Дорнод аймгийн Баяндун суманд гарсан хээрийн түймрийг унтрааж явсан дөрвөн аврагч галд өртөн амиа алдсан харамсалтай явдал 2012 оны тавдугаар сарын 8-нд болсон. Татсан тамхиа унтраалгүй хаяснаас түймэр гарсныг цагдаагийн байгууллагаас шалгаж тогтоосон. Ахлах ахлагч Г.Багабиш “Чи залуугаараа амьдрах хэрэгтэй” гээд дэд ахлагч А.Болорсүхийг уулгалан ирсэн галаас өөрийн биеэр халхлан хамгаалж, амийг нь авраад нас барсан. Ой, хээрийн түймэрт хамгийн их өртдөг газруудын нэг болох Дорнод аймгийн Баян-Уул суманд дөрвөн хүний алтан амины төлөөсөөр Аврах, гал унтраах анги байгуулах тухай Засгийн газрын тогтоол гарсан юм. Гэвч анги байгуулах зардлыг Шадар сайдын төсвийн багцаас гаргахаар болсон ч бүрэн шийдэгдээгүй байгаа гэнэ. Харин тус ангид ажиллах албан хаагчдыг сумын залуусаас сонгон, багаа бүрдүүлсэн байна. Улсын стандартаар 4000-аас дээш хүн ам тутамд Аврах, гал унтраах анги нэг байхаар заасан. Тиймээс Баяндун бус Баян-Уул суманд уг ангийг байгуулахаар болсон байна.
Ч.Туяа