
Улсын нэгдсэн төсвийн энэ оны эхний хагас жилийн үзүүлэлтийг Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ноос танилцууллаа. Тодруулбал, улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ энэ жилийн эхний зургаан сарын урьдчилсан гүйцэтгэлээр 16.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 20, тэнцвэржүүлсэн орлого 10.7 хувиар тус тус нэмэгдсэн байна. Харин нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 16.8 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 2.1 их наядын алдагдалтай гарсан аж. Улсын нэгдсэн төсөв Үндэсний баялгийн, Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын сан, улсын болон орон нутгийн төсвөөс бүрддэг. Манай орны татварын нийт орлого дээрх хугацаанд 10.3 хувиар өсөхөд нийгмийн даатгалын орлого нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн гэв. Харин орон нутгийн төсвийн хэмжээ 3.8 их наядад хүрч, өмнөх жилийн мөн үеийнхээс 4.6, нийт зарлага, цэвэр зээлийн хэмжээ 16 хувиар тус тус өссөн юм. Ингэснээр 107.6 тэрбум төгрөгийн ашигтай гарсан талаар тус тайланд онцолсон байна. Эхний хагас жилийн үзүүлэлтийн талаар мэргэжилтнүүд “Төсвийн тогтвортой байдлыг хангахын тулд зарлагын үр ашиг, сахилга батыг сайжруулах шаардлагатай. Орон нутгийн төсөв ашигтай гарсан нь сайн ч нэгдсэн төсвийн алдагдлыг нөхөж чадахгүй” гэсэн юм . Ташрамд, ирэх оны төсвийн төслийг есдүгээр сард УИХ-д өргөн барина .