Төв Азийн анхны төрт улсыг байгуулсан Модунь Шаньюгаас эхлээд их эзэн Чингис, түүний ач хүү Хубилай хаанаараа бахархан бахдаж буй нэгэн намар тохиож байна. Хүн төрөлхтний түүхэнд сэцэн хэмээн алдаршсан их хаан Хубилайн мэндэлсний 800 жилийн ойг өчигдөр улс даяар тэмдэглэж, төр засгийн удирдлагууд түүний хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.
Засгийн газар 2015 оны зургадугаар сарын 15-нд 242 дугаар тогтоол гаргаж, Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсэг байгуулсан. Ингэснээр их хааны амьдрал, Монголын болон дэлхийн түүхэнд гүйцэтгэсэн түүний үүргийг орчин цагийн залуус, хүүхэд багачуудад үнэн зөвөөр танин мэдүүлж, түүний талаарх судалгаа, шинжилгээний ажлуудыг шинэчилж, олон ном, бүтээл туурвин, өв соёлыг нь сурталчилж, дурсгалыг нь мөнхжүүлэх ажилд ихээхэн дэм болсныг ёслолын үеэр ЗГХЭГ-ын дарга, сайд С.Баярцогт онцлов.
Хубилай хааны түүхэнд гүйцэтгэсэн үүргийг балруулж, арчин хаях ажиллагаа явуулж байсан үе бий. Гэсэн ч сүүлийн жилүүдэд гадаад, дотоодын түүхчид, эрдэмтэд түүний талаар эрчимтэй судалж, түүх дурсгалын олон арван зүйлсийг нь хадгалж, хамгаалан, үр хойчдоо өвлүүлж байна. Түүхийн мөн чанар хэзээд үнэнээрээ байдгийг Хубилай хааны замнал, их хэрэг нь нотолж буйг дээрх арга хэмжээний үеэр цугласан олон хуучилж байлаа.
Их Юань гүрнийг байгуулсан, дорнод далайгаас өрнийн Европ хүртэл өөрийн сүр хүчийг цогцлоон, монголчуудын байгуулсан Алтан ордны, Ил хаант, Цагаадайн улсын ханлигуудыг өөрийн нөлөөнд оруулж, санхүү, мөнгөний нэгдсэн тогтолцоо үүсгэн, татварын системийг эрх зүйн хувьд төгөлдөржүүлж, цаасан мөнгө үйлдвэрлэн, усан замаар худалдаа хийж, бичгийн мэргэдийн хүрээлэн хүртэл байгуулсан гавьяатай хүмүүн билээ, тэр.
Тиймдээ ч Хубилай хааны төр жолоодох ухаан, соёл, бичгийн боловсролыг дэлхийн эрдэмтэд өндрөөр үнэлж, түгээн дэлгэрүүлсээр ирсэн байдаг. Монголын түүхийн дундаж үеийн бүхий л сурвалж бичигт түүнийг ухааны дээд ухаан, сэцэн хэмээн өргөмжилсөн байдаг. Түүхч, академич С.Нацагдорж “Хубилай бол дэлхийн хэмжээний хаан.
Тэрбээр өрнө, дорныг холбосон нүүдэлчин, суурин иргэншилтэй овог, аймгуудыг хослуулан удирдаж байсан” гэсэн бол АНУ-ын монголч эрдэмтэд “Хубилай хааны ололтыг үгүйсгэж болохгүй. Амьд ахуйдаа гаргасан амжилт нь үеийн үед цуурайтах алдар сууг түүнд авчирсан. Тиймээс их хааны гавьяаг үеийн үед мартаж үл болно” гэж тэмдэглэжээ.
Засгийн газар Хубилай хааны мэндэлсний түүхт ойг энэ сарын 24 хүртэл тэмдэглэж, олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн. Монголын үндэсний музейд “Хубилай сэцэн хааны өв” нэртэй үзэсгэлэн өчигдөр нээж, бүтэн сарын турш хүүхэд, залууст үнэгүй үзүүлэхээр зэхсэн байна. “Хубилай хааны өвийг Юань улсын үеийн Монголын соёлоор харуулахыг зорилоо
Тус улсын үеэс эдүгээ хүртэл уламжлан ирсэн түүх, археологи, соёлын өв, олдворуудаас 300 орчим хосгүй үзмэрийг дээжлэн дэлгэсэн” гэж Монголын үндэсний музейн захирал Д.Сүхбаатар ярив. Мөн “Хубилай сэцэн хааны тэнгэрт өргөсөн бичиг” нэртэй номын нээлт, олон улсын хөөмэйн баяр ҮДБЭЧ-д болов.
Цаашид шувуулахуй, хөгжим, урлагийн цэнгүүн, олон улсын эрдэм шинжилгээний хурал, чуулган зохион байгуулж, Хубилай хааны талаар өгүүлсэн 10 боть ном, роман хүртэл хэвлэж, олонд түгээх юм байна. Тэгэхээр ирэх өдрүүдэд их хаанаар “амьсгалах нь”.
О.БАТ-УНДРАХ