Манай улсад болж өнгөрсөн Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын талаар иргэд сайн, муу, сайшаалтай, шүүмжлэлтэй олон өнцгөөс санаа бодлоо уралдуулан ярьж байна. Үүний дунд хурлын зохион байгуулалт, хөрөнгө санхүүжилт, үлдэх үр ашгийн тухай сэдэв жин дарж байх шиг. Нэгэнт эл аргахэмжээгтатвартөлөгчдийнмөнгөөрсанхүүжүүлж (тодорхой хувийг нь), даргалагч, зохион байгуулагч орны давуу эрхээр олон ажил санаачлан өрнүүлснийх иргэд, олон нийт шүүмжлэх, шаардлага тавих нь зүйн хэрэг, хэвийн үзэгдэл. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Шинжлэх ухаан, бодлогын хороо (SPI)-ны гишүүн У.Тунгалаг “Улс орны төлөөлөгчид COP-ын үеэр үзүүлж буй үйлчилгээ, хурлын төлөвлөлт гээд жижиг гэлтгүй бүх зүйлсэд маш соргог, шүүмжлэлтэй ханддаг. Санхүүгийн болон технологийн өндөр боломжид хүрсэн Саудын Арабын зохион байгуулсан өмнөх хурлын үеэр ч шүүмжлэлтэй зүйл цөөнгүй гарсан. Монголчууд хэчнээн хариуцлагатай, хянамгай байгаад ч ямар нэгэн байдлаар эсэргүүцэл, шүүмжлэлд өртөх нь тодорхой. COP зохион байгуулсан бүх оронд ийм асуудал тулгарсан” хэмээн ярьсныг энд зориуд эшлээд, бага хурлын зохион байгуулалттай холбоотой сэдвийг хаая.
Харин манай улсад 12 өдөр үргэлжилсэн үйл ажиллагааны үр дүнд дэлхийн улс орны төлөөлөгчид бодлогын ямар баримт бичиг, төсөл, хөтөлбөр батлав, цөлжилт, газрын доройтлыг бууруулах чиглэлээр юунд санаа зорилго нэгдэв гэдгийг тоймлон хүргэе.
ГЛОБАЛ АМЛАЛТ БА БАГЦ САНХҮҮЖИЛТ
Талуудын бага хурлын үеэр дэвшүүлсэн санаачилга, шинэ төсөл, хөтөлбөр, хөндсөн сэдвийн цар хүрээ, оролцогч талуудын зөвшилцөл, ойлголцол зэргээс шалтгаалаад улс орнууд цөлжилт, газрын доройтлыг сааруулахад ирэх жилүүдэд зарцуулах хөрөнгийн хэмжээг тогтоож, санхүүжилтийн амлалт өгдөг. COP17-гийн үр дүнд дэлхийн хэмжээнд цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэхэд олон улсын хамтын нийгэмлэг, донор орнууд, хөгжлийн банкууд нийт 18 тэрбум ам.долларын багц санхүүжилт олгохоор шийдвэрлэв. Энэ нь цөлжилттэй үр дүнтэй тэмцэхэд шаардлагатай нийт санхүүжилт (жилд багадаа 355 тэрбум ам.доллар)-тэй харьцуулахад бага дүн мэт боловч олон улс, бүс нутгийн хэмжээнд тодорхой асуудлуудыг шийдэхэд үнэтэй хувь нэмэр оруулахуйц гэдгийг судлаачид хэлж байна. Үүнээс 1.48 тэрбум ам.доллар (ойролцоогоор таван их наяд орчим төгрөг)-ыг нь Монгол Улсад цөлжилт бууруулах, бэлчээр хамгаалах төсөл, хөтөлбөрүүдэд хуваарилахаар гэрээ, хэлэлцээр хийсэн бол 1.3 тэрбум ам.долларыг нь “Газар нөхөн сэргээх, гангийн тэсвэржилтийг дэмжих” багц төслийг санхүүжүүлэхэд зарцуулахаар тогтжээ. Үүн дотроо “Rangelands flagship initiative” буюу “Бэлчээрийн чиглэлийн түүхэн санаачилга” хөтөлбөрийн төслүүдийг онцгойлон авч үзэж, 45-д нь 1.2 тэрбум ам.долларын шууд санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн байна.
“Улаанбаатарт болсон талуудын бага хурлын хамгийн бодитой бөгөөд онцлох үр дүн нь 23 орны газрын доройтлыг бууруулах, ганд тэсвэртэй байдлыг дэмжихэд зориулж 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын багц албан ёсоор баталсан явдал” гэж НҮБ онцлов. Үүнээс үүдээд иргэдийн зарим нь “Манай улс COP-оос маш бага хэмжээний хөрөнгө оруулалт татлаа”, “Сайд, дарга нар нь 18 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт босгосон гэж мэдээлсэн ч 1.3 тэрбумыг л амласан юм байна” гэхчлэн эндүү ташаа ярих, бичих тохиолдол мэр сэр харагдав. Угтаа энд дурдаж буй 18 тэрбум ам.доллар бол дэлхийн хэмжээнд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд зарцуулах глобал санхүүжилтийн амлалт юм. Харин 1.3 тэрбум ам.доллар нь цөлжилт, газрын доройтолд илүү өртөж, хохирч буй, хөгжил буурай зэрэг тодорхой шалгуураар сонгосон улс орнуудад хэрэгжүүлэх багц төслийн санхүүжилт.
“Газар нөхөн сэргээх, гангийн тэсвэржилтийг дэмжих” багц төсөл хэрэгжүүлэх болсонтой холбогдуулан Люксембург улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудтай хамтран DRIF буюу Гангийн тэсвэржилтийн хөрөнгө оруулалтын сан байгуулж, үйл ажиллагааг нь албан ёсоор эхлүүлснээ зарласан нь түүхэн үйл явдал байлаа. Тус сан нь ганд нэрвэгдэх эрсдэлтэй, буурай болон дундаас доош орлоготой орнуудад усны аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйг хөгжүүлэхэд анхаарч ажиллах бөгөөд энэ чиглэлийн төсөл, хөтөлбөрүүдэд зориулж 400 хүртэлх сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хувийн хэвшил болон улсаас татан төвлөрүүлэх үүрэг хүлээх аж.
ГАНГИЙН СТРАТЕГИАС МЕНЕЖМЕНТ ХҮРТЭЛХ “ШИЛЖИЛТ”
СОP17-гийн хүрээнд олон улсын байгууллагуудаас танилцуулсан онцлох баримт бичиг, санаачилгуудын нэг нь НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс гаргасан DRCI буюу Гангийн тэсвэржилтийн чадавхын индекс байв. Тус хөтөлбөрийнхөн дэлхий дахины тулгамдсан бэрхшээл болох гангийн эрсдэлийг урьдчилан тооцоолоход туслах цогц аргачлал бүхий индексийг боловсруулснаар улс орнуудын бэлэн байдал, гамшгийн тэсвэржилтийг үнэлэх боломж бүрдсэн юм. Үүнээс улбаалаад өмнөх COP-ын гол сэдэв болсон гангийн эсрэг дэлхий нийтийн стратегийг энэ удаа батлах уу, протокол, зөвлөмжийн аль хэлбэрээр нь хүлээн зөвшөөрөх вэ гэдэг асуудал олон улсын анхаарал татаж байлаа. Тэгвэл цөлжилтийн асуудлаар Монголд чуулсан улс орны төлөөлөгчид “Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй ган гачиг нь зөвхөн хүмүүнлэгийн хямрал биш, эдийн засгийн томоохон эрсдэл” гэдгийг санал нэгтэй хүлээн зөвшөөрч, гангийн менежментийг цаашдын бүх чуулга уулзалтын бие даасан, байнгын үндсэн хөтөлбөр болгож баталгаажуулав. Тодруулбал, гангийн стратегийг батлаагүй ч менежментийг нь сайжруулах алхам хийлээ.
Африкийн орнууд үүнийг заавал дагаж мөрдөх нөхцөлтэй, хууль ёсны баримт бичиг хэлбэрээр баталж хэрэгжүүлэх байр суурь дээрээ бат зогссон бол АНУ зэрэг өндөр хөгжилтэй улсууд энэ нь хүнд суртал үүсгэж, төсөвт дарамт учруулах эрсдэлтэй хэмээн “гэдийв”. Өдгөө дэлхийн 70 гаруй улс үндэсний хэмжээнд гангийн эсрэг төлөвлөгөө боловсруулж, батлаад буй нь 2015 оны үеийнхтэй харьцуулахад маш том дэвшил гэдгийг Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад онцлон тэмдэглэсэн юм. Хоёр COP дамнан дөрвөн жилийн турш үргэлжилсэн, гангийн стратегитэй холбоотой энэхүү асуудлыг 2028 онд Египет улсад дахин хэлэлцэхээр “шилжүүллээ”.
МОНГОЛЧУУДЫН МАНЛАЙЛАЛ БА ЗАМЫН ЗУРАГЛАЛ
Манай улс цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын бага хурлыг зохион байгуулах эрх авснаар 2026 оныг Бэлчээр, нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил болгох санаачилга гаргасан. Энэ үүднээсээ COP17гийн анхаарал татсан гол сэдэв нь бэлчээр нутаг, нүүдлийн мал аж ахуй байв. Харин үүнийг стратегийн түвшинд бодлогын баримт бичиг болгож тунхаглан, дэлхий нийтэд хүлээн зөвшөөрүүлсэн нь бага хурлын үеэр баталсан “Тал хээрийн төлөвлөгөө” юм. Энэ нь дэлхийн хэмжээнд орхигдоод байсан бэлчээрийн экосистемийг хамгаалах асуудлыг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх бодлогын тэргүүн эгнээнд эрэмбэлэн гаргаж ирснээрээ түүхэн ач холбогдолтойд тооцогдож буй. Үүнийг ирэх жилүүдэд “Бэлчээрийн тэргүүлэх санаачилга”, “Ус ба газрын нэгдсэн менежментийн санаачилга”, “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтцийн санаачилга” гэсэн харилцан уялдаатай гурван чиглэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр боллоо.
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад “Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр ган гачгийн давтамж ойртож, илүү хүчтэй, удаан хугацаанд үргэлжлэх боллоо. Монгол Улсын дэвшүүлсэн “Тал хээрийн төлөвлөгөө” нь дэлхийн хуурай гандуу бүс нутгуудад бодлогын амлалтыг бодит ажил хэрэг болгох, хөрөнгө оруулалт татах замын зураг болж чадлаа” гэсэн бол Байгаль хамгаалах олон улсын холбоо (IUCN)-ны ерөнхий захирал, доктор Грэтел Агилар “Дэлхийн хуурай бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлэхдээ байгальд суурилсан шийдлийг (NbS) уялдуулах нь уур амьсгалын эрсдэлийг бууруулж, нутгийн иргэдийн амьжиргааг хамгаалахад чухал ач холбогдолтой. Монгол Улс энэ чиглэлд манлайлж, урт хугацааны тогтвортой бодлогыг “Тал хээрийн төлөвлөгөө”-гөөр дамжуулан олон улсад бий болголоо” хэмээв.
Харин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (UNDP)-ийн шинжээчдийн баг “Дэлхийн хэмжээнд хоёр тэрбум гаруй хүний амьжиргаа, түүний дотор 500 сая малчны хувь заяа бэлчээрийн экосистемээс шууд хамааралтай байдаг. Гэвч бэлчээрийн 50 хүртэлх хувь нь доройтох эрсдэлд ороод байна. Энэхүү төлөвлөгөөний нэг хэсэг болсон “Бэлчээрийн тэргүүлэх санаачилга” нь зөвхөн Монголын бус, дэлхийн хүнсний аюулгүй байдал, биологийн янз байдлыг хамгаалахад түүхэн үүрэг гүйцэтгэнэ” гэж тэмдэглэсэн юм.
Н.Мишээл