Дундговь аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Ц.Ариунбаяр нарт холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусжээ. Орон нутгийн эх сурвалжуудын мэдээлснээр 2024-2025 онд уг албан тушаалыг хашиж байхдаа ЗДТГ-ын Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтэн Э.Мөнхзул гэх хүнтэй хамтарч, аймагт нь үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэ үржих” гэх компанийн удирдлагад давуу байдал олгосон хэрэгт холбогдоод буй гэнэ. Тухайн аж ахуйн нэгж нь хуулийн шаардлага хангаагүй байхад нь согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрөл таван жилийн хугацаатай олгох захирамж Засаг даргаараа гаргуулсан хэмээн буруутгагдсан юм байна. Ц.Ариунбаярын хувьд Засаг даргын орлогчоор томилогдохоосоо өмнө УИХ-ын гишүүний зөвлөх, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга, ШӨХТГ-ын Тамгын газрын дарга зэрэг албан тушаал хашиж байсан нэгэн аж.