Ерөнхий сайд Н.Учрал газар тариалангийн гол бүс нутаг Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Шаамар сумд ажиллалаа. Засгийн газар тариалангийн салбарыг бодлогоор дэмжсэний үр дүнд өнөө жил өмнөх оныхоос ахиу ургац авах төлөвтэйг тариаланчид энэ үеэр хэлсэн бол Ерөнхий сайд цаашид дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн бодлого тууштай хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдэв.
Манай улс 2026 онд нийт 580.4 мянган га талбайд тариалалт хийжээ. Урьдчилсан балансаар нийт 555.3 мянган тонн үр тариа, 168.2 мянган тонн төмс, 218.4 мянган тонн хүнсний ногоо, 50.4 мянган тонн тосны ургамал, 201.8 мянган тонн малын тэжээлийн ургамал хураан авах төлөвтэй аж. Өмнөх оныхтой харьцуулахад улаан буудайн ургац 229.6 мянган тонноор буюу 85.8, төмснийх 54.1 мянган тонноор буюу 47.4 хувиар өсөх тооцоо гарчээ. Сэлэнгэ аймаг өнгөрсөн онд нэг га-аас дунджаар 13 центнер улаан буудай хураан авсан бол энэ жил га тутмаас 16.5 центнерийг хураан авах урьдчилсан дүн гарсан байна.
Өмнөх жилээс ахиу хэмжээний ургац хураан авахад Засгийн газраас хэрэгжүүлсэн “Атар-4” аян, үүний хүрээнд тариаланчдад олгосон хөнгөлөлттэй зээл бодитой хувь нэмэр оруулсныг тариаланчид дурджээ. Одоогоор тус аяны хүрээнд 951 иргэн, аж ахуйн нэгжид 147.2 тэрбум төгрөгийн зээл олгосноос 42 тэрбумыг нь Сэлэнгэ аймгийн тариаланчдад өгсөн аж. “Стратегийн хүнсний гол бүтээгдэхүүн болох улаан буудайг дотооддоо тогтвортой үйлдвэрлэж, нийлүүлэлтийн хувь хэмжээг баталгаажуулах нь нэн чухал. 2026 оны ургацын урьдчилсан баланс, улаан буудай, гурил үйлдвэрлэлийн өртөг, зах зээлийн нөхцөл байдалд тулгуурлан оролцогч талуудын эрх ашгийг тэнцвэртэй хадгалах шаардлагатай. Тиймээс улаан буудайн үнэ тодорхойлох уулзалтыг талуудыг оролцуулан салбарын яамнаас зохион байгуулж, зөвшилцөх хэрэгтэй” гэсэн саналыг орон нутгийн иргэд, тариаланчдын зүгээс Засгийн газрын тэргүүнд гаргажээ.
Ингэснээр тариалан эрхлэгчид үйлдвэрлэлийн зардлаа нөхөж, улмаар үйл ажиллагаагаа жигдрүүлэн, гурилын үнийг тогтворжуулах боломж бүрдэнэ гэж тэд үзэж буй. Засгийн газар тариалангийн талбайн ашиглалтыг сайжруулах, хөрсийг эвдрэлээс хамгаалах хүрээнд Хэнтий, Баян-Өлгий, Өвөрхангай аймаг дахь тариалангийн эргэлтийн талбайг 11.8 мянган га-аар, “Нутагтаа эзэн 100:1000” төслийг 17 аймгийн 24 сумд хэрэгжүүлснээр тэжээлийн таримлын тариалалтын талбайг 2270 гааар нэмжээ. Түүнчлэн улсын төсвийн 2.1 тэрбум төгрөгөөр зуны хоёр төрлийн 1314 хүлэмж зээлээр олгосноор энэ чиглэлийн тариалалтыг 4.6 га-аар нэмэгдүүлж, 24 мянган тоннын багтаамж бүхий зоорь, агуулах ашиглалтад оруулснаар төмс, хүнсний ногоо хадгалах багтаамжийг 325.6 мянган тоннд хүргэжээ.
Ж.Сувд