Төгсгөл. Түрүүч нь ¹ 129 (8194) дугаарт
Монгол Улсын Төрийн шагналт, түүхч, доктор О.БАТСАЙХАН
Гэвч Дээрхийн уг эхэд “Хорин нэгдүгээр он (Тэнгэрийн тэтгэсний 21 дүгээр он-1756) мөн Хүрээний газарт цанид номын сургууль байгуулж судар тарнийн шашныг зэргээр ихэд бадруулж зах хязгаарын олон амьтныг бурхны соёлд жолоодож гайхамшигтай эрдэм дөрвөн этгээдэд нэвтэртэл дуурсгаж шарын шашны итгэл болов. Мөн Хотгойдын ван Цэнгүнжав дэмий цуу үг зохиож халхчуудыг бачимдуулан цуугуулж явсан тухайд Жавзандамба хутагт даруй “Цэнгүнжавын алдаршуулсан цуу үгийг итгэвээс болохгүй” хэмээн нийтээр ухуулан зарласан бөгөөд, бас дөрвөн аймгийн хан, ван, гүн, тайж нарыг цуглуулж чуулган нийлж олон бүхнийг амар жимрээр тохинуулан суулгасан учирт Гозун Төгсгөлт хуанди хишиг хүртээж урьдын бүх “шашныг мандуулах” цолын дээр, “амьтныг жаргуулагч” хэмээх цол нэмж өргөмжлөөд дотоод сангийн зүйл бүр торгын зэрэг юмыг тусгайлан хиа гаргаж шагнасан” гэсэн тэмдэглэл оржээ. Хоёрдугаар Богд Жавзандамба хутагтад “бүх шашныг мандуулах цолын дээр, амьтныг жаргуулагч” хэмээх цол нэмж өргөмжилсөн нь 1756 он болно. Агваанпэринлэйжамц бээр энэхүү цолыг өмнө 1739 онд Хоёрдугаар Богд Жавзандамба хутагтад олгосон байдлаар ташаарсан байх магад юм.
Сонирхолтой нь, Хоёрдугаар Богдод эл цолыг нэмж олгосны дараа жил Богд бээр таалал болсон нь эгээ л Өндөр гэгээнд цол олгосонтой адил шиг санагдана. Энэ хүртэлх байдлыг үзвэл Богд Жавзандамба хутагтын цол нь Хоёрдугаар Богдын үед Шашныг мандуулах, амьтныг жаргуулагч хэмээх цолтой болсон нь тодорхой байна.
1691 онд Халх Монгол Манж Чин гүрэнд дагаар орсноос хойш Манж Чин гүрний эзэн хаан Анхдугаар Богд Жавзандамба хутагт лугаа онцгой харилцаатай байсан нь Халх Монголын тусгай статус хийгээд Өндөр гэгээнтэн Анхдугаар Богд Жавзандамба хутагтын өндөр нэр хүнд, Монголын нийгэмд эзэлж байсан тэргүүлэх байр суурь, Манжийн хаанаас шууд хараат бусаар оршиж байсныг давхар илэрхийлж буй хэрэг юм. Энэ бол Манж Чингийн төрөөс Монголын бурхны шашин, түүний тэргүүний талаарх бодлого 1750-иад оны дунд үе хүрч байж, Халх Монголын Бурхны шашны тэргүүн Богд Жавзандамба хутагтад цол олгож, алтан тамга өргөмжлөх болсноор илүү тодорхой болжээ хэмээн үзэж болохоор байна. Дээрхийн уг эх хийгээд “Богд Жавзандамбын анхан төрлийн нэр оршивай” хэмээх сурвалжид Гуравдугаар Богд Жавзандамба хутагтад Манжийн хааны зарлигаар ямар нэг цол олгосон тухай дурдаагүй байна.
Дээрхийн уг эхэд Дөрөвдүгээр Богд Жавзандамба хутагтад “Тэнгэрийн тэтгэсний дөчин зургадугаар (1781) оны намрын дунд сарын арван нэгэнд Зарлиг буулгаж”, “Богд эзний урьд дүрийн Жавзандамба хутагтад шагнаж олгосон алтан навчит өргөмжлөл, алтан тамгыг Жавзандамба хутагтад олгосон байна. Уг сурвалжид Тав, Зургаа, Долоодугаар дүрийн Богд Жавзандамба хутагтуудад цол нэмж олгосон тухай тэмдэглээгүй байна. Харин Дээрхийн уг эхэд Манжийн эзэн хаан Тавдугаар Богд Жавзандамба хутагтыг урин залж, нэг олбогонд дотночлон хамт суусан тухай тэмдэглэгджээ. Уг эхийг үзвэл “Бас шинийн найманд Жавзандамба хутагтын биеэр Богд эзэн гэгээнээ даншог өргөж төгсмөгц Зарлигаар хутагт нааш суу хэмээн айлдаж нэгэн олбогон дээр хамт суув” (Дээрхийн уг эх, тэргүүн дэвтэр 2019: 30) хэмээжээ.
Үе үеийн Богдуудад урьдаас уламжлан ирсэн цол, алтан тамга сэлтийг Монголын шашны тэргүүний ширээнд өргөмжлөхдөө зөвхөн үсгийг солин өргөн барьж байсан байна. Тухайлбал, Дээрхийн уг эхэд тэмдэглэснээр Долоодугаар Богдын үед: Түгээмэл элбэгтийн тавдугаар (1855) оны есөн сарын хорин таванд “Дэлэгдорж нарын газраас Жавзандамба хутагтын хувилгаан алтан тамгыг хүлээн авч хишигт мөргөж бурхан хадаг барьсан бөгөөд, лам нарыг зарж даншог өргүүлье хэмээх явдлыг уламжлан” айлтгасан тухай тэмдэглэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, 1855 онд Манжийн эзэн хаанд Долоодугаар дүрийн Богд Жавзандамба хутагтад алтан тамга, өргөмжлөл өргөхийг айлтгаж, 1856 онд “тавдугаар дүрийн Жавзандамба хутагтад шагнасан алтан навчит өргөмжлөл”-ийг халж, өөрчлөн шинээр хийн ирүүлж, өргөн барьсан байна.
Мөнтэмдэглэснээр Бүрэн засагчийн 13 дугаар онд Манжийн хаанд Наймдугаар Богд Жавзандамба хутагтад алтан тамга, өргөмжлөл өргөх явдлыг айлтгаж, “Тэнгэрийн хишигт мөргөсөн явдлыг мөн оны арван нэгэн сард Хүрээний сайдуудаас уламжлан айлтгаж дэвшүүлсэнд Бүрэн засагчийн арвангуравдугаар он (1874) арванхоёрдугаар сарын шинийн долоонд Зарлиг буулгасан нь Жан Тин Ёо нарын газраас Жавзандамба хутагтын хувилгаан алтан тамгыг хүлээн авч хишигт мөргөж бурхан хадаг барьсан бөгөөд лам нарыг зарж даншог өргөсүгэй” хэмээх явдлыг уламжилсан байна.
Дээрхийн уг эхэд Наймдугаар Богд Жавзандамба хутагтад олгох алтан тамга, алтан өргөмжлөлийн тухайд өгүүлэхдээ: “Бадруулт төрийн тэргүүн он (1875) цагаан сарын шинийн таванд Зарлиг буулгасан нь “Жавзандамба хутагтад шагнах алтан навчит өргөмжлөлийг хүргүүлэхүйд”, “энэ удаа халж сийлгэвээс зохих алтан навчит өргөмжлөлийг даруй харьяат Журганд хүргэн ирүүлж Журганаас хууль ёсоор халж сийлсэн хойно, Гадаад Монголын төрийг засах явдлын яамнаас хэлтсийн түшмэл нэгийг гаргаж Хүрээнд хүргүүлж уламжлан шагнатугай” хэмээжээ.
1874 оны намар Монголын нутагт Төвөдөөс залж ирсэн Наймдугаар Богд Жавзандамба хутагтад Манжийн хааны зарлигаар өмнөх дүрүүдийн цол хийгээд алтан тамга, алтан өргөмжлөлийн үсгийг өөрчлөн сийлж ирүүлэн 1875 онд өргөн барьжээ.
Наймдугаар Богд Жавзандамба хутагтыг анх түрүүн Монголд ирэхэд Манжийн хаанаас ирүүлсэн алтан өргөмжлөл эдүгээ Монгол Улсын Эрдэнэсийн санд хадгалагдаж байна. Эл өргөмжлөл нь Манжийн хаанаас Бадаргуулт төрийн тэргүүн онд Наймдугаар Богдод ирүүлсэн алтан өргөмжлөл бөгөөд Наймдугаар Богд Жавзандамбыг Монголчуудын шарын шашны тэргүүнээр өргөмжилсөнтэй уялдуулан 1875 онд ирүүлсэн манж, монгол, төвөд хэлээр буй өргөмжлөл юм. Нийтдээ 15 алтан хуудсан дээр бичсэн 7,673 гр шижир алтын орцтой ажээ. Өргөмжлөлийн агуулга нь: Наймдугаар Богдыг залуу насандаа эрдэмд шамдан суралцахыг хүссэний зэрэгцээ монголчуудад шарын шашныг ариунаар дэлгэрүүлэхийг ерөөсөн байна.
1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр монголчууд төр улс, тусгаар тогтнолоо сэргээн тунхаглаж, улсын цол Монгол, Оны цол Олнаа Өргөгдсөн, Их Хүрээг Нийслэл Хүрээ хэмээн нэрийдэж, Бурхны шашны тэргүүн наймдугаар Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын эзэн хаанаар өргөмжилж, орчин үеийн Монголын түүхийн эхлэлийг тавьсан билээ. Тиймээс тусгаар тогтносон Монгол Улсын хувьд Монголын төрөөс Шашны тэргүүнээр Наймдугаар Богд Жавзандамба хутагтыг өргөмжилж, түүнд “аврал итгэл хамгийг айлдагч оройн чандмань Очир дара” цол олгосон байдаг.
Энэхүү шашны тэргүүнд цол, алтан тамга олгох зарлиг 1915 онд буусан юм. Энэ нь ДИУ-аас гурван улсын Хиагтын гэрээний дараа олгож мэдэх цол, хэргэмийг хаах зорилго давхар агуулж байв.
1915 онд Богд хаанд Монгол Улсын шашин, төрийг хослон баригчийн хувьд нь алтан тамга, алтан өргөмжлөлийг үйлдүүлэн өргөн барьсан байна. 1911 онд Богдыг Монгол Улсын хааны сэнтийд залрахад төрийн хаш, мөнгөн тамгыг өргөн барьсан бол 1915 онд Богдын ламын хувьд барих алтан тамгыг хийж өргөн барьсан билээ. Энэ нь Хиагтад болж байсан Хятад, Орос, Монгол гурван улсын Хиагтын гэрээнээс Монголд харштай шийдвэр гарвал түүний үр дагавраас урьдчилан хамгаалах зорилгоор ийнхүү Богдын ламын алтан тамгыг шуурхай хийж өргөн барих шаардлага гарсан тухай дээр нэгэнтээ дурдсан билээ. 1915 онд Монгол тусгаар тогтнолоо тунхагласнаас хойш хаандаа өргөн барьсан Богд хааны Алтан тамганы үг нь “Шашныг мандуулагч амьтныг жаргуулагч аврал итгэл, хамгийг айлтгагч оройн чандмань Очирдара Жавзандамба ламын тамга” хэмээсэн үгтэй бол тамганы хамт дагалдсан алтан өргөмжлөлийн үг нь дараах болой. Энэ бол тусгаар тогтносон Монгол Улсын бурхны шашны тэргүүн Богд Жавзандамба хутагтад олгосон алтан тамга билээ.
Шашин, төрийг хослон баригч Наран гэрэлт Богд эзэн хааны зарлиг
“Би тэнгэрийн цагийг дагаж төр, шашныг хослон барьж, Монгол Улсыг жолоодон тогтоохуй дор үнэнээр тус хийж чадагчдыг хэтэрхийеэ эрхэмлэх бөгөөд эн тэргүүн өргөмжилбөөс зохих Жавзандамба лам болбоос эртний Мин улсын цаг Их Юань улсын тайцу хааны үе, Халхын Очирбат Түшээт сайн хан Гомбодоржын гэрт хувилгаан гарч, бурхны шашныг дэлгэрүүлэн хамаг амьтныг гийгүүлж, Халхын олон монголчуудыг тэргүүлэн авч, манж монголыг найралдуулан гавьяа байгуулсан учирт умар зүгийн амьтны итгэл номын Богд хэмээн алтан тамга, алтан навчит өргөмжлөлийн зэрэг зүйл бүрийн ёслолын юм шагнагдаж, Манж эзэн лугаа нэгэн суурин дор суух зэргээр маш өргөмжлөгдсөн анх төрлийн Өндөр Богдоос эхлэн төрөл тутам бэлгэ, билэг лүгээ төгөлдөр судар тарнийн шашныг мандуулж, амьтныг жаргуулсан тус эрдэм зарлигийн ач хязаалш үгүй буй.
Эдүгээ наймдугаар төрлийн Жавзандамба лам ч магад гарч, дээд бодь сэтгэлийг үүсгэснээс зургаан бармидыг туулгаж, хоёр зэргийн оньсыг боловсруулсан гайхамшигт зохиолыг илтэд болгож, эртний заларсан дээдсийн эш үзүүлсэн ёсоор шар шашныг хир үгүй дэлгэрүүлж цөвүүн цагийн амьтны элдэв зүйл зовлон хийгээд гадаад, дотоодын цэрэг, хямрал буурал бүхний харанхуйг арилгаж, хамаг Монгол овогтныг сайн дор удирдан төгс зоны ид дэлгэрсэн мэт амгалан жаргалангийн цогийг эдлүүлэн чадсаны тулд үе үеийн хэрэглэсэн олон зүйл янба шашныг мандуулах, амьтныг жаргуулагч цолын дээр аврал итгэл хамгийг айлдагч оройн чандмань Очир дара хэмээн нэмж өргөмжлөөд алтан тамга, алтан навчит өргөжлөлийг олгуулан Их Юань улсын хуучин ёсыг дагаж, аливаа яамлах төрийн хэрэг шийтгэх газар хаан би ахлах боловч Жавзандамба лам чамайг шашны эзэн охь манлай хэмээн өргөмжлөх бөгөөд энгийн өдөр номын хурлын газраа ахлуулж сүслэх хишгийг тахиж бадруулбай. Лам чи дотно нүүртэй хишгийг хүлээсний тулд улс төр, шар шашныг өнө бат оршуулахын хутгийг барьж төр, шашин дор чухал холбогдсон айлдваас зохих хэрэг тохиолдвоос алтан тамгыг дарж шууд айлдаж явахыг үүрд дагаж шийтгэгтүн.
Лам чиний төгс хувьт шавь нар ч дээд төрөлхтөн дор шүтэж зохилдох болсон орон дор оршсон өөр өөрийн сайн ерөөл эртний буян, дөрвөн их хүрдэн лүгээ төгссөн тул харьяат олон шавь нарыг дээдийн ном дор сонсох, санах, бясалгах гурвын үүднээс эш онолын эрдмийг дээрээс дээшид арвитган дэлгэрүүлэхийн явдал дор шамдан хичээлгэж, хамаг амьтныг харшлах шалтгаан үгүй. Сансар нирвааны сайн чуулган бүтэх сайн үйлсийг цаг үргэлжид зохиотугай. Олнаа Өргөгдсөний тавдугаар он Хаврын сүүл сарын арван нэгэн” (Монголын сүүлчийн эзэн хаан наймдугаар Богд Жавзандамба, 2014: 201-202) хэмээжээ.
Богд хааны эл зарлиг нь Сэргэн мандсан Монгол Улс шашны тэргүүнээ тусгаар тогтносон, бие даасан улсын хувьд анх удаа эзэн хааны зарлигаар тохоон томилсон түүхэн шийдвэр юм. Эл зарлигаар Богд хаан Манжийн хаанаас удаа шийтгэн үе үеийн Богдуудад олгож байсан алтан тамга, алтан өргөмжлөлийг зогсоож, үүнээс хойш Монгол Улс бие даасан улсын хувьд шашны тэргүүнээ тусгаар улсын хувьд өргөмжилж, оюун санааны хувьд аливаа гадны улсын эрхшээлээс ангид байх үүд замыг нээсэн байдаг.
Богд Жавдандамба хутагтад олгосон цолын тухайд үе үеийн Богдуудын хэрэглэж ирсэн “шашныг мандуулах, амьтныг жаргуулагч” цолын дээр “аврал итгэл хамгийг айлдагч оройн чандмань Очир дара” хэмээх цолыг Монгол Улсын эзэн хаанаас нэмж олгосон байна. Богд хааны эл зарлигийг Алтан өргөмжлөлөөр хоёр удаа үйлдсэн нь эдүгээ Монгол Улсын Эрдэнэсийн санд хадгалагдаж байна.
Эл зарлигийн эхэнд “Би тэнгэрийн цагийг дагаж төр, шашныг хослон барьж, Монгол Улсыг жолоодон тогтоохуй дор үнэнээр тус хийж чадагчдыг хэтэрхийеэ эрхэмлэх бөгөөд эн тэргүүн өргөмжилбөөс зохих Жавзандамба лам болбоос эртний Мин улсын цаг Их Юань улсын тайцу хааны үе, Халхын Очирбат Түшээт сайн хан Гомбодоржын гэрт хувилгаан гарч, бурхны шашныг дэлгэрүүлэн хамаг амьтныг гийгүүлж” хэмээн төр, шашныг хослон барьж буй, мөн “Их Юан улсыг үндэслэгч - Эзэн Чингисийн үеийн төрийн үргэлжлэл, Халхын Анхдугаар Богд Жавзандбамба хутагт Өндөр гэгээн Занабазарын хувилгаан дүр болохоо тэмдэглэсэн байдаг. Энэ бол 1911 онд сэргээн тунхагласан Монголын төр бол эзэн Чингис хааны байгуулсан Их Монголын улсын гал голомт болохыг илэрхийлжээ. Мөн түүнчлэн судар тарнийн шашныг мандуулж ирсэн уламжлалыг онцлон тэмдэглэсэн байдаг.
Зарлигт “хамаг Монгол овогтныг сайн дор удирдан” хэмээн ар, өвөр монгол, барга, буриад, халимаг гээд бүхий л монголчуудаа Монгол Улсад хамруулж буйгаа илэрхийлжээ. Зарлигт заасан бас нэгэн чухал заалт бол “төрийн хэрэгт хаан би ахална” хэмээсэн үг юм. Энэ нь төр бол шашнаас дээгүүр зиндаатай гэдгийг илэрхийлсэн хэрэг бөгөөд шашин нь төрөө дээдэлнэ хэмээн ойлгож болох биз ээ.
Энэхүү зарлигт “Жавзандамба лам чамайг шашны эзэн охь манлай хэмээн өргөмжлөх бөгөөд энгийн өдөр номын хурлын газраа ахлуулж сүслэх хишгийг тахиж бадруулбай” (Монголын сүүлчийн эзэн хаан 8-р Богд Жавзандамба, 2014: 202) хэмээн бурхны шашны тэргүүн болохын хувьд тодорхой зааж өгсөн байна. Ийнхүү шашны хэрэгт алтан тамга барьж шийтгэж байхыг эл зарлигаар баталгаажуулж өгсөн байдаг билээ.
1999 онд анх удаа Монголд морилохдоо нэгэнтээ Монголын бурхны шашны тэргүүнээр өргөмжлөгдсөн IX Богд Жавзандамба хутагтыг 2011 онд дахин Монголын бурхны шашны тэргүүнээр өргөмжлөх ёслол болсон билээ. 1999 онд тэрхүү ёслол Өндөр гэгээн Занабазарын үндэслэн байгуулсан Эрдэнэ зуу хийдэд болж байсан бол 2011 онд Улсын нийслэл Улаанбаатар дахь Гандантэгчэнлин хийдэд болов. (IX Богд Жавзандамба хутагт: амьдрал ба цаг хугацаа, 2015: 124)
Монгол Улсын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн саналаар Ловонгийн зөвлөлийн хурлыг 2011 оны аравдугаар сарын 20-24-нд хуралдуулж, Улаанбаатар хотын 90 гаруй хийдийн хамба нар болон 21 аймаг, сумдын бурхны шашны сүм, хийдүүдийн тэргүүн нарыг оролцуулан IX Богдыг Монгол Улсын Бурхны шашны тэргүүнээр өргөмжлөх тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн байдаг билээ.
Бурхны шашны сүм хийдүүдийн хамба нар урт цэнхэр хадган дээр алтан тамга, өргөмжлөл сэлтийг тавин Дээрхийн Гэгээн IX Богд Жавзандамба хутагтад өргөн барьжээ. Өргөмжлөл, тамганы үгийг Монгол Улсын эзэн хаан VIII Богд Жавзандамба хутагтаас 1915 онд буулгасан зарлиг, тамганы үгийг үндэслэн зохиосон нь элдэв гадны нөлөөллөөс ангид байлгахыг хичээсэнд оршино.
Дээрхийн Гэгээн IX Богд Жавзандамба хутагтад өргөн барьсан Монгол Улсын бурхны шашны тэргүүний алтан тамганы үг нь:
“МонголУлсынбурхны шашны тэргүүн, шашныгмандуулах, амьтныгжаргуулагчаврал, итгэлхамгийгайлдагч, оройнчандманьОчирдара Жавзандамба ламынтамга” хэмээжээ.
Есдүгээр Богд Жавзандамба хутагтад олгосон цол, алтан тамга нь Монголын бурхны шашны төв Гандантэгчэнлин хийд, Бурхны шашны томоохон хийдүүдийн хамба нар санал нэгдэж олгосон алтан тамга юм. Алтан тамгыг үйлдэхдээ сүм хийдүүд, лам хувраг, сүсэгтэн олны дэмжлэг, хувь нэмэр, хамтын хүчээр хийсэн байдаг.
1915 онд буулгасан эл зарлигийг үндэслэж, хожим 2012 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 15 тоот зарлиг буулгаж, “Монголын бурхны шашны лам хувраг, сүм хийдийн нийтийн зөвшилцлөөр Есдүгээр дүрийн Богд Жавзандамба хутагтыг Монголын бурхны шашны тэргүүнээр өргөмжилснийг соёрхон” (IX Богд Жавзандамба хутагт: амьдрал ба цаг хугацаа, 2015: 127) батламжилсан билээ. Тиймээс Богд хааны 1915 онд буулгасан эл зарлиг өнөө хэр ач холбогдолтой хэмээн үзэж байна.
Дүгнэлт болгох нь: Эх сурвалжуудад тэмдэглэснийг дүгнэж үзвэл Богд Жавзандамба хутагтын цол нь Хоёрдугаар Богдын үед Шашныг мандуулах, амьтныг жаргуулагч хэмээх цолтой болсон нь тодорхой байна.
1691 онд Халх Монгол Манж Чин гүрэнд дагаар орсноос хойш Манж Чин гүрний эзэн хаан Анхдугаар Богд Жавзандамба хутагт лугаа онцгой харилцаатай байсан нь Халх Монголын тусгай статус хийгээд Өндөр гэгээнтэн Анхдугаар Богд Жавзандамба хутагтын өндөр нэр хүнд, Монголын нийгэмд эзэлж байсан тэргүүлэх байр суурь, Манжийн хаанаас шууд хараат бусаар оршиж байсныг давхар илэрхийлж буй хэрэг хэмээн үзэж болох юм.
Энэ бол Манж Чингийн төрөөс Монголын бурхны шашин, түүний тэргүүний талаарх бодлого 1750-иад оны дунд үе хүрч байж, Халх Монголын Бурхны шашны тэргүүн Богд Жавзандамба хутагтад цол олгож, алтан тамга өргөмжлөх болсноор илүү тодорхой болжээ хэмээн үзэж болохоор байна.
1915 онд Богд хааны зарлигаар олгосон “Монгол Улсын бурх”ны шашны тэргүүн, шашныг мандуулах, амьтныг жаргуулагч аврал, итгэл хамгийг айлдагч, оройн чандмань Очирдара Жавзандамба ламын алтан тамга”-ны эзэн бол эдүгээ нэгэнт тодорч, 2023 оны гуравдугаар сарын 8-ны өдөр Дээрхийн гэгээнтэн Далай лам дэлхий дахинд тунхаглан зарласан Аравдугаар Богд Жавдандамба хутагт билээ. Үе үеийн Богдуудын түүхэн замналыг үзвэл, Бурхны шашны тэргүүн тодорч, залагдсан даруй лам хувраг, сүсэгтэн олны хүсэл, таалалд нийцүүлэн өргөмжилж ирснийг мэдэж болно. Иймээс монголчуудын оюун санааны удирдагч, бурхны шашны тэргүүн, Аравдугаар Богд Жавзандамба хутагтаа хүндэтгэн дээдэлж, шашны тэргүүний өндөр ширээнд нь залж, алтан тамга юугаа өргөн барих нь буддын шашны лам хувраг, сүсэгтэн олон төдийгүй нийт монгол түмний эрх ашигт нийцнэ хэмээн үзэж байна.
Эзэн Чингис хааны алтан ургаас гаралтай Өндөр гэгээн Анхдугаар Богд Жавзандамба хутагт бээр монголчуудын оюун санааны удирдагч, бурхны шашны тэргүүн, дэлхийд өөрийн дэг сургуулийг үлдээсэн соён гэгээрүүлэгч, урлагийн нэрт зүтгэлтэн билээ.
Өндөр гэгээн бээр ирээдүйг зөгнөсөн эш бошог олон үзүүлсний дотор “Миний үсэг дэлхийг бүрхэнэ” хэмээсэн нь ёсоор болж, 1911 онд сэргэн мандсан Монгол Улсын төрийн сүлд, далбаанд “Соёмбо” бат сууж, ХХ зууны турш элдвийг даван туулсаар өнөө цагийн төрийн сүлд, далбаанд уламжлагдан дэлхийн олон орны тэнгэрт мандан бадарч байна. Бүрэн эрхт тусгаар тогтносон Монгол Улс бол Эзэн Чингис хааны удамт Өндөр Богдын аминчлан алсын хараатай захиж үлдээсэн хамгийн үнэт өв мөн билээ.