“Оюутолгой” төсөлд нэн шаардлагатай зөвшөөрлүүдийг Монгол Улсын Засгийн газар болон холбогдох байгууллагууд олгосон тухай “Эрдэнэс Оюутолгой” компани мэдээллээ. Тодруулбал, далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд нийцүүлэн шинэчилсэн ТЭЗҮ-ийн тодотголыг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хүлээн авчээ. Мөн олон улсын санхүүгийн байгууллагуудын хүсэлтийн дагуу баталгаа гаргуулахад татгалзах зүйлгүй болохыг илэрхийлсэн захидлыг Засгийн газраас Дэлхийн банкны “Олон талын хөрөнгө оруулалтыг баталгаажуулах байгууллага”-д хүргүүлсэн аж. Эдгээр нь Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөний дагуу Засгийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүн гэнэ. Ингэснээр тус ордын нөөцийн 80 хувийг агуулж байгаа далд уурхайн санхүүжилтийн гэрээг эцэслэхээр ажиллаж буй “Оюутолгой” компани болон олон улсын банк санхүүгийн байгууллагуудын зөвшилцөлд нөлөөлөх ач холбогдолтой аж. “Rio Tinto” компанийн Монгол дахь захирал С.Мөнхсүх энэ оны эцэст төслийн санхүүжилтийг шийдэхээр ажиллаж буйг дуулгасан билээ. Мөн дунд хугацааны төлөвлөгөөний дагуу 2021-2026 онд олборлолтоо эхлүүлж, бүрэн хүчин чадлаар ажиллуулахыг зорьж буй.
“Rio Tinto” компанийн Зэс, нүүрсний группийн захирал Жан Себастьян Жак өнгөрсөн тавдугаар сард 15-20 банкнаас дөрөв гаруй тэрбум ам.долларын санхүүжилт авахаар төлөвлөж байгаа тухай ярьсныг “Bloomberg” эш татжээ. Хоёр дахь шатны бүтээн байгуулалт ирэх оны дунд үеэс эхлэхээр байгааг “Turquoise Hill Resources” компаниас өнгөрсөн сард мэдээлж байв. Үүнд 5-7 жил шаардагдах аж.
Дээрх шийдвэрийн талаар “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Д.Ганболд “Монголын Засгийн газар Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэхтэй холбоотой арга хэмжээ авч байгаа. Энэ нь ордын бүтээн байгуулалтыг урагшлуулахаас гадна Монголд бизнес эрхлэн, хөрөнгө оруулах боломжтойг баталгаажуулж буй хэрэг” гэж ярьсан байна.
Ц.Болормаа