Нийслэлийн ерөнхий боловсролын хоёрдугаар сургууль Монгол Улсын анхны “Google” жишиг сургууль (Google reference school) боллоо. Тус сургууль 130 гаруй багш, 3600 орчим сурагчтай бөгөөд энэ оны хоёрдугаар сараас эхлэн, хиймэл оюуны дэвшилт технологиудыг сургалтын үйл ажиллагаандаа нэвтрүүлжээ. Ерөнхий сайд Н.Учрал, Боловсролын сайд Л.Энх-Амгалан болон салбарын төлөөллүүд тус сургуульд 570 ширхэг хромбүүк төхөөрөмж хүлээлгэн өгсөн юм. Ирэх хичээлийн жилд 100 сургуулийг ийн жишиг болгож, 100 мянган хромбүүк олгох гэнэ.
Жишиг сургууль болсноор багш, сураг чид зайн болон цахим сургалтад түргэн шуурхай, уян хатан шилжих боломжтой болжээ. Хиймэл оюуныг сургалтад нэвтрүүлсний дараа багш нараас авсан судалгаагаар өндөр үр дүн гарсан байна. Тухайлбал, нийт багшийн 70 орчим хувь нь gemini AI-ийг өдөр тутмын хичээлийн төлөвлөгөө боловсруулах, даалгавар, дасгал ажил, сорил материал бэлтгэхэд туршиж, тогтмол ашигладаг аж. Цахим хэрэгсэл нэвтрүүлснээр бичиг цаасны болон давтагддаг ажлын ачаалал буурч, мэдээлэл солилцох хурд мэдэгдэхүйц нэмэгдсэн гэж багш нар онцоллоо. Мөн эцэг, эх, багш, сургуулийн удирдлага, сурагчдыг холбосон дөрвөн талт хамтын ажиллагааны загварыг энэ хичээлийн жилээс хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гэнэ. Ташрамд, “Гүүгл” компани ICOR зэрэг түнш байгууллагуудаараа дамжуулан манай улсын боловсролын салбарын удирдах газруудтай хамтран ажиллаж буй. Үүний хүрээнд өнөөдрийн байдлаар 170 мянга гаруй сурагч, багш “гүүгл боловсрол”-ын хувийн аккаунтай болжээ. Мөн улсын хэмжээнд 13 мянган хромбүүк хүлээлгэн өгсөн байна.