Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл (ЭМДҮЗ) эрүүл мэндийн байгууллагуудын шатлал хоорондын өвчтөн шилжүүлэх цахим зохицуулалтыг 2027 оны нэгдүгээр сарын 1 хүртэл түр хойшлуулахаар шийдвэрлэжээ. Энэ хугацаанд даатгуулагчаас 20 000 төгрөгийн хамтын талбөр авахгүй, анхан шатны эрүүл мэндийн байгууллагаас цахим шилжүүлэг хийлгэхийг шаардахгүй байх шийдвэр гаргасан байна. Өөрөөр хэлбэл, иргэн улсын төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэгт үзүүлэхийн тулд заавал өрх, сумын эмнэлэгтээ үзүүлж, 13А маягт буюу илгээх бичиг авах шаардлагагүй болжээ.
Мөн хойшлуулсан хугацаанд эрүүл мэндийн байгууллагуудын цахим систем, мэдээлэл солилцооны нэгдсэн стандартын техникийн бэлэн байдлыг хангаж, ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс шатлал хоорондын өвчтөн шилжүүлэх цахим зохицуулалтыг бүрэн хэрэгжүүлэх гэнэ. Тэр болтол дээрх заасан хугацаанд даатгуулагчид цахим шилжүүлэг хийлгээгүй гэсэн үндэслэлээр 20 000 төгрөгийн төлбөр төлөхгүй бөгөөд шатлал хоорондын цахим шилжүүлгийг заавал шаардахгүй гэсэн үг. Эргэн сануулахад, харьяа өрх, сумын эмнэлэгтээ үзүүлж, дараагийн шатлалын байгууллага руу илгээх бичиггүй бол 20 000 төгрөг төлөх шийдвэрийг ЭМДҮЗ өнгөрсөн зургаадугаар сарын 20- нд гаргаж байв. Эл шийдвэр иргэдэд ихээхэн чирэгдэл учруулж, заавал анхан шатны эмнэлгээр дамжих, эсвэл төлбөр төлөхөөс өөр аргагүйд хүргэсэн юм.
Ч.Болор