх нь морь, малаас хол хөндий болчихсон. Ёстой л нөгөө дурандаа хөдөө хээр, халуун, хүйтэн гэж гололгүй л морьтой ноцолдож явна. Морь уядаг залуусын олонх нь эхнэргүй, ганц бие байдаг. Эхнэр, хүүхэдтэй хүн гэж бараг л байхгүй дээ.
-Яагаад?
-Яах юу байх вэ дээ. Одоо үед ер нь орон нутагт амьдрах хүсэлтэй хүн ховордсон шүү дээ. Уяач залуу нэг эмэгтэйтэй танилцлаа гэхэд тэр нь мэдээж хотод, орон сууцад амьдрах сонирхолтой байж таарна. Буруутгах аргагүй. Харин бид үргэлж л хөдөө гадаа морь дагаж явна. Тиймээс тэр бүр эмэгтэй хүнтэй “наалдаад” хамт байх боломжгүй. Эхнэр, хүүхэдтэй байсан ч салсан нь олон. Өөрөөр хэлбэл, сонирхлыг нь хүндэтгээд дагаж явдаг эмэгтэй ховор гэсэн үг.
-Миний морийг шинжээд өгөөч гээд хөтлөөд ирвэл та хамгийн түрүүнд юуг нь харах вэ?
-Одоохондоо залуу уяач учраас хүмүүс тэр бүр морио шинжүүлье гэдэггүй юм. Гэхдээ олон жил морь унаж, хорхойсоод эхлэхээр улсын наадамд уралдах морь шал өөр харагдаж, нүдэнд тусдаг болчихдог. Нүдэнд туссан л бол ер нь улсын адуу болж таардаг даа.
-Уяач хүний нэг өдөр хэрхэн өнгөрдөг талаар сонирхуулж болох уу?
-Уяач болгоны нэг өдөр бараг л адилхан өнгөрдөг дөө. Бид улсын баяр наадамд морио уралдуулж, дүнгээ сонсож, үнэлүүлэх гэж байгаа хүмүүс. Өглөө морьдоо барьж, баалгахаас эхлээд л өдөржин морьтойгоо зууралдсаар байгаад л таарна. Сунгаа эхлэхээс өмнө бүр ч завгүй болно. Гэхдээ морио уяад, завгүй байхдаа илүү жаргалтай. Наадамд оролцож, түрүүлж, айрагдахад нь хөл газар хүрэхгүй баярлана шүү дээ. Гарааны зурхайд хүртэл морь маань урдуур давхихад сэтгэл огшоод л ирнэ.
-Энэ жил зуншлага тааруу, хаа сайгүй гандуу байна. Ийм жил морийг яаж уях ёстой вэ?
-Морио арай илүү мэдэрч уясан нь л хожоод байх шиг. Гандуу жил аль болох ногоотой, үржил шимтэй газар дагаж нүүдэллэдэг. Хаана л ногоо сайн ургана бид тэнд байна. Тухайлбал, өнөө жил Хэнтий аймгийн Дархан сумын Бор ухаа гэдэг газар хэдэн мянган залуу морь уяхаар очсон. Жижигхэн газар том том галууд бүгд л шавсан даа. Ер нь үржил шим сайтай, ногоо их ургасан газар л адуугаа уяна. Түүнээс биш гандуу газар уяхгүй
-Таны цаашдыг зорилго, төлөвлөгөө юу вэ?
-Тод манлай болсон багш нарынхаа адилаар морины дээд цолд хүрэх хүсэлтэй.
У.Цэцэг