МУИС энэ хичээлийн жилээс эхлэн Монгол Улсад анх удаа соёлын өв судлалаар магистрын хөтөлбөр хичээллүүлэх болсноо мэдээллээ. Энэхүү хөтөлбөрийг Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны А/146 дугаар мэргэжлийн чиглэл, индекс шинэчлэн батлах тухай тушаалаар бий болгожээ. Хөтөлбөрийн сургалтыг тус сургуулийн Археологи, антропологи, хүн ам зүйн тэнхим хариуцах аж. Соёлын өв судлалын магистрын хөтөлбөрийн үндсэн зорилго нь Монгол орны байгаль, түүх, соёлын өвийг танин бүртгэх, хадгалан хамгаалах, үнэлэх суурь мэдлэгийг эзэмшсэн, цаашид энэ салбарт ажиллах хүсэл сонирхолтой мэргэжилтнүүдийг ажил олгогчийн шаардлагад нийцүүлэн чадавхжуулахад чиглэж буй гэнэ. Энэ чиглэлээр ахисан түвшинд суралцаж төгссөн залуус Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны харьяа байгууллагуудад соёлын өвийг хамгаалах, интернэт орчин, тоон технологид суурилсан соёлын агуулга, харилцаа бүхий цахим уран бүтээл туурвих, түгээх, боловсролын чиглэлээр ажиллах боломжтой юм байна.
Н.Мишээл