Украины Дээд рад (Парламент)-ын депутатууд “Нафтогаз” компанийн захирал Сергей Федорович Корецкийг долоодугаар сард Ерөнхий сайдаар баталсан юм. Түүний төлөө 289 депутат санал өгсөн байв. Засгийн газраа огцруулахаа Ерөнхийлөгч Зеленский мэдэгдэхдээ “улс төрийн стратегиа өөрчилж байна” гэж хэлсэн байдаг. “Украины үнэн” сонины эх сурвалжуудын баримтаар бол Корецкийг Зеленский удаан хугацаанд ажиглаж, “түүнийг сайн менежерүүдийн нэг” гэж үзэх болсон байна. Депутатуудын санал хураахын өмнө Корецкий хэлсэн үгэндээ түүний удирдсан сайд нарын танхим нь батлан хамгаалах, эдийн засгийн хөгжил, Европын интеграцын Засгийн газар байх болно гээд өвөлд бэлтгэх, бизнесийг дэмжих, түншүүдтэйгээ хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, олон улсаас тусламж авч, Европын Холбоонд элсэхийг чухал зорилтоо болгоно гэж мэдэгдсэн байна. Тэр өдрөө л Засгийн газрынхаа шинэ бүрэлдэхүүнийг парламентдаа танилцуулжээ. Сергей Корецкий 48 настай, техникийн их сургууль төгсжээ. Хожим нь тус сургуулиас эдийн засагчийн диплом авч, бас нефть, хийн мэргэжил ч эзэмшсэн байна. Оюутан цагаасаа “Continuum” бүлэгт орж, 2007-2013 онд ерөнхий захирлаар нь ажилласан. Түүний бүрэлдэхүүнд Украин даяар байдаг 200 гаруй компани ордог байв. Дараа нь түлш, шатахуун борлуулахад гол үйл ажиллагаагаа чиглүүлдэг WOG сүлжээг зургаан жил удирдаад кофе үйлдвэрлэж, худалддаг “Idealist Coffee” компаниа үүсгэн байгуулав. Гурван жил өнгөрөхөд 2022 оны сүүлчээр нефть олборлодог “Укрнафти” болон дахин боловсруулдаг Укртатнафта” компанийг тэргүүлэх болжээ. 2025 оны тавдугаар сараас өрсөлдөөнд ялж, “Украины нафтогаза” компанийг удирдав. Тухайн үед газар доорх агуулахад хийн нөөц бараг байхгүй болсон байсан ч Корецкий шаардагдах хэмжээний хуримтлалтай болгож чадсан төдийгүй, зээл авахаар Европын хөрөнгө оруулалтын банкуудтай тохиролцжээ. Ташрамд өгүүлэхэд, Юлия Свириденког Сергей Корецкийгоор солих болсон шалтгааныг Владимир Зеленский өнөө хэр нь тодорхой хэлээгүй л байгаа юм билээ. Зарим хүний ярих нь Засгийн газраа илүүтэй бие даасан, санаачилгатай болгохыг Зеленский хүссэн гэх. Свириденко нь сайн гүйцэтгэгч байснаас стратегич биш аж. Энэ хатагтай Ерөнхий сайдын албыг нэг жил хашихдаа хэвлэлийнхэнд ганц ч удаа мэдээлэл хийгээгүй, хөтөлбөрийн чанартай ярилцлага өгөөгүй хэмээн сэтгүүлчид тэмдэглэсэн байдаг. Украин улс түүхэндээ хамгийн хүнд өвлөө хүлээж буй, үүнийг ухаарсан Зеленский түлш-эрчим хүчний салбарын мэргэжилтэнд найдвар хүлээлгэхээр шийдсэн гэж олон хүн итгэдэг аж. Эцэст нь, Зеленскийн сонголтыг цэвэр улс төрийнх гэж үздэг хүмүүс ч цөөнгүй. Эдгээрээс гадна Зеленскийн алхмыг сонгуульд бэлтгэж байгаа болон Батлан хамгаалахын нэрд гарсан, олны талархал хүлээсэн сайд Михиал Федоровыг халснаа халхлах гэсэн арга ядсан үйлдэл гэж дүгнэдэг ч байна. Ямар ч байлаа гэсэн эдгээр тааврын аль нь ч зөв биш, шинэ Засгийн газраас чанарын олигтой ахиц хүлээх хэрэггүй гэж Украины шинжээчид үзэж байгаа юм. Эцсийн эцэст, Украины гүйцэтгэх засаглалын бодит тэргүүн нь Зеленский байж, үйл явдлын өрнөлийн хариуцлагыг тэр л хүлээнэ гэдэгт эргэлзэх зүйлгүй мэт. Свириденкогийн тэргүүлсэн Засгийн газарт хандсан шүүмжлэл олон байдаг ч алдаа дутагдалын нэлээд нь түүний өмнө таван жил уг суудалд суусан Денис Шлыгальд хамаарах ёстой нь мэдээж. Свириденкогийн ажлын гол дутагдал нь эдийн засгийн бодлоготой нь холбогддог. Евроинтеграцийн талаарх байр суурь нь ч туйлбаргүй гэгдэж байв. Сергей Корецкийг өргөн олон түмэнд төдийлөн танигдаагүй хүн гэж хэлж болно. Украины топ-менежер, 25 жил түлш, эрчим хүчний салбарт ажилласан. Ерөнхий сайдаар томилогдохоосоо өмнө улс төрийн албан тушаалд, төрийн эрх барих байгууллагад ер ажиллаж байгаагүй. 2022 онд “Укрнафт”, “Укртатнафт” компанийг улсынх болгосноор нефтийн энэ эвслийг тэргүүлсэн нь түүний ажил, амьдралд эргэлт гаргасан гэж үздэг. Өрөнд баригдсан, орлогогүй үйлдвэрийг хоёр жилийн дотор өндөр ашигтай бизнес болгож тэр чадсан байдаг. Албан ёсны мэдээгээр энэ хугацаанд тус компанийн ашиг 40 тэрбум орчим гривен болсон гэдэг. 2025 оны дөрөвдүгаар сард болсон Украины “Нафтгаз”-ын захирлын суудлын төлөөх шалгаруулалтад Корецкий ялжээ. Тус компанийг түүний удирдсан цаг үед байгалийн хийн дэд бүтцэд нь Орос цохилт өгч, олон улсын санхүүгийн тусламжийн зайлшгүй шаардлага бий болж, хийн нөөц бүрдүүлэх хэрэгцээ давхацсан бэрх хэцүү нөхцөл тохиосон байна. Чухам ийм хямралтай үед хуримтлуулсан ур чадвар, туршлага нь түүнийг Ерөнхий сайдаар томилоход нөлөөлсөн гол хүчин зүйлүүдийн нэг гэж шинжээчид үзжээ. Өнөөдөр Украины өмнө тулгараад байгаа өвлийг даван туулахаас эхлээд байлдаан үргэлжилж буй нөхцөлд эрчим хүчний тогтвортой байдлыг хангах хүртэлх төвөгтэй зорилтыг шийдвэрлэхэд шинэ Засгийн газар бэлэн гэж үзэх боломжийг Корецкийн удирдан жолоодох туршлага олгоно хэмээн тооцоолж байгаа юм. Гэхдээ л улс төрийн дорвитой шийдвэр гаргах төв нь урьдын хэвээр Ерөнхийлөгч, түүний Тамгын газар байх нь мэдээж. Тэгэхдээ шуурхай ажиллагааны түвшинд шинэ Засгийн газар илүү бие даасан чанартай байх биз ээ. Тамгын газрыг Андрей Ермак тэргүүлж байхад Сайд нарын танхим банкны салбарын хатуу хяналт дор ажиллаж байсан бол өдөр тутмын зорилтыг шийдвэрлэхэд одоо Ерөнхий сайд, сайд нарын бүрэн эрх, хүч нөлөө ихтэй байх төлөвтэй. Энэ хүлээлт хэрэгжвэл Сайд нарын танхим өмнөхөө бодвол бие даасан, илүү үр бүтээлтэй байх учиртай. Корецкийг томилохын өмнө түүний Засгийн газрын гол зорилтыг Ерөнхийлөгч Зеленский “Өвөлд бэлтгэх, эрчим хүч, түлш шатахууны дэд бүтцийг хамгаалах, эдийн засгийн байдлыг тогтворжуулах, олон улсын тусламжийг үр бүтээлтэй зарцуулах” хэмээн тодорхойлсон байдаг.
Украины дээд удирдлагад Ерөнхийлөгч Владимир Зеленскийн хийсэн халаа сэлгээний дотор дээр цухас дурдсан Батлан хамгаалахын сайд Михаил Федоровыг өөрчилсөн нь олон түмний анхаарал татсан төдийгүй эсэргүүцэл тэмцэл ч гарсан байна. Федоров 2026 оны нэгдүгээр сард сайд болж байв.
Түүнийг огцруулсан нь эцсийн байдлаар тодорхой болоход Федоровыг дэмжсэн мэдэгдэл, хэл ам нийгмийн зүтгэлтнүүд, цэргийнхний зүгээс олон гарчээ. Батлан хамгаалах яамтай хамтарч ажиллахаа зогсоохоо ч олон хүн зарласны дотор Украины Агаарын цэргийн хүчний командлагчийн орлогч Павел Елизаров орсон байв. Федоровыг халсныг эсэргүүцсэн тэмцэл Украин даяар өрнөсөн нь нэг сайдтай холбоотой гарсан шийдвэрт олон нийт дургүйцлээ илэрхийлсэн нь тусгаар тогтносон тус улсын түүхэн дэх анхны тохиолдол болсон аж. Федоров нээлттэй мэдэгдэл хийж, байр сууриа тодорхой илэрхийлж, сайдын хувиар ажлаа тайлагнаж, сэтгүүлчдийн асуултад хариулжээ. Түүнээс гадна украины зэвсэгт хүчний ерөнхий командлагч, Ерөнхий штабын дарга нарыг солих шаардлагатай гэж үзэж буйгаа мэдэгдсэн байна. Огцорсон нэг ч сайд урьд нь үүн шиг хандаж байсангүй. Эхнээсээ Дотоод хэргийн сайд байсан Игорь Клименког Батлан хамгаалахын сайдаар томилохоор төлөвлөж байсан ч Федоровыг дэмжсэн олон түмэн тийм боломж олгоогүй аж. Федоровыг өөрийн зөвлөх болохыг Зеленский санал дэвшүүлсэн ч хүлээж аваагүй гэх мэдээлэл бий.
Сайд нарын урьдах танхимаас зургаан сайд л суудалдаа үлдсэн байна. Гал зогсоохоос Кремль татгалзаж, Украины гадаад улс төрийн байдал ихээхэн нааштай болж, Европын Холбоо санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр шийдэж, НАТО ч Украины хүчин чармайлтыг алс хэтдээ дэмжихээ илэрхийлж, Оросын эрчим хүчний салбарт цохилт өгөх Украины кампани амжилт олсон нь Зеленскийг сунжирсан дайнд бэлтгэх, энэ хүрээнд гүйцэтгэх засаглалдаа өөрчлөлт хийхээр шийдэхэд хүргэжээ. Корецкийг багад нь эцэг, эх нь салж, хүүхдүүдээ ээж нь өсгөж торниулжээ. Сергей Корецкий гэргийтэй, харин олон түмэнд ил болсон эх сурвалж дотор тэднийг хүүхэдтэй гэх мэдээлэл алга байна.
Р.Жаргалант