Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотод болж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож байна. Тэрбээр уржигдар эх орноосоо мордсон юм.
Ерөнхийлөгч ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд үг хэлнэ. Мөн тус байгууллагын гишүүн болон яриа хэлэлцээний түнш орнуудын Төрийн тэргүүн нартай уулзаж, харилцаа, хамтын ажиллагаа, харилцан сонирхсон асуудлаар санал солилцохоор төлөвлөжээ. Төрийн тэргүүн өчигдөр Киргиз улсын Ерөнхийлөгч Садыр Жапаровтой уулзаж, хоёр орны хамтын ажиллагааны талаар ярилцсан байна. ШХАБ нь Засгийн газар хоорондын байгууллага юм. Жил бүр Төрийн тэргүүн нарын зөвлөл, Засгийн газрын болон Гадаад хэргийн сайд нарын, Үндэсний зохицуулагчдын зөвлөл хуралддаг. Гишүүн орнууд ШХАБ-ыг нэг жилээр ээлжлэн даргалдаг бөгөөд 2023- 2024 онд Казахстан, 2025 онд Хятад, энэ онд Киргиз Улс удирдаж байна. Тус байгууллагад 27 улс багтдаг юм.