Энэ хичээлийн жилд нэгдүгээр ангийн сурагчид шинэчлэн боловсруулсан сургалтын хөтөлбөр, сурах бичгээр хичээллэх юм. Тухайлбал, Боловсролын яам Монголын шатрын холбоотой хамтран 1-5 дугаар ангид “Их нүүдэл” шатрын үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэхээр болсон. Үүний хүрээнд эл хөтөлбөрийг хэрэгжүүлэх сургагч багш нарыг бэлдэх сургалтыг өнгөрсөн баасан гарагт зохион байгуулав. Сургалтад нийслэлийн есөн дүүргийн ерөнхий боловсролын 180 сургуулийн бага боловсролын сургалтын менежер, багш нар оролцсон байна. Шатрын хичээлийг бага ангийнханд албан ёсоор заах болсонтой холбоотойгоор анги тус бүрийн хичээлийн хөтөлбөр, гарын авлага, ном боловсруулах, төсөв зохицуулах зэрэг олон ажил зохион байгуулсан талаар боловсролын байгууллагынхан мэдээлсэн. Монгол хүүхдүүдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, цахимын муу нөлөөг бууруулахад шатрыг өндөр ач холбогдолтой гэж дэлхийн олон улс үзэж, сургалтын хөтөлбөртөө оруулж буйг энэ үеэр онцолсон юм.
Ч.Болор