Төрийн тусгай хамгаалалтын газрын дэд дарга, дэд хурандаа Я.Нэргүйбаатар өнгөрсөн баасан гаригт амиа хорложээ. Хэдийгээр ТТХГ-аас болон уг хэргийг шалгаж буй Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтсийнхэн болсон явдлын талаар мэдээлэл өгөхөөс эрс татгалзаж буй ч сэтгэл санааны цочирдлоос болж өөрийгөө егүүтгэсэн гэсэн дүгнэлтэд хүрч байгаа бололтой.
Тэрбээр хэрэг гарахаас нэг хоногийн өмнө ажлын бус цагаар найз нөхөдтэйгөө уулзаж явахдаа нэгэн хүнтэй ам мурийж, гар зөрүүлсэн аж. Дэд хурандаа Я.Нэргүйбаатар агсантай муудалцсан хүн нь бас л цэргийн сургууль төгссөн, хошууч цолтой бэлтгэл офицер байсан гэнэ. Тэр хошууч ГССҮТ-д хүргэгдэн эмчлүүлж байгаад нас баржээ. Хэдийгээр цагдаагийнхан бурхан болооч хошуучийг дэд хурандаа агсанд цохиулснаасаа болоод нас барсан уу, эсвэл өөр газар явж байгаад хүнд гэмтсэн үү гэдгийг нь нарийвчлан тогтоогоогүй ч Я.Нэргүйбаатарыг сэжигтнээр шалгахаар дуудсан аж.
Тэрбээр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд байрлах ТТХГ-ын алба хаагчдын орон сууцанд байдаг гэртээ орж дулаан хувцсаа өмсөөд Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтэс рүү явахаар гарчээ. Гэрт байсан хүүхдүүдээ үнсээд, гарч явахдаа болсон явдлыг эхнэртээ хэлж, сэжигтнээр шалгагдахаар болсноо тайлбарласан гэнэ. Гараад хамт явсан хүндээ “Автобаазаар ороод гаръя. Түр хүлээж байгаарай” гэж ороод их удсан гэнэ.
Гарч ирэхгүй болохоор нь араас нь ортол харуулын буугаар өөрийгөө буудсан байжээ. Гэрч болох ТТХГ-ын Автобаазын харуул “Дэд дарга орж ирмэгцээ “Буугаа өг” гэж тушаагаад АКМ бууг аваад яах ийхийн зуургүй эрүүндээ тулгаад гохыг нь дарсан” хэмээн мэдүүлсэн сурагтай. Талийгаач Я.Нэргүйбаатар Сэлэнгэ аймгийн Шаамар суманд 1972 онд төрсөн, 1990 онд Г.Бумцэндийн нэрэмжит, Сэлэнгэ аймгийн ерөнхий боловсролын I дунд сургууль төгссөн юм байна.
Улмаар Цэргийн нэгдсэн дээд сургууль төгсөөд ТТХГ-т ажиллажээ. Сүүлийн жилүүдэд УИХын дарга асан С.Төмөр-Очир, УИХ-ын дарга З.Энхболд нарын комиссараар ажиллаж байгаад ТТХГ-ын дэд даргаар томилогджээ. Түүнийг мэдэх, хамт суралцаж байсан, ойр дотно хүмүүсийнх нь хэлж буйгаар “Тийм ч амархан өөрийгөө егүүтгэчих хүн биш. Гай л дайрлаа. Гэнэт цочирдсондоо л ийм алхам хийчих шиг боллоо” хэмээж байгаа юм.
Тэрбээр эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг, бага нь гурван настай гэнэ. Бидэнд олдсон мэдээллээр талийгаачийг өчигдөр хөдөөлүүлжээ. Зарим мэдээллийн хэрэгслээр энэ хэргийг тагнуулын байгууллага шалгаж болзошгүй хэмээж буй ч, прокурорын байгууллагын эх сурвалжууд “Мөрдөн байцаах газрын Тусгай субъектын гэмт хэрэг мөрдөн хэлтэст шалгахаар болж байна” гэлээ.
Г.РАВЖАА