АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн баасан гарагт Венесуэлийн газрын тосны нийт нөөцийн тавны нэг орчим (Ориноко бүс болон Маракайбо нуур хавьцаа)-д хяналт тогтоосноор шатахууны үнийг бууруулах боломжтой хэмээн мэдэгдлээ. Тэрбээр тус улс баталгаат газрын тосны арвин нөөцтэй боловч хөрөнгө оруулалтын буруу менежмент, хориг арга хэмжээний улмаас өдөрт ердөө 1.2 сая орчим баррель газрын тос олборлож байгаа нь боломжит хэмжээнээс хавьгүй доогуур үзүүлэлт гэдгийг дурдсан юм. Уг хэлэлцээр хэрэгжвэл Венесуэлийн нийт 65 тэрбум гаруй баррель баталгаат газрын тосны нөөцийн дийлэнх хэсгийн өгөөж Америкт шилжих аж. “Ройтерс”-ийн эх сурвалжуудын мэдээлснээр анх газрын тосны ордуудыг АНУ-ын олборлогч компаниудад дуудлага худалдаагаар зарах талаар талууд ярилцсан ч Венесуэлийн Үндсэн болон Газрын тосны салбар дахь төрийн хяналтын тухай хуульд уг тохиролцоо нийцэх, эсэх нь эрх зүйн маргаан үүсгэж болзошгүй байсан гэнэ. Тус гэрээний дүнд 100 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татан, өндөр цалинтай олон мянган ажлын байрыг бий болгосноор эл улсын эдийн засгийг сэргээн босгоход дэмжлэг үзүүлнэ хэмээн Америкийн тал үзэж буй. Өнгөрсөн нэгдүгээр сард Венесуэлийн Ерөнхийлөгч асан Николас Мадурог баривчилснаас хойш түүнийг орлож буй Делси Родригез “Уг хэлэлцээрийн хүрээнд стратегийн ач холбогдол бүхий 17 ордыг хөгжүүлж, олборлолтыг мэдэгдэхүйц нэмэгдүүлэх болно. Үр дүнд нь манай төр 209 тэрбум ам.долларын татварын орлого төвлөрүүлэх боломжтой төдийгүй дэлхий нийтийн эрчим хүчний аюулгүй байдалд хувь нэмэр оруулна” гэсэн юм. Харин шинжээчид талууд хууль, эрх зүйн болон санхүүгийн орчноо нарийн тодорхойлох хүртэл их хэмжээний мөнгө босгох, бензиний үнийг бууруулж чадах, эсэх талаар ярих нь эрт хэмээн үзэж байна. Учир нь Венесуэлийн хүнд төрлийн түүхий газрын тосыг олборлох, тээвэрлэх, боловсруулахад шаардлагатай дэд бүтцийг хөгжүүлэхэд наанадаж хэдэн жил хэрэгтэй байж болзошгүй аж. Ташрамд, тус улс 1970- аад оны эхэн үеэс газрын тосны салбараа төрийн өмчид бүрэн шилжүүлсэн. Тухайн үеийн Ерөнхийлөгч Уго Чавесын засаглалын үед хяналт, шалгалтыг улам чангатгасан юм. Харин “экс” Төрийн тэргүүн Мадурогийн үед Венесуэлийн газрын тосны олборлолт эрс буурсан байна.
Д.Хэрлэн