Өчигдөр орой ОХУ-ын нутаг дэвсгэрт зорчиж явсан хоёр монгол иргэн рүү халдсан хэрэг гарсан талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл энэ талаар Гадаад хэргийн яамны консулын газар мэдээлэл өглөө.
ОХУ-ын Буриад улсын Сэлэнгийн районы Нур-Тухум тосгоноос 8 км-т есдүгээр сарын 14-ний 22.00 цагийн орчимд Монгол Улсын иргэн Б.А болон С.А нарыг цагаан өнгийн Тоёото харриер маркийн машинтай, өнгөлөн далдлалтын ногоон эрээн хувцастай хүмүүс зогсоож, бичиг баримтыг нь шалгаад, машинаас гарган, багажийг нь онгойлгуулж, дотроос нь цүнх, гар утас бусад эд зүйлийг аваад, манай иргэдийг зодож, дээрэмдсэн бөгөөд иргэн Б.А-г резин сумтай гар буугаар буудсанаас хөл, толгой, нуруундаа шарх авч, эмнэлэгт хүргэгдэн толгойдоо хоёр оёо тавиулсан гэв. Мөн эмнэлгийн зүгээс биеийн бусад хэсэгт боолт хийн, амь насанд аюулгүй гээд явуулсан тухайгаа манай улсын ЭСЯ-д мэдээлжээ. Одоогоор манай хоёр иргэн Гусино-Озерийн цагдаагийн газарт мэдүүлэг өгч байгаа юм.
Өнөө өглөө Буриадын ДЯЯ-ны өгсөн мэдээллээр монгол иргэдийг дээрэмдэж, зодсон хэрэгтнүүдийг эрэн сурвалжилж, хаалт тавиад хайж байгаа гэжээ.