МХЕГ-аас эрүүл мэнд, боловсрол, соёлын “Хүний төлөө зөв тус” сарын аян өрнүүлж, “Сурагчийн ширээ, сандалд тавигдах эрүүл ахуйн шаардлага” гэсэн гарын авлагыг нийслэлийн ерөнхий боловсролын 100 гаруй сургуулийн захирал, багш нарт тараан өгчээ. Мөн орон нутгийн цэцэрлэг, сургуулийнханд тус гарын авлагыг онлайнаар танилцуулсан байна. Бага насны хүүхдийг үргэлж нэг гараас нь хөтөлж явах, нэг талдаа хүнд ном, дэвтэртэй цүнх байнга үүрэх, ус зөөх зэргээс хүүхдийн бие галбир буруу хөгждөг аж. Энэ нь ихэвчлэн бага наснаас тогтдог учраас эцэг эх, багш нар хүүхдийг ширээний ард зөв суулгаж сургахад анхаарах хэрэгтэйг Мэргэжлийн хяналтын байцаагч нар онцолж буй. НМХГ-ын Чингэлтэй дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Ц.Батцэнгэлээс ширээний ард хэрхэн зөв суух талаар тодруулахад “Толгой ширээ рүү бага зэрэг тонгойсон, хүзүүгээрээ тэгш байх, сандлын түшлэгээ бүрэн налж, хоёр гараа ширээн дээр бүтэн тавих, мөр гарын хооронд 90 градусын өнцөг үүсвэл зөв болно. Буруу суух нь эрүүл мэндэд муугаар нөлөөлж, зүрх уушгины ажиллагааг доголдуулдаг. Мөн нүдний хараа муудан, амархан ядардаг” гэв. Сурагчдын ширээ, сандлын хэмжээг стандартад зааснаар I-IV анги хүртэл зургаан ангиллаар үйлдвэрлэж, сурагчдын өндрийг харгалзан тухайн эдлэлд өнгө, өнгийн таних тэмдэг тавьдаг юм байна. Гэвч үүнийг сургууль, цэцэрлэг төдийлэн хэрэгжүүлдэггүй бөгөөд бага ангийн хүүхдүүд ахлах ангийнхантай ээлжлэн хичээл орсноос ижил стандартын ширээ, сандал хэрэглэж байгаа нь буруу аж. Тухайлбал I-II ангийн 130-145 см өндөртэй хүүхдийн ширээ 58, сандал 34 см өндөртэй байх ёстой бол V-VIII ангийнхны ширээ 70, сандал 42 см өндөр байх ёстой юм байна.
Ч.Болортуяа