Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөлийн энэ сарын 14-ний хуралдаанд Нөмрөгийн дархан цаазат газрын экосистемд учирсан хохирлын үнэлгээний тайланг танилцуулав. Хуралдаанд БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, Усны газрын дарга З.Батбаяр, Ойн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Буяннэмэх болон Шинжлэх ухааны академийн харьяа хүрээлэнгүүдийн удирдлага, МУИС, ХААИС, ШУТИС-ийн эрдэмтэн, судлаач оролцов. Мөн Халхгол сумын Засаг даргын захирамжаар байгуулсан ажлын хэсгийн гишүүд цахимаар оролцсон байна.
Нөмрөгийн дархан цаазат газрын экосистемд учирсан хохирлыг тооцохоор ажилласан эрдэмтэн, судлаачдын ажлын хэсэг үнэлгээний тайланг хуульд заасан хугацаанд боловсруулж дуусгасан талаар танилцуулж, хэлэлцүүлсэн юм. Хохирлын тайланг Засгийн газрын 2013 оны 106 дугаар тогтоолоор баталсан “Ой, хээрийн түймрийн хохирол тооцох журам” болон БОУАӨ, ХЗДХ-ийн сайдын хамтарсан тушаалаар баталсан Хүрээлэн байгаа орчны хохирол тооцох аргачлалын дагуу боловсруулсан аж. Үнэлгээний тайлан болон холбогдох материалыг хуулийн байгууллагад шилжүүлэх аж. Улмаар эрх бүхий газраас шаардлагатай гэж үзвэл шүүх шинжилгээний байгууллагын шинжээч томилуулах, байгаль орчинд учирсан хохирлын хэмжээ, шинж чанарыг нарийвчлан тогтоох ажиллагааг үргэлжлүүлэх гэнэ.
Ч.Туяа